МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна

МАН-ынхан албан тушаалын төлөө “хэмлэлдэж” байна

Төрийн мөнгө, төсөв, татвар төлөгчдийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг төрд улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд шахаа хийж байсан бичигдээгүй ч бодит жишиг өнөөдөр ч бий. Гэнэтхэн л Г.Ёндон сайд хүүхдийнхээ төлбөрийг төлүүлсэн юм биш, Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын үед л баахан “но” илэрч байгаа ч юм биш.

Энэ бол зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө МАН дотооддоо “хэмнэлдэж” байгаа хэрэг.

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдийнхээ дотоод болон гадаадын сургуульд сургах сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн, УИХ-ын гишүүд туслахынхаа ТББ-аар дамжуулж  “мөнгө угааж” татвараас чөлөөлөгдсөн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” номынхоо хэвлэлийн 25 сая төгрөгийн зардлыг улсын үйлдвэрээр даалгасан гээд олон асуудал өрнөж байна. Мэдээж татвар төлж байгаа, ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа хүмүүс, ард түмэнд энэ бүхэн “аймар” зүйл. Бидний төлсөн татвар хэн нэгэн даргын хүүхдийнх нь сургалтын төлбөр, унаж буй автомашиных нь төлбөр, массажны сандал болж байгаад харамсч, халагламаар.

Яг үнэндээ энэ бүхэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд байсаар ирсэн. Г.Ёндон сайдын хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн нь төрийн өмчит компаниудын, төрд эрх барьж байгаа намын томилгоогоор очдог дарга нарын бодит түүх. Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, ярьдаг утасны төлбөрөө, унадаг машинаа шатахуунтай нь, төрийн албан хаагчийн цалинг хэд нугалсантай тэнцэх хэмжээний урамшуулал гэж өөрсдийгөө шагнадаг, дөрвөөс дээш сая төгрөгийн цалин авдаг гээд тэдний эдэлдэг эрх, ямбыг дурдаад дуусамгүй. Үнэндээ Г.Ёндон сайдын хүүхдийн сургалтын төлбөрийн баримт “Эрдэнэт” үйлдвэрийн Х.Бадамсүрэн захирлын “өмнөтгөл”.

“Эрдэнэт” үйлдвэрт улстөрчид болон тэдний хамаарал бүхий компаниуд бараа, эд материал шахдаг байдал анхнаасаа байсан гэхэд хилсдэхгүй. Шударга ёсыг сахиулагч Ц.Нямдорж сайд асан хүртэл хүүхдийнхээ компаниар дамжуулан тус үйлдвэрт шахаа хийж байсан, З.Энхболдын дүүгийн компани интернетийн үйлчилгээ үзүүлсэн гээд нэрлээд байвал дуусахгүй.  Энэ бол ганцхан жишээ бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр лүү шахаа хийгээгүй, улс төрийн  дарамт үзүүлээгүй улстөрч үлдээгүй гэхэд болно.

Холбоотой мэдээ

Баримт: “Эрдэнэт” үйлдвэр ба улстөрчдийн шахаа

Баримт: “Эрдэнэт” үйлдвэр ба улстөрчдийн шахаа

“Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад хэн хэзээ хаана яаж хэрэглэх нь тодорхойгүй хэдэн сая ширхэг бэлгэвч, үсний хавчаараас өгсүүлээд сэтэрхий тэвнэ хүртэл шахсан байдаг тухай ч баримтууд ил болж л явсан. Үнэндээ “Эрдэнэт” үйлдвэр  улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг, хяналтаа тогтоох гэж улайрдаг талбар гэхэд хилсдэхгүй.  Ийм л гинжин урвалаар сүүлийн 20 гаруй жил замнаж ирсэн. Хэрвээ шахаас бүхнийг ил болгож, шамшигдуулсан хөрөнгө бүхнийг илчилбэл  холбогдоогүй улстөрч цөөн үлдэж мэднэ. Төрийн мэдлийн  гэсэн нэрээр үнэндээ улстөрчид, эрх мэдэлтнүүд хяналтаа тогтоож,  эрх мэдлээр далайлган, дур зоргоороо аашилж ирсэн нь үнэн. Дан ганц Эрдэнэт үйлдвэр гэхгүй төрийн өмчит үйлдвэрүүд, төрийн өмчит нэртэй бүх компаниуд ийм л зарчмаар ажиллаж ирсэн. Ямартай л төрийн өмчит компаниуд дээр улсын төсвийг хэд нугалах хэмжээний 32 их наядын хөрөнгө эргэлдэж, олсон орлого гэхээсээ илүү алдагдал, өр зээлтэй 70 гаруй төрийн өмчит компаниуд байх жишээтэй.

Сонгуульд ялсан нам нь Эрдэнэтэд, төрийн өмчит компаниудад хяналтаа тогтоодог, ялагдсан нь ээлжээ хүлээдэг бичигдээгүй зарчимтай. Ялагдсан нам нь сөрөг хүчин хийхээсээ илүү, ээлжээ хүлээдэг. Гэхдээ яг өнөөдрийн бидэнд ил болсон энэ баримтууд гарч ирж байгаа нь сайшаалтай. Цаашид ухвал хүрээний булайг дэлгээд дуусамгүй.

Гэхдээ эрх баригчид хуулийн зорилгыг, ард түмний хандлагыг буруу тийш нь өрж байна. Энэ бүх ил болсон баримт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан Шилэн дансны гэх алдартай хуулийн гавьяа болохоос МАН-ын утсан хүүхэлдэй, Б.Цогтгэрэлийн гавьяа биш юм шүү.  Тэгээд ч МАН-ынхан Б.Цогтгэрэлийг албан тушаал, эрх мэдэлдээ хүрэх зорилгоо болгож байгаа болохоос ард түмний төлөө, татвар төлөгчдийн мөнгийг харамласандаа лав биш байх. Үгүй бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН, Б.Цогтгэрэлтэйгээ хамт дугарахгүй, шилэн дансаа хөтлөөд,бурууд хатуу хандахгүй яасан юм бэ.

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг өнгөрсөн есдүгээр сард ажлаас нь чөлөөлөх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан. Гэвч тэгсгээд намжсан нь Х.Бадамсүрэнг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үлдээх улс төрийн тохиролцоонд хүрснийх байсан. Гэвч МАН дотор, У.Хүрэлсүхийн "шагнаагүй", албан тушаалгүй, бүр сонгуульд ч нэр дэвшүүлээгүй үлдсэн гомдогсод ийн "Эрдэнэт" үйлдвэр лүү ноцож эхлэв. Инэгхдээ тэд эрх мэдэлд хүрэх замаа ард түмэнд таалагдах жүжиг болгон хувиргав. Мэдээж ийм их "но"-той, шахаатай, массажны сандал авдаг нь ганц Х.Бадамсүрэн ч биш бүх л төрийн өмчит компани, үйлдвэрийн дарга нарын үнэн төрх юм шүү. Эрх мэдэл, албан тушаалын биш юм бол яг одооноос ашиггүй, өр төлбөрт баригдсан төрийн өмчит компаниудынхаа бүх шилэн дансыг ухаарай, МАН-ынхаан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж