&#34Дүнжингаравын хурд&#34 уралдааны хурдан азарганууд

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

&#34Дүнжингаравын хурд&#34 уралдааны хурдан азарганууд

Гарсан жилийнхээ өнгийг тольддог “Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаан өчигдөр Цагаан хөтөлд боллоо.  Адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст 253 хурдан хүлэг бүртгүүлснээс 23 нь үүлдэрлэг байдлаар хасагдаж, 230 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. Хурд, хүчээрээ шигшигдсэн 230  хурдан хүлгийг гарсан цагаас өнгөлсөн ах дүү хээрүүд түрүү, аман хүзүүнд хурдалж, үзэгчдийн цөсийг хөөргөсөн бол уралдааны урьд өдөр наймаалцсан гэх Янзага зээрд азарга гурвалж, харин айргийн дөрөвт Тод манлай уяач Л.Цандэлэгийн бор  хурдалж уясан эзнийхээ амжилтын өмийг нээлээ.  Азарганы уралдааны айргийн тавд Манлай уяач Н.Хүрлээгийн бор азарга хурдалж унаган эзэн, уясан уяач, хурсан олноо баясгасан. Бор азарга хэдхэн хоногийн өмнө болсон “Жавхлант шаргын хурд” уралдаанд айрагдсан бөгөөд МУ-ын Алдарт уяач П.Энхмөнхийн унаган адуу гэгддэг билээ. Өнгөрсөн жилийн түрүү энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг Магнай халиун азарга хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалж, наадамчин олны тааврыг эвдсэн. Халиун азарганы уралдаанч хүү солигдон, гараа алдсанаас ийнхүү айрагт багтаагүй гэх.

Азарганы уралдааны даамлаар хурандаа Б.Ганбаатар, дэд даамлаар Хэнтий аймгийн "Сэцэн ханы хурд" МСУХ -ны тэргүүн Т.Батжаргал нар ажилласан бөгөөд гараан дээр гурван хүүхэд мориноос унаж,уралдааны явцад нэг азарганы хөл бэртсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мориноос унасан хүүхдүүд эмнэлгийн үзлэгээр ямар нэг бэртэл гэмтэлгүй нь тогтоогдсон тул эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Ингээд уншигч танаа азарганы уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. Уралдааны холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болноо. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.

1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр. Уралдаанч 17 настай Мягмардоржийн Ёсоп
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын хээр. Уралдаанч 14 настай М.Түвдэнням
3.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн зээрд. Уралдаанч 15 настай Чогдонгийн Бямбажав
4.Завхан аймгийн Улиастай сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Лхагваагийн Цандэлэгийн хар бор. Уралдаанч 11 настай Батбилэгийн Буяндэлгэр
5.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн ягаан буурал. Уралдаанч 14 настай Цэрэндондовын Отгонбаатар
6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун. Уралдаанч 10 настай Ц.Давааням
7.Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөнхбатын Цэрэндамбын сартай хээр. Уралдаанч 14 настай Жаргалын Дашзэвэг
8.Булган аймгийн Хангал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Энхбатын хул. Уралдаанч 13 настай Тайвангийн Сэргэлэн
9.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын бор. Уралдаанч 12 настай Баттогтохын Мөнх-Оргил
10.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзоригын шар хээр. Уралдаанч 12 настай Мөнхзоригын Мөнхбат

А.МЯГМАРСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: http://todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж