Монголын оюутны спортын V их наадмын нээлт өнөөдөр Спортын төв ордонд явагдлаа. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг оюутны их наадамд энэ удаа 27 их дээд сургуулиудын 1,500 гаруй оюутан тамирчид, багш, дасгалжуулагчид оролцох гэж байна. Наадмын нээлтийн арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Мөн тэмцээний нээлтийн үеэр МУГТ Д.Жаргалсайхан өөрийн зохиосон "ОЮУТНЫ СПОРТ-УНИВЕРСИАД" хэмээх дуугаа дуулсан юм.
Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан: Энэ удаагийн оюутны V их наадам анх 13 спортын төрлөөр явагдахаар төлөвлөгдсөн. Санхүү мөнгө болон шинэ коронавирусийн улмаас 10 төрөл болж багассан. Ер нь найман төрлөөр зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч оюутны байгууллагууд, их дээд сургуулиуд, спортын холбоодуудаас санал ирснийг харгалзан үзээд хоёр төрлийг нэмж оруулсан. Өнгөрөгч хавар орон нутгийг таван бүст хуваагаад бүсийн тэмцээнүүд явагдах байсан боловч цар тахлын улмаас боломжгүй болсон. Мөн сагсан бөмбөг, воллейболын төрлүүд дээр багуудын тоог хязгаарлаж байгаа. Сагсан бөмбөгийн төрөлд оролцох олон их дээд сургуулиуд байсан. Бид нар сүүлийн гурван жилийнх нь гаргасан амжилт, рейтингийг нь тогтоож, эрэгтэй 16, эмэгтэй 14 багийг оролцуулахаар шийдвэрлэсэн. Воллейболын төрөл дээр эрэгтэй 14 баг, эмэгтэй 12 багуудыг судалгааны үндсэн дээр оролцуулж байна. Санал гомдлууд их ирсэн ч бид гаргасан дүрэм, журмынхаа хүрээнд л ажиллаж байна. Сагсан бөмбөгийн төрлөөр их наадам маань маргаашнаас эхлэнэ.
Монголын оюутны спортын V их наадамд оролцож буй их дээд сургуулиуд:
МУИС Шонхорууд сагсан бөмбөгийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв: Монголын оюутны спортын V их наадмын маань нээлт өнөөдөр тун сайхан болж байна. Маргаашнаас сагсан бөмбөгийн спортоор эхлээд, ирэх сарын 6-нд воллейболын спортоор хаалтаа хийнэ. Монгол Улсын их сургууль бүрэн бүрэлдэхүүнээрээ бүхий л спортын төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаад байж байна. Оюутны лигийн шигшээ тоглолт маань явагдаад найман хоног өнгөрч байна. Манай сагсан бөмбөгийн багийн хувьд тэр формоо хадгалаад, бэлтгэл сургуулилтаа хийгээд тун сайн байгаа. Оюутны лигийн аварга болсон юм чинь их наадмын аварга болно гэж үзнэ. Нийт их наадамд оролцож буй Монголын их дээд сургуулиудын баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
МУИС-ийн III түвшний оюутан, Шатрын их мастер, С.Билгүүн: Энэ удаагийн их наадам маань цар тахлын үед зохион байгуулагдаж буй гэдэг утгаараа илүү онцлогтой байна. Ямар ч байсан хоёр дахь оюутны их наадамдаа оролцох гэж байна. Мөн оюутан, тамирчдадаа төлөөлж тангараг өргөсөндөө баяртай байна. Энэ жил илүү зохион байгуулалттай, илүү өрсөлдөөнтэй болох шинжтэй харагдаж байна. Оюутан насны сайхан дурсамжаа бүтээж, сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж, авьяас чадвараа бүрэн дүүрэн харуулаарай.
Монгол оюутны спортын V их наадам маргааш/2020.11.03/ Спортын төв ордон болон МУБИС-ийн спорт зааланд сагсан бөмбөгийн төрлөөр эхэлнэ.
Холбоотой мэдээ