Алтны үнэ Байден ялвал өсч, Трамп ялвал эрс буурах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Алтны үнэ Байден ялвал өсч, Трамп ялвал эрс буурах төлөвтэй байна

Алтны үнэ Байден ялвал өсч, Трамп ялвал эрс буурах төлөвтэй байна

Covid-19-ийн тархалтын энэ үед дэлхийн улс орнуудын эдийн засагт тодорхойгүй байдал, эрсдэл нэмэгдэж буй нь алтны үнэ цэнээ хадгалах шинжийг улам тодотгон өгч байна.

Бид “Дэлхийн эдийн засаг" буландаа энэ удаа алтны үнэ ханш, ирээдүйн төлвийн талаарх мэдээллийг онцоллоо.


Covid-19-ийн улмаас хувьцаа, бонд, таваарын гэх мэтчилэн цохилт аваагүй зах зээл үгүй. Энэ нь хөрөнгө оруулагчдад эзэмшиж буй хөрөнгө оруулалтаа түргэн хугацаанд бэлэн мөнгөнд хөрвүүлэх өдөөлт болсныг шинжээчид онцолж байна. Үүний нөлөөгөөр алтны ханш өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас зургаан өдрийн дотор 120 ам.доллароор унаж, 1451 ам.долларт хүрч байв. Үүнээс улбаалан үнэ цэнээ хадгалах хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж эхэлсэн бөгөөд алтны ханш аажмаар өссөөр өнгөрсөн долдугаар сарын дунд үед 1800 ам.долларт хүрсэн билээ.

АНУ, Хятадын харилцаа хурцадсан нь тогтвортой өсч байсан алтны ханшийг 1800 ам.доллараас түүхэн дээд үнэ буюу 2075 ам.доллар хүртэл огцом өсөхөд хүргэсэн. Гэвч ханш үргэлж өсөөд байхгүйг өнгөрсөн наймдугаар сарын 7-нд гарсан АНУ-ын ажилгүйдэл буурсан мэдээ зарлагдсаны дараахь хоёр хувийн уналт, наймдугаар сарын 11-нд зарлагдсан ОХУ-ын вакцин батлагдсан мэдээллийн дараахь дөрвөн хувийн огцом уналтууд харуулж байв.

Алтны ханш дунд болон урт хугацаандаа түүхэн дээд ханшаасаа унах магадлал өндөр байгаа юм.

Эдийн засгаас хамаарсан хүчин зүйлээс гадна ханшид нөлөөлөх бас нэгэн чухал үйл явдал нь маргааш (2020.11.04) болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль. Сонгуулийн үеэр улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор АНУ, Хятадын харилцаа илүү хурцадвал алтны ханш өснө гэж шинжээчид таамаглаж байна. АНУ-д цар тахлын тохиолдлын тоо эрчимтэй өсч, сонгуулийн санал хураалттай холбоотой тодорхойгүй байдал нэмэгдэж буйн улмаас ам.долларын ханш чангарч, алтны үнэ буурчээ.

“HSBC Securities” мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуустал алтны үнэ ихээхэн савлагаатай байх нь. “Saxo Bank” АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялж, Сенатад Ардчилсан нам олонх болбол алтны үнэ өсөх төлөвтэй, харин Бүгд Найрамдах нам Сенатад олонх хэвээр үлдвэл алтны үнэ эрс буурч магадгүй гэж таамаглажээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт алтны фьючерс үнэ 1879.2 ам.долларын түвшинд хүрсэн бол Даваа гаригт унц алтны спот үнэ 1881.24 ам.доллар болж, үнэ нь бага зэрэг сэргэсэн байна.

Европт Covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэний дараа ам.долларын ханш чангарч, алтны үнэ сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүрчээ. Тухайлбал, Германы Канцлер Ангела Меркель хөл хорионы дэглэмээ чангатгахаа мэдэгдсэний дараа “Bloomberg”-ийн ам.долларын индекс сүүлийн таван долоо хоногийн дээд дүнгээр өссөн байна.

Монгол Улсын хувьд алтны экспорт гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн бүрдүүлэлтэд алтны эзлэх хувь өссөөр байгаа юм. Тухайлбал, 2019 онд дунджаар ГВАН-ийн 21.9 хувийг мөнгөжсөн алт бүрдүүлж байсан бол тус үзүүлэлт 2020 оны эхний хагасын байдлаар 30.4 хувь болж өссөн үзүүлэлттэй байна.

Төв банкны хувьд энэ онд 21 тонн үнэт металл худалдаж авснаар валютын нөөцийг 1.2 тэрбум ам.доллароор өсгөх тооцоо хийсэн. Валютын нөөцийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сарын эцэст гурван тэрбум 697.8 сая ам.доллар хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Төв банкинд тушаасан үнэт металлын хэмжээ 18.9 тонн хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс долоон тонноор илүү үзүүлэлт юм.

Төв банк алтны компаниудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгож байгаа билээ.

Эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд алтны ирээдүйн төлөв байдлын талаар ялгаатай хүлээлттэй байгаа юм. Тухайлбал, 2021 оны сүүлийн улирал гэхэд ханш одоо байгаагаасаа өсч, 2300 ам.доллар хүрнэ гэсэн хүлээлттэй байгууллага байхад зарим банкны хувьд 1683 ам.доллар хүрч унана гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

Дэлхийд томоохонд тооцогдох нийт 15 санхүүгийн байгууллага ирэх оны сүүлийн байдлаар алтны үнэ 1900 ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: BLOOMBERG, BUSINESS TODAY, MONGOLBANK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж