–80 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮЗЭГ ТАВИЛГҮЙ ТУУРВИЖ БУЙ ТҮҮНИЙ 95 НАСНЫ ОЙД ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ–
-Хөөе, Бааст гуай хааччихав аа. Наашаа оруулаач. Өөрийг нь байлгаж байгаад хэдэн үг хэлмээр байна.
Илтгэгчийг ийн хэлэхэд индэрт тухалсан хурал даргалагч нар гэнэт санасан мэт ийш тийш хараа бэлчээв. Нээрээ гол баатар Бааст гуай суудалдаа байдаггүй. Өвгөн аль хэдийнэ гүйгээд алга болжээ. Хурлын танхимын үүдэнд хэвлэлийнхэнд “байцаагдаад” тун завгүй зогсоо харагдана. “Алив, Бааст гуайг наашаа оруулаарай” хэмээн нэг нь хашгирах дуулдав. Удалгүй Бааст гуай хөнгөхөн алхалсаар хүүхэд шиг л бараг хар гүйхээрээ танхимд орж ирээд хүндэтгэлийн суудалдаа тухлав. 95 насных нь ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд “хүрд эргүүлэх” боломж олдсон дээр нь Бааст гуайдаа сэтгэлийн үгээ хэлж, хүндэтгэл илэрхийлэх гэсэн ахмад зохиолчийн санаа сая амрав бололтой, цааш ярьж гарлаа. Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын 95 насны ойд зориулсан “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт өнгөрсөн баасан гаригт Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд ийнхүү өнөр олон зочидтой, өргөн дэлгэр сайхан болов. Ардын хувьсгалтай чацуу ардын уран зохиолчийн 95 насны өндөр их ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж халуун дотно үгтэй мэндчилгээ илгээснийг дээрх ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсгосон юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд Б.Бааст гуайн төрж өссөн нутаг Монголын баруун хязгаар, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Түнгэ, Хоогийн булагийнх нь тухай дурдаж, Алтайн сүрлэг уулсын унаган хүү Бөхийн Бааст олон арван бүтээл туурвин, монгол түмнийхээ хүндлэлийн манлайд заларч яваагаар бахархаж байгаагаа илэрхийлсэн байлаа. Унасан газар угаасан ус, уугуул нутаг Алтайнх нь тухай дурдсан төрийн тэргүүний мэндчилгээг сонсоод Бааст гуайн нүдэнд баярын од гялсхийж харагдав.
Арга ч үгүй биз дээ. Ийм өндөр насны өлзийт босгон дээрээс өлгий шиг дулаан тоонот, өсөж төрсөн нутгаараа овоглуулан төрийн тэргүүнээсээ хүндэтгэлийн үгтэй мэндчилгээ сонсоно гэдэг сайхан байлгүй яах вэ. Монголын утга зохиолын түүхэнд 80 жил тасралтгүй туурвиж, 95 насны ойгоо тэмдэглэсэн уран бүтээлч үгүй. Бааст гуайн анхны уран бүтээл 1936 онд 15 настайдаа бичсэн “Миний нутаг” нэртэй шүлэг байв. Их зохиолч Д.Нацагдорж алдарт “Миний нутаг” найраглалаа бичсэнээс ердөө хоёрхон жилийн дараа гэсэн үг. Уг шүлгээ бичих үедээ тэрээр Ховдод дунд сургуульд сурч байсан гэдэг юм. Энэ тухайгаа тэрээр “Багш нар маань миний шүлгийг хотоос ирсэн Боловсролын сайд нарт байнга өгч явуулдаг байж л дээ. Манайд нэг ийм юм бичдэг хүүхэд байна. Бичсэн юмыг нь харж үзээч, болбол сонинд нийтэлж өгөөч л гэдэг байсан юм уу даа. Баттөмөр, Дамба, Нацаг гээд л гурван ч сайдыг дараалан очиход нь шүлгийг минь тэдэнд өгч л дээ. Тэгж байтал 194О онд “Монголын ардын хувьсгалын үндэсний соёлын зам” гэдэг сэтгүүлд 1936 онд бичсэн анхны шүлэг маань хэвлэгдэн гарсан түүхтэй” хэмээн эдүгээгээс яг арван жилийн өмнө 85 насныхаа ойгоор хуучилж байсан билээ. Тухайн үед өвгөнөөс “Ингэж завсар зайгүй бичиг цаастай зууралдаад та ядрахгүй байна уу?” хэмээн асуугаад алгадуулах шахсансан. Тэрээр “Би ядрах тухай ярихгүй. Ядрахыг мартсан хүн шүү, би. Аугаа их Маркс ширээнийхээ ард ажлаа хийсээр суугаагаараа өөд болсон гэдэг биз дээ. Тэгэхэд адгийн жаахан Бааст тэгж суугаад үхэж яагаад болохгүй гэж” хэмээн хариулсан юм. Нээрээ л тухайн үед Бааст гуай толгой өндийх завгүй бичиж, туурвиж, хэд хэдэн роман, тууж бичиж байсан. Эдүгээ 10 жилийн дараа уулзахад мөн л хэвээрээ. Хийж бүтээж байгаа зүйл нэн арвин гээд инээд алдаж байна. Нэгэнтээ түүнээс “Таны хувьд үзэж дуулсан зүйл үнэхээр их байгаа байх. Тиймээс дурсамжаа бичиж байгаа биз дээ?” гэж асуугаад мөн л буруудах шахаж билээ.
-Дурсамж бичих гэхээр зав гарахгүй байна аа. Бичих юм бол их л байна санж. Үерхэж нөхөрлөж, хамтарч бүтээл туурвиж, ойр дотно явсан хүмүүсийнхээ тухай бичихэд л нэг нэг ном болно. Захаас нь зарим нэг зохиолчдын тухай ном бичсэн, хэвлэхэд бэлэн болоод л байж байна. Даанч дурсамж бичиж суухын оронд зохиолуудаа бичмээр санагдаад байна. Үхэл бид хоёр “социалист уралдаан”-ы үүрэг авчихаад үзэлцэж байна шүү дээ. Миний хамгийн гайгүй гэсэн тууж, өгүүллэгүүд сүүлийн үед л гараас гарч байна. Ингэж хэлээд Бааст гуай их л сэтгэл хангалуун инээмсэглэж билээ.
Үнэхээр Бааст гуай бол Монголын уран зохиолын амьд түүх, нэвтэрхий толь. Тэрээр 193О-аад оны дунд үеэс манай улсын шинжлэх ухаан, соёл, урлаг, уран зохиолын ертөнцөд амьдарч, туурвиж явсан бүх сайхан хүмүүсийн заримтай нь үерхэж, заримаар нь багшлуулж, даргалуулж, хамтарч уран бүтээл туурвиж явжээ. Төрийн шагналт зохиолч С.Удвал, нэрт орчуулагч С.Доржпалам, яруу найрагч М.Дэмчигжав, А.Самбалхүндэв, Д.Даниэль гээд түүнтэй нэгэн онд, ардын хувьсгалын жил төрсөн уран үгийн алдартай дархчууд Монголын уран зохиолд нэр, мөрөө үлдээжээ. Мөн Бааст гуай бол хамгийн баян өвтэй зохиолч. Түүний 194О-өөд оноос цуглуулж эхэлсэн өв тэр чигээрээ уран зохиолын 80-аад жилийн түүх юм. Харин нэг харамсалтай нь тэр их өвөөсөө бас нэлээдийг үрэн таран хийсэн дуулддаг. Амьдралын хэрэгцээ, шаардлагаар зарсан, үрсэн юм бий гэдгээ Бааст гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс л соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо абугай Бааст гуайн өвийг эрдэнэсийн сантай зүйрлэн, тэр яндашгүй баян өв санг нь Засгийн газар, эсвэл хотын захиргаа гэрээлэн авч, буурал зохиолчид цаашид уран бүтээлээ туурвих ая тухтай орчин бүрдүүлэхэд нь хүрэлцэхүйц хэдэн төгрөг өгчихөөсэй билээ хэмээн халагласан бизээ. Бааст гуай ч гэсэн нэгэнтээ “Монголын зохиолчдоос азаар Ц.Дамдинсүрэн гуайн гэр музей бий. Харин Б.Ринчен гуайнх алга. Э.Оюуных ч алга. С.Удвалынх хаана байна. Бас л алга. Академич Б.Ширэндэв, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гээд л олон алдартнуудын өв сан тун арвин байх учиртай. Тэд бүгд үрэгдсэн. Би өөрөө ингээд үрэгдүүлчихэж байхад тэднийх бол арга ч үгүй юм даа. Үүнд их гомдож явдаг” хэмээн гунигтай өгүүлэхийг нь сонсч л байлаа.
Юутай ч уран бүтээл туурвиж эхлээд 80 жил, Монголын зохиолчдын эвлэлтэй амьдралаа холбоод 70 жил болж байгаа эрхэм буурал зохиолчийн эрдэнэсийн сан элж хорогдох учиргүй. Тэрээр уран бүтээлийн өвөө улам бүр баяжуулан эдүгээ 95 насны өндөрлөг дээрээ урам нэмэн туурвисаар байгаа нь дэндүү бахархалтай. Бааст гуай бол ясны хөдөлмөрч, эмх цэгцтэй, бүтээлч хүн. Онгодын тухай түүнээс асуухад “Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуай онгодын тухай дурссан, цэцэрхсэн юм байдаггүй биз дээ. Тэдний онгод мөнхийн хөдөлмөр байсан. Би тэдэн шиг монцойх цонцойх юмгүй ч бичих, унших хоёр байнгын түшигтэй явсан. Миний онгод тэр л байх” хэмээн хариулсан юм. Уншина, бичнэ гэдэг Бааст гуайн хувьд өдөр тутмын дасгал нь. Нэг ёсондоо ийм өндөр насалж, эрүүл энх байгаагийнх нь нууц ч гэж болно. Түүний туурвил өгүүллэг, тууж, романаар хязгаарлагдахгүй. Залуу халуун насандаа шүлэг бичиж, бас олон арван дууны үг бичсэн нь өнөө ч дуулагдсаар байгаа. Тиймээс 95 насны ойд нь зориулсан эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд тэргүүтэй дуурийн урлагийн ахмад, дунд, залуу үеийн нэрт төлөөлөгчид хүрэлцэн ирж Бааст гуайн “Чамайг үдье” хэмээх алдарт вальсыг нь дуулсан билээ. Түүний “Шинэ жилийн вальс” мөн алдартай. 70 жилийн өмнө бичсэн энэ шүлэгт нь агуу их Билэгийн Дамдинсүрэн аялгуу зохион олны хүртээл болгосон түүхтэй. Г.Дарамзагдын ая “Миний эх орны өглөө”, С.Гончигсумлаагийн ая “Хургачин”, “Унага”, “Хөвчийн өндөр мод”, Л.Мөрдоржийн ая, Ц.Цэдэнжавтай хамтран бичсэн “Маргааш цэрэгт мордлоо”, Лха.Доржийн ая “Ардын эрх”, Д.Лувсаншаравын ая “Тахианы дэгдээхэй”, Ж.Чулууны ая “Хайрын дуу”, Б.Цогоогийн ая “Намрын шөнө голын эрэг дээр”, С.Ганчимэгийн ая “Хүүгийн дуу” гээд л Бааст гуайн дуунууд тун олон. “Хараацай болон нисээд хайрт ээждээ очих юм сан” гэсэн үгтэй “Хүүгийн бодол” дуу нь Хүүхдийн төлөө үндэсний газраас зарласан хүүхдийн уран бүтээлийн уралдаанд шалгарч байв. Япон хүүхдүүд Бааст гуайн энэ дууг дуулах тун дуртай гэнэ. Тэд бүр Бааст гуайг дэмжих сан гэж байгуулан өвгөн зохиолчид энэхүү бүтээлийнх нь хишгийг илгээж байсан гэдэг.
Сонирхолтой бүтсэн дууны нэг нь “Намрын шөнө голын эрэг дээр” гэдэг дуу. Энэ дууныхаа үгийг Бааст гуай 60 жилийн өмнө буюу 1956 оны намар бичжээ. Өвөр Жанчивлингийн рашааныг хүмүүс бараг жирийн л очоод уудаг цаг байв. Тэнд цөөн рашаанч багтах ганц давхар цагаан байшин л байжээ. Тэр байшинд засвар орох болж рашаанчид Уу булангийн пионерийн зусланд нүүж шилжиж гэнэ. Сурагчид хичээлдээ орох болоод зуслан буучихсан байсан цаг. Залуу зохиолч Уу буланд Сүндэрьяа гэдэг хөөрхөн бүсгүйтэй танилцжээ. Тэр үеийн намрын шөнийн сайхныг, ялангуяа намар цагийн хорьдын сар хээр хоносон шөнийг Санк-Петербургийн цагаан шөнөтэй л зүйрлүүштэй байсан гэдэг юм. Нэг шөнө Бааст зохиолч Сүндэрьяа бүсгүйтэй үгсээд, түүнд цав цагаан даашинзыг нь өмсгөн Туул голын эрэг дээр зогсоож байгаад нэгэн шүлэг бичсэн нь “Намрын шөнө голын эрэг дээр” хэмээх дуу болж түгшжээ. “Энэ дуунаас болж гэргий минь амьд сэрүүн байхдаа нэг хэсэг намайг мөн ч лут эрүүдсэн дээ, хөөрхий” хэмээн Бааст гуай хуучлах.
Хар багадаа ээжээсээ хагацан олон өнчин хүүхдүүд үлдэж, хатуу хөтүүг туулж хүний цээнд хүрсэн, 194О онд нийслэлд анх хөл тавьж нэгдүгээр сургуулийн анхны есдүгээр ангийн сурагч болж улмаар МУИС байгуулагдахад мал эмнэлгийн ангид элсэн суралцсан гээд Бааст гуай тун сонин содон намтартай. Ийм л эгэлхэн атлаа эгэлгүй эрхэмсэг сайхан буурал Монголын утга зохиолын өргөөний хойморт налайн, 95 насныхаа ойг өнөр олонтойгоо хамт тэмдэглэж, 80 жилийн туурвил бүтээлийнхээ намтар баялаг түүхээ хүүрнэн байна.
Г.СОНИНБАЯР
ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" сонин