ЦАГ АГААР: Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

ЦАГ АГААР: Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна

ЦАГ АГААР: Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн дарга Г.Баясгалангаас арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар тодрууллаа.


-Сайхан намаржиж байна уу. Зарим хүмүүс энэ жил хүйтэн намар болж байна гэх юм. Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв яаж гарсан бэ?

-Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс намрын цаг агаарын урьдчилсан төлөвийг есдүгээр сард гаргасан. Энэ төлөвт аравдугаар сарыг олон жилийн дунджаас хүйтэн болон дунджийн орчим байна гэж урьдчилан таамагласан. Ялангуяа Их нууруудын хотгор, Хэнтийн нуруу болон Дорнод Монголын хойд талаар хүйтэн байна гэсэн төлөвийг гаргасан.

Харин арваннэгдүгээр сард сарын дундаж агаарын температурын хувьд Их нууруудын хотгор, Хангайн болон Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.

2020 оны арваннэгдүгээр сарын 1-нд ирсэн бодит ажиглалтын мэдээгээр аравдугаар сарын агаарын дундаж температур 1.2-2.1 градусаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байв. Аравдугаар сарын эхний 20 хоногт Монгол орны ихэнх нутгаар хүйтэн байсан боловч сүүлчийн 10 хоногт харьцангуй дулаан байсан нь зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим болох нөхцлийг бүрдүүлсэн. Бодит байдал дээр сарын ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн байсан.

-Тэгвэл хур тунадасны хувьд?

-Алтайн нурууг дагасан газар нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Харин Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байгаа. Бид урьдчилсан мэдээнд сарыг гурван арав хоногт хувааж тус бүрийн эх, дунд, сүүл гэсэн үеүдэд өдөр цас орох эсвэл хур тунадас орох магадлал байгаа эсэхийг ард иргэдэд хүргэхийг зорьдог. Сарын урьдчилсан мэдээгээр арваннэгдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд, цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхээр буюу 11-13-ны өдрүүдэд  өмнөх үеэсээ дахин хүйтэрч ихэнх нутгаар цас орох төлөвтэй байгаа.

Бид тодорхой цаг хугацааны өмнө хэлж байгаа учраас ганц хоёр хоногийн өмнө, хойно тохиолдох магадлал бий. Тиймээс тав хоногийн нарийвчилсан цаг агаарын мэдээгээ харж, тодорхой мэдэж аваарай.

-Урьдчилсан мэдээгээр арваннэгдүгээр сард байгалийн гамшигт үзэгдэл болох уу?

– Сар, улирлын урьдчилсан төлөвөөр цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилж тооцоолох боломж маш бага байдаг. Учир нь гамшигт үзэгдэл нь харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг цаг уурын үзэгдэл. Энэ жилийн аравдугаар сард зүүн аймгуудын гурван станцад  хоногт орсон нийлбэр хур тунадасны хэмжээ 2-3 өдөр түүхэнд тэмдэглэгдсэн их утганаас эвдэгдсэн. Температурын хувьд Улаанбаатар хот, Дундговь, Дорноговь аймгийн зарим нутгаар хоногийн хамгийн бага температур 1-2 хоногоор эвдэгдсэн тохиолдлууд ажиглагдсан. Жишээлбэл, 2020 аравдугаар сарын 1-31-ийг хүртэлх өдөр бүрийн хамгийн бага, их температур болон нийлбэр хур тундасны утгыг  тухайн станцад ажиглалт хийж эхэлснээс өмнөх он хүртэлх ажиглалтын мэдээнээс олсон экстермаль утгуудтай харцуулж өдөр болон станцын тоог олдог гэсэн үг.

-Цаг уурчид цаг агаарыг шинжихдээ уламжлалт аргыг ашигладаг уу?

-Цаг уурчид мэдээ гаргахдаа уламжлалт аргыг ашигладаггүй. Ер нь од гаригийн байрлал, сарны хэлбэр цаг агаарт тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Сар, нарны  дэлхийтэй харилцан үйлчлэх хүчний нөлөөгөөр агаар мандал дахь орчил урсгал деформацид ордог онолын хувьд ойлгомжтой. Нэг жишээ гэвэл далайн таталт түрэлт нь сарнаас хамаардагийг ялангуяа далай тэнгист ойр байдаг ард түмэн мэддэг.

Монголын ард түмэн олон зуун жилийн туршид сар болон оддын байрлал, тэдгээрийн харагдах байдлыг ашиглан цаг агаарын байдлыг урьдчилсан таамаглаж амьдрал ахуйдаа өргөн ашиглаж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод уламжлалт арга нь бодит амьдрал дээр таарч тохирохгүй тохиолдлууд гардаг.

-Монгол орны намрын улирал ямар онцлогтой байдаг вэ?

-Бид ерөнхийдөө ес, арав, арваннэгдүгээр сарыг намрын улирал гэж тооцдог. Агаарын хоногийн дундаж температур тогтвортой хасах градус руу орох үеийг намрын төгсгөл гэж үздэг. Олон жилийн дундажаар арваннэгдүгээр сарын 10-наас хойш ихэнх нутгаар агаарын температур хасах градуст шилждэг. Монгол орон өргөн уудам нутагтай учраас хасах градус руу орох хугацаа харилцан адилгүй байдаг

Монгол орны хувьд хавар, намарын улиралд туйлын хүйтэн, тропикийн дулаан агаарын шилжилтийн бүсэд байрладаг. Үүнтэй холбоотойгоор хавар, намар салхи ихтэй, агаар тогтворгүй байдаг. Зарим жил намрын улиралд их хүйтэн, заримдаа дулаан жил болдог нь дулаан, хүйтэн агаарын массын аль нь зонхилохоос хамаардаг. Өөр нэг онцлог бол Монгол далай тэнгисээс алслагдсан улс учраас намар, хавар, өвлийн улиралд хур тунадасны хэмжээ бага байдаг.

-Дэлхийн дулаарал Монгол орны намрын улиралд нөлөөлж байгаа юу?

Одоогийн мэдэгдэж байгаагаар Хойд туулын мөсөн бүрхүүл дэлхийн дулаарлаас болж нэлээд багасч байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим газруудад мөсөн бүрхүүлтэй байсан газар хайлсны улмаас усан гадарга бий болсон, ялангуяа Атлантын далайн хойд хэсэг. Энэ нь далайн эх газрын хоорондох харилцан үйлчлэлд нөлөөлж байгаа, гэхдээ агаар мандлын орчил урсгалд итгэл үнэмшилтэй өөрчлөлт гарсан гэдгийг Дэлхийн эрдэмтэд албан ёсоор тогтоогоогүй байна.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж