Их Британийн Sun сонинд Жонни Деппийг хуучин эхнэр Амбер Хирдийг үргэлж хүчирхийлдэг байсан гэх нийтлэл энэ оны эхээр гарсан билээ. Харин Жонни Депп нийтлэлийг үгүйсгэж, сонины нийтлэлчийг шүүхэд өгсөн боловч заргаа авч чадалгүй ялагджээ. Тэрбээр сонины редакц болон сонины эрхлэгч Дан Вүттоныг худлаа мэдээ нийтэлж, өөрийг нь гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан хэмээн шүүхэд дуудсан юм. Гэвч Их Британийн дээд шүүх өчигдөр/2020.11.2/ сонины талд шийдвэр гаргасан байна.
Учир нь сонины өмгөөлөгч нар Деппийг эхнэрээ зодож, биед нь хохирол учруулж, сэтгэл зүйн дарамтанд байлгадаг байсан хэмээн гэрэл зураг, дуу бичлэг, Деппийн бичсэн зурвасууд гэх мэт хангалттай олон баримтаар нотолжээ.
Депп өмнө нь шүүх хурал дээр согтууруулах ундаа, хар тамхины урт хугацааны хамааралтай байснаа хүлээн зөвшөөрсөн ч ухаангүй үедээ эхнэрээ хүчирхийлсэн байх боломжгүй хэмээн мэдүүлж байсан билээ. Гэвч шүүгч Эндрью Никол өчигдөр/2020.11.2/ Sun сонины нийтлэл үнэн байсан хэмээн шийдсэн аж. Тэрбээр “Би Жонни Деппийн хүчирхийллийн 14 тохиолдлын талаар нотлох баримтуудыг нарийвчлан шалгасны үндсэн дээр уг шийдвэрт хүрлээ” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ