УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцжээ.
Улсын төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороодын хэлэлцүүлгүүдэд бэлтгэх УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, Б.Жавхлан гишүүн ахалж байгаа. Өнөөдөр ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцсэн байна.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хэлэхдээ “Ажлын хэсэг өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Энэ жилийн төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засаг, нөгөө талаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах Засгийн газраас өргөн барьсан анхны төсөв. Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулахдаа нэлээд өөдрөг төсөөлсөн. 2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12 их наяд төгрөг байсан бол 2020 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наяд төгрөг буюу 20 хувиар өндөр төсөөлсөн. Тиймээс энэхүү өндөр төсөөллөө биелүүлж чадах уу гэдэг нь асуудлын гол. Анхаарах ёстой асуудал гэвэл төрийн өмчит болон улсын, орон нутгийн өмчит газруудын төсөвт төвлөрүүлэх нь орлого нь маш хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд даруй бүтцийн өөрчлөлтүүд хийх шаардлагатай. Үр ашиггүй компаниудыг төр авч явах хэрэг байна уу гэдгийг ч ярилаа.
2021 оны төсвийн зарлагын тухайд хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтууд танагдсан. Урсгал зардал тал дээр хэмнэлт хийсэн. Тэвчиж болох хөрөнгө оруулалтууд болох танах боломжтой урсгал зардлууд юу байна вэ гэдэгт ажлын хэсэг сууж ажиллалаа. Дээрх хоёр зардалд 60-70 тэрбум хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан эхний тооцоо гарсан. Байнгын хороогоор тоон дүн эцэслэгдэнэ.
Нийт 1.3 их наяд төгрөгийн халамжийн зардлаас 860 тэрбум төгрөг хүүхдийн мөнгөнд, үлдсэн нь 68 нэр төрлийн халамжид зарцуулагдана. Судалгаагаар дор хаяж 3-5 хувийн хэмнэлт гаргах боломжтой юм билээ, энэ хүрээнд халамжаас 25 тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээр эхний тооцоолол гарсан.
Онцгой комисст хамаарагдах төсвийн захиран зарцуулагч нараас бусад төсвийн байгууллагуудын зардлыг 10-15 хувиар хэмнэх боломжтой гэж үзсэн. Мөн тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, урсгал зардал, зохион байгуулалтын арга хэмжээнээс 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолсон” гэв.
-УИХ-ын гишүүд ТББ-аар дамжуулан маш их хэмжээний мөнгө авч байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?
-Их хурлын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй. УИХ-ын гишүүдийн төсөв гэдэгт УИХ-ын гишүүний цалин, урсгал зардал, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардал, хуулийн төслийн зардлуудаас бүрддэг. Энэ нь биднээс өмнө бий болгосон санхүүгийн журамтай юм билээ. Заавал ТББ-аар дамжуулна гэсэн журамтай. Шатахууны мөнгө авах байлаа ч гэсэн ТББ-аар дамжуулж авна. Тойрогтоо ажиллах зардлыг ч гэсэн ТББ-аар дамжуулж авдаг сонин журамтай юм билээ. Түүний дагуу л гишүүд зардлаа авч байгаа. Хязгаартай байдаг, 4.9 сая төгрөгөөс доош авах ёстой гэдэг.
-Энэ олон жилийн хугацаанд яагаад энэ тоог нууж байгаа юм бэ?
-Нуун далдалдаг зүйл байхгүй. Бид нараас баахан тайлан авдаг. Тойрогт ажилласан, шатахууны зардлаас эхлээд томилолтын зардал гээд бүгдийнх нь тайланг өгдөг. Нуух зүйлгүй бүгд санхүүгийн зарчмаараа явж байгаа гэж бодож байна.
-Өмнө нь зарим гишүүн авдаггүй байсан юм биш үү?
-Энэ талаар би мэдэхгүй. Би нар өөрсдийнхөө хүрээнд л мэднэ.
-Төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхөө төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан нь баримтаар нотлогдсон тэдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй юм уу. Эгүүлэн төлчихлөө гээд л тэднийг зүгээр өнгөрөөх нь хэр зохистой юм бэ?
-Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Төлсөн байлаа ч гэсэн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно. Манай бүлгийн гишүүд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцно гэж бодож байна.
Холбоотой мэдээ