"Сумын эмнэлэг өвчтөнийг намаар ялгаж, хөөсөн тохиолдол гарсан"

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

"Сумын эмнэлэг өвчтөнийг намаар ялгаж, хөөсөн тохиолдол гарсан"

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсч байна. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан. Тус хуулиар Комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүдийг томилгооны сонсгол зохион байгуулж, сонгон шалгаруулахаар заасан.

Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж заасан юм.

Нэр дэвшигчидтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль өнгөрсөн хавар батлагдсан. Тухайн үед би Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн сонгон шалгаруултын журмыг нь мөн байнгын хороогоор баталсан. Парламент өөрөөсөө томилдог албан тушаалтныг анх удаагаа нээлттэй сонгон шалгаруулт хийе гэсэн зорилго агуулсан. Нээлттэй сонгон шалгаруултад ирүүлсэн анкетуудыг харахад шинэ жишиг болохуйц боллоо гэж харж байна. Аль нэг байгууллагын төлөөллийг парламент ёсчилдог бус Их хурал сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж, тухайн болзол шаардлагыг хангасан хүн нь нэрээ өгдөг, анкетын баг ажиллаж, эцэст нь сонгон шалгаруулалтыг нууц санал хураалтаар олонхын саналаар шийдвэрлэдэг  энэ шалгаруулалт парламентын түүхэнд жишиг болно. Хэн нэгний нөлөөллөөр тухайн албан тушаалд очих нь эргээд л тухайн хүндээ үйлчилдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд бүгд  харагдсан. Томилгооны сонсголыг мөн хийдэг баймаар байна. Хууль бус зүйлд нэр холбогдож байсан хүмүүс томилгооны сонсголд орохоос ичээд, орохгүй. Удахгүй шүүхийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаар төсөлд тусгасан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Жендерийн  тэгш байдлыг хангасан томилгоо болж байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн томилгоо олон улсад ч гэсэн жишиг болно. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд нэр дэвшигчид өнгөрсөн хугацаанд гарсан хүний эрхийн зөрчилтэй асуудлууд мөн үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллаж, хүний эрхийг хангахад хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна.

 УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг дараа нь оруулж ирэх юм уу. Та нар ажлаа хийж чадвал Хүний эрхийн үндэсний комиссын хүчтэй байгууллага байх ёстой. Жилдээ нэг удаа УИХ-д тайлангаа тавих үедээ сенсацтай мэдээ ярьж УИХ-аас баахан тогтоол гаргуудаг. Тэр дагуу хийсэн ч юмгүй мартаад явдаг ийм л хэлбэр өнгөрсөн хугацаанд бий болсон. Хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд санаачлагтай ажиллах л хэрэгтэй. Ялангуяа орон нутагт эрх, үүргээ ч мэдэхгүй тохиолдлууд бий. Чи энэ намыг дэмждэг учраас хэзээ ч үзэхгүй гээд сумын эмнэлэг нь хөөгөөд явуулсан тохиолдол хүртэл бий. Эмнэлгийн хаалгаар орох эрхгүй байна. Сумын нийгмийн даатгалынхан ажлаа мэдэхгүйгээс хүмүүс боломжоо алдаж байна. Эмнэлгийн шалтгаанаар цэрэгт явах боломжгүй байтал нь мөнгө авч хүчээр хааж байна. Энэ мэт асуудалд орон нутагт сайн ажиллаарай. Б.Содномдаржаа нарын хүмүүсийн асуудал юу болсон бэ. Ярьдаг хэдэн гишүүд нь УИХ-д орж ирээгүй. Өмнөх УИХ-д аймшигтай эрүүдэн шүүлт болсон л гэж ярьж байсан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний гол ажил нь хорих төв болон шүүх дээр ажиллах. Тэр  хүнийг өнөөдөр оруулж ирэхгүй сугалаад авч үлдсэн нь ямар учиртай юм бэ. Үүнд тайлбар өгөөч.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийн сонгон шалгаруулалтад дөрвөн хүн материлаа ирүүлсэн. Нэг хүн нь томилгооны сонсголд ирээгүй учраас журмын дагуу хасч гурван хүн үлдсэн. Сүүлийн буюу долоо дахь шатанд ажлын хэсэг санал хураалт явуулахад нийт гурван хүний нэг нь хоёр санал, нөгөө хоёр нь санал аваагүй. Ажлын хэсгийн гишүүдийн 50 хувиас дээш санал аваагүй учраас Хууль зүйн байнгын хороо сонгон шалгаруулалтыг дахин зарлах байх.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа хийгдсэн том хууль болох Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчлэлт. Энэ хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол ажлаас огцруулах үндэслэл болно гэж оруулсан. Ингэснээр Хүний эрхийн үндэсний комисс 20 жилийн дараа хоёр дахь үе шатандаа орж байна. Сонгон шалгаруулалтын шинэ тогтолцоог нэвтрүүлж байна. Мэргэжлийн хүмүүс орж ирлээ. Таван нэр дэвшигчийг дэмжиж байна. Сайн баг болж ажиллаарай. УИХ болон Хүний эрхийн дэд хороотой ойр ажиллаарай.

УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:

Ирэх 20 жилд хүний эрх ямар хэмжээнд байх уу гэдэг нь өнөдөр орж байгаа гишүүдээс ихээхэн хамаарна. Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байгаа. Албан тушаалтны ёс зүй, хэм хэмжээ алдагдаж байгааг хүн бүхэн мэднэ. Хүнийн эрхийн комисс өөрөө хүний эрхийн ажлаа хийж чадахгүй байгаа нь харагддаг шүү. Яагаад зарим хүмүүсийг хасаад оруулаад ирэв. Энэ нь хүний эрхийг хангаж байгаа юм уу. Эндээс л эхлэх ёстой. Ажлын хэсэг ажиллаж чадсан уу. Сонгон шалгаруулалт ил тод нээлттэй болж чадсан уу. 19 хүн материалаа өгснөөс тавыг нь сонгосон юм байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг дараа нь оруулж ирэх юм уу. Өнөөдрийг хүртэл эрүүдэн шүүсэн асуудлаар  үнэн худал нь мэдэгдэхгүй юм яригддаг.  Аль нь үнэн яриад байгааг нийгэм ч ялгахаа байлаа.

АЖЛЫН ХЭСЭГ:

Сонгон шалгаруулалтад нийт 24 хүн материлаа ирүүлснээс материалын шаардлага хангаагүй таван хүнийг хасч 19 хүнийг оролцогчоор бүртгэсэн. Хүний эрхийн комиссын хуульд хамгийн өндөр оноо авсан хүнийг сул орон тоо гарснаар оруулж ирнэ гэсэн заалттай. Энэ дагуу ажлын хэсгийн үүрэг  хэдэн сул орон  тоо байна тэр тоогоор нь нэр дэвшигчийг оруулж ирэх хуультай. Сонгон шалгаруулалт нээлттэй явагдсан. 30 хоногийн хугацаанд зарлаж, материалыг хүлээн авсан.

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-нд мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч, судлаач Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид

Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.

Хуульч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж