Дээшээ МАН хол, доошоо АН хатуу!

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Дээшээ МАН хол, доошоо АН хатуу!

Дээшээ МАН хол, доошоо АН хатуу!

Ерөнхийлөгч Х.Баттулгын  Монгол-Японы хамтын ажиллагааг хариуцсан бие төлөөлөгчөөр гурван жил ажилласан Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн нэг нүүдэл байв. Харин  Ерөнхийлөгч түүнийг  явуулсан уу, аль эсвэл Ерөнхийлөгчөөс Асашёорюү явсан уу.

Хэрвээ Ерөнхийлөгч Асашёорюүг “түлхсэн” бол Улсын циркийг тойрсон хэрүүл шуугианы ард Х.Баттулга өөрөө байсан байж таарах нь.  Гэхдээ энэ таамаглал бодит байдалтай нийцэхгүй. Эсрэгээрээ Асашёорюү өөрөө Х.Баттулгаас “зугатсан” бол тэр анд нөхрөө биш ашиг сонирхлоо сонгосон гэсэн үг.  Энэ таамаглал үнэнд илүү нийцнэ.

Бардам, дур зоргоороо зантай Д.Дагвадоржийн эмзэг цэг дээр хатгаж, Х.Баттулгыг буланд шахах нүүдлийг гагцхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон эрх баригч намын дарга хийж чадна. Соёлын сайд С.Чулуунаар дамжуулсан “Улсын циркийн менежментийн хувьчлалыг эргэж харна” гэх анхааруулга бол үнэндээ Улсын циркийг буцааж аваад орох оронгүй, гудамжинд гарсан циркчдэд өгнө гэсэн үг биш байв.  Улсын циркийн асуудал ердөө улс төрийн тоглоом байсан юм. Д.Дагвадорж өргөдлөө өгсөн, Улсын циркийн хувьчлал зөв буруу байсан тухай хэрүүл, талцал удахгүй таг чиг болно.

Аль ч талаас нь харсан ганцхан дүгнэлтэд хүрч буй нь  үүрдийн нөхөр ба дайсан байдаггүйг өнөөдөр Асашёорюүгийн сонголт нотлож байна. Үнэндээ Д.Дагвадоржийн хувьд  үе, үеийн Ерөнхийлөгч нартай ах дүү, анд нөхөд мэт явж байгаад “жийдэг” нь гэм биш зан. Тиймдээ ч Ерөнхийлөгч  Х.Баттулга ба сүмогийн их аварга хоёрын эрх ашиг холдох нь цаг хугацааны  асуудал байлаа.

Үндсэндээ, Х.Баттулгатай үй зайгүй явсан хүмүүсээс хэн урваж, хэн үлдэх нь  ердөө жил хүрэхгүй хугацаанд танигдана.  Ялсан хүн олон найзтай болдог, ялагдсан хүн жинхэнэ найзтайгаа үлддэг нь жам юм хойно.

Өнгөрсөн Лхагва гаригт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульч Х.Батхүлэгийн нэрийг оруулж ирснийг МАН-ын гишүүд эсэргүүцэж, хойшлуулах санал гаргасан.  УИХ-ын гишүүн Б.Энхбаярын  “Чоно борооноор гэгчээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэгдэж гарахаас  хуулийн шаардлага хангахгүй хүнийг оруулж ирж байна” гэх үг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярт биш Ерөнхийлөгч Х.Баттулгад  хаягласан анхааруулга болох нь ойлгомжтой.  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг томилдог, сольдог асуудлыг  хязгаарлахын тулд Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтсан. Өөрөөр хэлбэл, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Шүүхийн тухай хуулийг үнэмлэхүй олонх шинэчлэн батлахаар зорьж буй юм.

Тиймээс хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Улсын дээд шүүхэд өөрийн хүнээ шургуулах оролдлого хийлээ гэж Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг хардаж, хариу арга хэмжээ авсан нь энэ аж.

Мэдээж, ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Х.Баттулга МАН-ыг дотроос нь хагалах ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн. Хоёрдугаар ээлжийн хоолонд орж чадаагүй хоосон үлдэгсэд, гомдогсод МАН-д зөндөө бий. Ийм шалтгаанаар М.Энхболдоос урвасан хүмүүс У.Хүрэлсүхээс урвахад ч бэлэн байгаа.  Тэднийг ашиглаад улс төр хийж чадвал ядаж л МАН-ыг муухай харагдуулж, цаашлаад У.Хүрэлсүхийн засгийг унагааж, үнэмлэхүй эрх мэдлийг нь хязгаарлана гэж Ерөнхийлөгч тооцсон биз.

Гэхдээ түүхэнд нэрээ үлдээх том амбицтай У.Хүрэлсүхийн хувьд намынхаа зуун жилийн ойн сюрипиз болгож 2009, 2013, 2017 гээд дараалан гурван удаа ялагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа ялалт авчрахыг хүсч буй нь тодорхой.

Харин Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох хүсэл байвч нэгд, намаас нь нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй. Хоёрт, өнгөрсөн тавдугаар сарын 25-наас улс орон даяар мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулиар түүний дахин нэр дэвших боломжийг хязгаарласан. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар “Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой” гэж тухайн үед мэдэгдэж байсан ч одоо тэдний үгэнд хэн орох билээ дээ, галт тэрэг хэдийнээ хөдөлсөн.

Өнгөрсөн гурван жил У.Хүрэлсүхтэй хавсайдаж, Л.Болд, Ж.Батзандан нарыг ашиглаад Ардчилсан намыг хагалан бутаргаж, толгойтой болгонд шошго хадаж, шоронд суулгасан Х.Баттулга өнөөдөр хамгийн их ганцаардсан улстөрч болжээ. Энэ өнцгөөс харвал түүнд дээшээ МАН хол, доошоо АН хатуу болчхоод байгаа ч биз. Тэгээд ч Ардчилсан намд алхаж орох нэр нүүр Х.Баттулгад үлдсэн болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж