Захаа нүүлгэж дийлээгүй төр их сургуулиа нүүлгэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Захаа нүүлгэж дийлээгүй төр их сургуулиа нүүлгэж чадах уу?

Захаа нүүлгэж дийлээгүй төр их сургуулиа нүүлгэж чадах уу?

Засгийн газар Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, автомашины түгжрэлийг сааруулахын тулд ирэх жилээс төрийн өмчит сургуулиудыг орон нутаг руу нүүлгэх нь ээ.

Эхний ээлжинд ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, араас нь  ШУТИС-ийг  “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн шилжүүлэх аж.

Цаашлаад арван жил дотор багтаан Ховд, Дорнод аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулийг шилжүүлэх бодлогыг Боловсрол, шинжлэх ухааны яам барьж буй нь МУБИС, АШУҮИС ч мөн орон нутаг руу нүүнэ гэсэн үг юм.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын мэдээлснээр бол МУИС-иас бусад төрийн өмчит сургуулиудыг аймгууд руу нүүлгэх нь. Гэхдээ их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр багш нар нь дагаад явна гэх баталгаа алга. Нүүх үү, үлдэх үү гэдэг сонголтын аль нэгийг хийх шаардлага тулгарч байна. Багш нараас энэ асуудлаар судалгаа аваагүй байгаа ч олонх нь гэр бүлээ тэргүүнд тавьж, Улаанбаатар хотдоо үлдэх сонголт хийж мэдэхээр буй. Дээрх тохиолдолд төрийн өмчит сургуулиуд багшийн хомсдолд орж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит их сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх тухай ярихаас илүүтэй орон нутагт шилжүүлсэн сургуулиудаа төр хэрхэн “амийг нь таслалгүй” авч үлдэх вэ гэдэг бодлого боловсруулахад  хүргэж мэдэх аюул байна.

Нөгөө талдаа их сургуулийг нүүлгэнэ гэдэг асар өндөр зардалтай ажил. Арав гаруй жилийн өмнө С.Батболдын Засгийн газар их сургуулиудыг нийслэлийн Багануур дүүрэгт шилжүүлэх шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажилласан ч эцэстээ мөнгөний өмнө хүчин мөхөстсөн. Нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах тооцоо гарсан байдаг.

Гэхдээ Багануур дүүрэг нь Улаанбаатар хоттой хаяа залгаа, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймагтай харьцуулшгүй хамгийн ойр зайд байрладаг. Их сургуулиудын хотхоныг цогцолбороор байгуулахад дэд бүтцийг шийдэхэд хамгийн боломжит газар гэж үзэн анхны шийдвэр гарсан байдаг. Харин одоогийн Засгийн газар салбар сургуулиудад түшиглэн их сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх нь  хөрөнгө оруулалтын зардлыг бууруулна гэж тооцсон бололтой. Гэхдээ шинээр сургууль байгуулдаггүй юм гэхэд ядаж л хичээлийн байрыг нь өргөтгөж таарна. Энэ тохиолдолд бага хөрөнгө оруулалт зарцуулах тооцоо гарч болох ч худалдааны төвүүдээ нийслэлийн зах руу нүүлгэж чадалгүй хэдэн жил ноцолдож буй төр их сургуулиудаа аймгуудад шилжүүлж чадах уу гэдэг эргэлзээ дагуулсаар байна.

Жишээ татвал, таван жилийн өмнө техникийн захыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд шилжүүлэхээр болж, Авто худалдааны цогцолбор байгуулсан ч өнөөдөр байгууламж нь  хоосон л байна. Зуун айл дахь барилгын материал үйлдвэрлэлийг Налайх дүүрэг рүү  шилжүүлэх бодлогыг хотоос барьж,  Үйлдвэр технологийн парк байгуулсан ч бас л тэнд үйлдвэрлэлээ шилжүүлсэн нь цөөн.

"Нарантуул" худалдааны төвтэй хаяа залган байрлах “Өгөөмөр” авто техникийн захыг нүүлгэх шаардлагыг оршин суугчид хэдэн жилийн өмнөөс тавьсан ч бас л өнөөдрийг хүртэл буурин дээрээ л байна.

Наймаачид Улаанбаатар хотоос явахыг хүсдэггүй шалтгаанаа “Худалдан авагч нараасаа холдмооргүй байна. Хэрэв бид эндээс нүүж, хотын захад байгуулсан Авто цогцолборт очвол зарж буй сэлбэг хэрэгсэл, бараа материалын үнэ өснө. Эсвэл бизнес маань дампуурна” гэдэг асуудлыг  хөндөж тавьсаар ирсэн.

Иймээс төр их сургуулиудыг орон нутаг руу шилжүүлж,  хүн амын төвлөрлийг сааруулан, түгжрэлийг бууруулна гэж дэвэхээс илүү сургалтын чанарыг нь сайжруулахад анхаарч, чанарын шаардлага хангахгүй их, дээд сургуулийг хааж, оюутан элсүүлэх босгыг өндөрсгөх нь илүү боловсролын ирээдүйг цогцоор харсан бодлого болж буух төдийгүй хүн амын төвлөрөл, түгжрэлийг сааруулах бололцоо ч бүрдэх талтай.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж