Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас хөнгөлөлттэй эмийн талаар өнөөдөр /2020.11.03/ мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: Өчигдрөөс хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Зарим хүндрэлүүдийн улмаас саатал үүссэн. Одоо засаад явж байна. Энэ хөнгөлөлттэй эм бол өмнөх шиг дуусдаг эм биш. Санхүүжилт дуусах асуудал байхгүй учир иргэд та бүхэн ойлгоорой. Эм нь дуусаагүй бол сарын эхээр дугаарлаж, зогсох хэрэггүй. Урьд нь 3000 гаруй эмч жор бичдэг байсан бол одоогоор 6500 гаруй эмч бүртгэгдээд байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг олон аргачлалаар судалж гаргасан. Монголд байгаа 5000 гаруй эм бүгд орох боломжгүй. Мэдээж зарим эм хасагдсан. Гэхдээ бид аргачлалдаа тааруулж жагсаалтаа гаргасан. Бид эмийн дээд үнийг эмийн сангуудын e-barimt дээр үндэслэн тогтоосон. Ийм учраас энэ бол бодитой үнэ. Амбулаториор эмчлэх, хянах боломжтой эмүүдийг жагсаалтад оруулсан.
Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Х.СУВД-ЭРДЭНЭ: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад жор бичих эмч нарын A, B, C, D гэсэн ангилал гаргасан. Үүний тусламжтайгаар анхан шатны эмнэлгийн эмч нар болон хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нарын бичих эмийн жагсаалтыг заагаад өгсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зайлшгүй шаардлагатай даралтны эм зэргийг бичих боломжтой болгосон.
ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.БАТ-ОРГИЛ: Цахим систем маань өчигдрөөс эхлэн шинэ хувилбараар ашиглагдаж байна. Өмнөх жилүүдэд иргэний хурууны хээг ашигладаггүй байсан. Өмнө нь иргэд өөр хүний регистрийн дугаарыг ашиглаад эм бичүүлдэг байсан. Одоо төсөв хязгааргүй болсон учир энэ үйлдэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж хурууны хээн технологи нэвтрүүлсэн. Хурууны хээгээр өөрийгөө баталгаажуулж, жороо бичүүлэх болж байна. Одоогоор бидэнд эмнэлгийн байгууллагуудаар явж, хурууны хээгээ уншуулах боломжгүй нийслэл болон орон нутгийн нийт 19600 гаруй иргэний бүртгэл байна. Хэрэв та энэхүү бүртгэлд байхгүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ хандаарай. Одоогоор хөдөө орон нутгийн жор бичих боломжтой эмч нарын бүртгэл бүрэн ирээгүй байна. Одоогоор 6500 гаруй эмчийн жор бичих эрх нээгдээд байна. Цааш цаашдаа нэмэгдэнэ. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд жор бичих эрхтэй 11 мянган эмч байсан.