Мэргэжлийн холимог тулааны урлагийн домогт тамирчин Андерсон Силва их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Өдгөө 45 настай Бразил эрийн хувьд өчигдөр/2020.11.01/ зохион байгуулагдсан UFC Fight Night өдөрлөгийн гол тулааны эзэн нь байж, Юриа Холтой тулалдан дөрөвдүгээр үед хүнд цохилтоор ялагдсан юм.
Тулааны дараа тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Өглөөний мэнд, хүмүүс ээ, өнөөдөр би бүхий л амьдралаа зориулсан их спортдоо баяртай гэж хэлж байна. Өчигдөр гайхалтай байсан. Би октагонд дуртай зүйлээ хийхээр гарсан. Зодог тайлах шийдвэрээ гаргаад ингэж баяртай байна гэж бодсонгүй. Хэдий ялагдсан ч гэсэн сайхан байна. Намайг дэмждэг хүмүүстээ, багийнхандаа, гэр бүлдээ, найзууддаа, бүгдэд нь зүрхнийхээ гүнээс талархаж байна. Та бүгдийн дэмжлэг дор энэ олон жил тулалдсандаа баяртай байна. Мөн тулалдах авьяас хайрласан бурхандаа баярлалаа. Миний өнгөрүүлсэн гайхамшигтай мөч бүрт хамт байсан хүмүүстээ намайг ойлгосонд, дэмжсэнд баярлалаа. Та бүгдийн ой тоонд, зүрхэнд чинь өөрийгөө бага ч гэсэн таниулсандаа баяртай байна. Хэцүү зүйлс заримдаа тулгардаг ч хэзээ ч битгий бууж өгөөрэй. Та бүгдэд баярлалаа. Хүчтэй, зоригтой байгаарай. Бурхан та нарыг ивээг” хэмээжээ.
Харин түүнийг ялсан Юриа Хол өөрийн цахим хуудаснаа “Силва, хийсэн бүхэнд чинь баярлалаа. Чи бол агуу тулаанчдын нэг” хэмээн бичжээ.
Андерсон Силва нь аваргын бүсийг хамгийн удаан буюу 2,457 өдөр эзэмшсэн болон UFC холбооны түүхэнд 16 тулаан дараалж ялсан цор ганц тулаанч юм. “Аалз” хочит тэрбээр холимог тулааны октагоноо нийт 46 тулаан хийж, 34 ялж, 11 ялагджээ. Мөн мэргэжлийн боксын рингэнээ хоёр тулаан хийж, нэг ялж, нэг ялагджээ.
Холбоотой мэдээ