Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Манай улсаас 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна.  Үүнээс энэ онд хугацаа нь дуусч, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа бөгөөд нийтдээ 20 Элчин сайдын асуудлыг энэ ондоо багтаан УИХ-д оруулна гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр /2020.11.02/мэдээллээ. Түүнчлэн ирэх 2021 онд 10 гаруй Элчин сайдын хугацаа нь дуусгавар болох аж. 2017 онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн. Ингэснээр 2017 оноос хойш томилогдсон Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусгавар болно гэсэн үг.

Гадаад харилцааны сайдын хувьд анхны томилгоо нь болох Элчин сайдаар хэн хэнийг явуулах уу гэдгээ Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард 11 орны Элчин сайдын нэрийг Засгийн газраас дэмжиж, Ерөнхийлөгчид танилцуулсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн гэх хоёр хүнийг нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжээгүй учир Ерөнхийлөгч Засгийн газраас оруулсан Элчин сайд нарыг томилохгүй байхаар шийдсэн нь нэгэнт тодорхой болсон.

Тодруулбал, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий өндөр настай гэж, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй хэмээн шалтаглан дэмжээгүй. Үүнээс үүдэн ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайдуудын томилгоо өнөөдрийг хүртэл гацав.

Ийн өмнөх парламент дамжиж гацсан 11 Элчин сайдаас гадна нэмж 10 Элчин сайдын нэрийг оруулж ирэхээр болж байна.

Элчин сайдад мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь Элчин сайдаар томилогддог гэсэн шүүмжлэл ч үнэний ортой. Тодорхой хэмжээнд нас,  мэдлэг, зүрх сэтгэл нь тогтсон хүн л энэ албанд очих ёстойг ахмад дипломатууд хэлдэг. Гэмт хэрэгт нэр холбогдсон эсвэл арын хаалганы нөхдүүд энэ салбар руу дайрсаар байвал гадаад харилцааны салбар мөхөхөд хүрнэ. Нэг ёсны гадаад харилцааны салбар бол хуйвалдаад, тохиролцоод явдаг газар биш. Элчин сайд хүн  томилогдсон  улс-Монгол Улс хоёрын дундах эдийн засаг, бизнесийн гүүр байх ёстой гэсэн  зарчмыг барих учиртай.

Өмнөх томилгоонуудаас харахад хэдийгээр салбарын сайд нь мэргэжлийн хүнээ томилох гэж зүтгүүлдэг ч Засгийн газар,  Ерөнхийлөгч гэсэн хоёр субъектын оролцоо хамгийн өндөр. Энэ хоёр хоорондоо  тохирч байж Элчин сайдын томилгоо хийгддэг.

Одоогоор улс төрийн тохироо хэдийнээ хийгдэж,  Элчин сайдад явах нь тодорхой болсон эрхэм бол УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин. Тэрбээр Францад Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар явна.

Ө.ЭНХТҮВШИНИЙ НАМТАР: 

Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989-1990 онд МАХН-ынТөв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2005 онд МАХН-ыннарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
  • 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн
  • 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006-2008 онд УИХ-ын гишүүн
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос УИХ-ын гишүүн
  • 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • Англи, Орос хэлтэй.

Өмнөх парламентын үед Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг Засгийн газраас дэмжсэн. Б.Батцэцэгийн хувьд өмнөх дөрвөн жилд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.

Намдаа томоохон хандивлагч гэгддэг Б.Батцэцэгийн хувьд одоогоор улс төрийн албан тушаалд очоогүй байгаа ч Элчин сайдад санаархсан хэвээр.

Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг нь Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн. Англи, орос хэлтэй. Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажилласан байна.

ЗАСГИЙН ГАЗРААС НЭР ДЭВШҮҮЛСЭН Ч УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЛГҮЙ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАРЫН ЖАГСААЛТ:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
  4. Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
  7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/
  9. Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг,
  10. Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  11. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газраас дэмжсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж