ДЭМБ-ын захирал, доктор Тедрос Адханом Гебрейесус covid-19 цар тахлын эсрэг тэмцэж буй Монгол Улсын амжилтыг магтан сайшаажээ. Тэрбээр өөрийн твиттертээ “Цар тахлын эсрэг амжилттай тэмцэж буй Монгол Улсад баяр хүргэе. Эв нэгдэлтэй байж, цар тахлын үеийн зөвлөмжийг чандлан сахиснаар хэрхэн халдварын тархалтыг зогсоож болохыг харуулж буй Монголын ард иргэдэд баярлалаа” хэмээсэн байна.
ДЭМБ-аас Монгол Улсын covid-19 халдвартай тэмцэж, хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийснээ өчигдөр /2020.11.02/ дэлхий нийтэд танилцуулсан юм. Уг баримтат кинонд Монгол Улс ийнхүү цар тахалтай амжилттай тэмцэж буйн гол хүчин зүйл нь эрт үеийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, салбар хоорондын уялдаа юм гэдгийг онцлоод энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэйг өгүүлсэн байна.
Дэлхий даяар covid-19 халдвар авсан хүний тоо 47 сая даваад байгаа бол уг өвчний улмаас нас барсан хүний тоо 1,2 саяд хүрсэн байна. Халдвар авагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тархалт эрчимжиж байгаа тул дэлхийн олон улс орнууд хорио цээрийн дэглэмээ дахин чангатгаж эхлээд байгаа юм. Монгол Улсын хувьд 350 хүн халдвар авсан ба тэдгээр нь бүгд гадаад улсаас эх орондоо ирсэн хүмүүс билээ. Одоогийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн 89 хувь нь эдгэрсэн, нэг ч хүн нас бараагүй амжилттай байна.
Холбоотой мэдээ