Ж.Золжаргал: Хятадтай нүүрсний хэмжээгээ зөвшилцөх нь чухал

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Ж.Золжаргал: Хятадтай нүүрсний хэмжээгээ зөвшилцөх нь чухал

Ж.Золжаргал: Хятадтай нүүрсний хэмжээгээ зөвшилцөх нь чухал

 “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай цөөн хором ярилцлаа.


 -Цар тахалтай хүндхэн цаг үе боловч энэ жилийн “Discover Mongolia-2020” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт тасарсангүй. Харин ч олныг хамраад, сайн зохион байгуулагдлаа. Энэ жилийн чуулга уулзалтын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Цар тахал эдийн засагт маш хүчтэй нөлөөлж буй нь ойлгомжтой байна. Гэхдээ амьдрал үргэлжилсээр байна. Чуулга уулзалт тасалдах ёсгүй. Энэ арга хэмжээг зохион байгуулж буй нь чухал боллоо гэж бодож байна. Covid-19 цар тахлаас болоод эдийн засагт ямар өөрчлөлт оров, хөрөнгө оруулагч татахад юун дээр анхаарах вэ, ирэх жилд цар тахал үргэлжлэх нь тодорхой, ийм нөхцөлд бид яаж ажиллах вэ гэсэн асуудлыг хөндөн ярилцлаа.

-Нүүрсний экспортын цаашдын чиг хандлага ямар байна вэ?

-Миний хувьд чуулга уулзалт дээр “Нүүрсний экспортын асуудлууд” гэсэн сэдвээр танилцуулга хийсэн. Covid-19 нүүрсний экспортод нэлээн их нөлөөллөө. Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээ 8 хувиар, Хятадад 5 хувиар буурна гэсэн шинэчилсэн прогноз гаргасан байна. Энэ нь нэг талаас том зөрүү биш. Covid-19 эдийн засгийг саармагжуулахад нөлөөлсөн ч нүүрсний хэрэглээ тэгж айхтар буурсангүй. Буурах ч төлөвгүй байна. Үйлдвэрлэл бага зэрэг хумигдаад, эсрэгээрээ ахуйн хэрэглээ харьцангуй тогтвортой. Ялангуяа эрчим хүч Covid-19-ийн энэ үед гэртээ сууж байгаа хүмүүсийн халаалт, кондишнээс эхлээд хэрэглээ нь байна. Тиймээс нүүрсний хэрэглээ огцом буурахгүй, бага зэргийн бууралт харагдлаа.

-Хятад улсад нүүрсний хэрэглээ буурсан талаар гадна, дотны хэвлэлүүд мэдээлж буй. Энэ нь манай нүүрсний зах зээлд хэр нөлөөлсөн бэ?

-Хятад улсад коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний хэрэглээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 5 орчим хувиар буурсан гэж хэлсэн. Энэ нь Монголын нүүрсний зах зээлд нөлөөлөөд байх том хэмжээ биш. Хятад улс бараг дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манай улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс экспортлож байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Covid байна уу, байхгүй юу нь хамаагүй, зах зээл бидэнд байна. Боломж бол үргэлж бий. Ирэх жилүүдэд ч байна. Covid-19-ийн хоёрдугаар давлагаа үүссэн ч байна. Монголчуудын хувьд байгаа боломжоо яаж ашиглах вэ гэдэг илүү чухал байна. Австралийн нүүрсийг хятадууд түр хугацаанд авахгүй байснаар Монголд ямар боломж үүсэх вэ гэсэн асуултыг хүмүүс их тавьж байна. Мэдээж боломж нэмэгдэнэ. Илүү их эрэлт үүснэ. Гэхдээ угаасаа байгаа боломжоо бүрэн ашигладаггүй хүмүүст нэмэгдсэн байна уу, үгүй юү гэдэгт нэг их чанарын ялгаа алга. Ирэх жилүүдэд магадгүй Covid-19-ийн хоёрдугаар давлагаа давтагдана. Бид бэлэн байх хэрэгтэй байна.

-Бэлэн байхын тулд юу хийх ёстой вэ?

-Засгийн газраас “Ногоон гарц” гэж их зөв ажил хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээг илүү зөв, халдварын эрсдэлийг бууруулж, сайжруулсан зохион байгуулалттайгаар хийх хэрэгтэй болох нь. Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг аль болох хурдан дуусгах хэрэгтэй байна. Төмөр замтай байсан бол бид энэ оны эхний улиралд нүүрснийхээ бүх орлогыг алдахгүй байжээ. Энэ ажлаа яаралтай дуусгах хэрэгтэй байна. Мөн хоёр дахь том, гол боомт болох Шивээхүрэн-Сэхээ боомтоор Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс гарч байна. Хилд ойрхон, 50-иадхан километр байдаг. Энэ төмөр замаас илүүтэйгээр хилдээ тулгаад нүүрсний том терминал байгуулаад, богино рейсээр цөөхөн машинаар, хурдтай эдийн засгийн үр ашигтай тээвэр зохион байгуулаад, тэр овоолгон дээрээс нь Хятадын талаас орж ирээд, хүний оролцоо багатайгаар контейнер тээвэрлээд аваад явах хувилбарыг аж ахуйн нэгжүүд санаачлаад, яам, Засгийн газрын түвшинд судлагдаж байна. Энийгээ бас шийдчихвэл хоёр том, гол боомт бий болно. Нэг нь төмөр замтай, нөгөө нь контейнер тээвэртэй болвол их аятайхан болох гээд байна. Дээрээс нь Ховдын Хөшөөтөөр нэлээн хэмжээний нүүрс гарч байна. Тэнд асуудал харьцангуй багатай байна. Мөн Замын-Үүд, Бичигтээр нүүрсний экспорт боломжоороо явж байна.

Covid 19-өөс үүдэлтэйгээр хөрөнгө оруулагчдын асуудал нэлээн хүнд байна. Тэднийг хэрхэн татах вэ?

-Ерөнхий ажиглагдаж байгаа хандлага гэвэл сүүлийн 10 жилд олон улсын, барууны хөрөнгө оруулалт үндсэндээ гараад явчихлаа. Цөөн, ганц нэг компаниуд, дотоодын болон Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Нэг талаасаа яалт ч үгүй худалдан авалт хийгдэж байгаа, санхүүгийн чадвар, давуу тал нь Хятадад байна. Нөгөө талаасаа нүүрсний бизнест олон улсын хөрөнгө оруулалт ер нь багасч байна. Тиймээс үндсэндээ Хятадын хөрөнгө оруулалт давамгайлах талтай болсон. Монголын болон бусад гаднын хөрөнгө оруулалтыг нүүрсний салбарт оруулахыг дэмжих, дэд бүтцийн хөгжилд татах зэрэг ажлуудыг хийхэд тогтвортой байдал чухал. Хятадын нүүрсний худалдан авалт ийм зохицуулалттай явагддаг. Тэр зохицуулалт нь цэвэр зах зээлийн, гадна дотоодынхоо нүүрсний уурхайнуудыг шаардлагатай үед нь дэмжих, үнийг нь барих юм. Зарим тохиолдолд тухайлбал, Авсралитай холбоотой олон улсын харилцааны асуудал Оростой ч, Монголтой ч болдог. Энийг дагаад савлаад байхаар уурхайнуудын үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашигт нөлөөлдөг. Хятадын талтай болж өгвөл жил, улиралд нийлүүлэх нүүрсний хэмжээ, дээр нь боомтуудаар гаргах хэмжээгээ зөвшилцөж чадах нь чухал байна. Энэ талаар Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам анхаарал хандуулаад, ярилцаж байгаа юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж