Атганд үлдсэн эрдэнэ юу вэ?

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Атганд үлдсэн эрдэнэ юу вэ?

“Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны уран бүтээлчид өнөөдөр шинэхэн уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Кино зохиолыг МУГЖ У. Уранчимэг бичиж, найруулсан бөгөөд гол дүрийг СТА А.Ганчимэг, Б.Шинэбаяр, МУАЖ П.Цэрэндагва, СТА Д.Ганцэцэг, МУГЖ Н.Нэргүйбаатар нар бүтээжээ. Кино ирэх сарын 05-ны өдөр “Хүннү молл” кино театрт 16:00 цагт нээлтээ хийх бөгөөд нээлтийн билетийг маргаашаас тус кино театрын билетийн кассаар худалдах юм байна.

Киноны  уран бүтээлчид АНУ-ын Холливуудын “E” фильмтэй хамтран бүтээж, дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын  стандартаар хийсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг жилийн  зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын хугацаанд АНУ-д хийжээ. Орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн уг уран бүтээл нь олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул киног дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа аж. Мөн уг кинонд ажилласан гадны уран бүтээлчид Монголын уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сайшаасан бөгөөд гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Энэ үеэр МУГЖ У.Уранчимэг ”Зохиолын санаа бусад уран бүтээлчдийн нэгэн адил бодож явдаг шаналал дээр бий болсон. Кинонд түүхэн уламжлал, өв соёлыг харуулна гэхээсээ илүүтэй орчин цагт бид уламжлалаа хэрхэн хадгалж үлдсэн юм бэ гэдгийг харуулахыг зорьсон” гэв. Харин кинонд гол дүр бүтээсэн  жүжигчдийн нэг  болох МУАЖ П.Цэрэндагва ”Үг гэх мэсэнд өртсөн хүн ямар болж болохыг энэ киноноос харж болно. Ирээд үз. Миний хувьд энэ уран бүтээлийн баг, хамт олонтой хамтарч ажилласандаа баяртай байгаа” хэмээв.

Ж.Отгон

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж