Зөвлөлтийн үеийн орос тагнуулч Рихард Зоргегийн Япон дахь булшийг эргэх зөвшөөрлийг Токиогийн албаныхан өгсөн тухай ОХУ-ын Япон дахь ЭСЯ-ны цэргийн атташе Сергей Шашков мэдэгдлээ.
Алдарт тагнуулчийн 125 жилийн ой ойрын өдрүүдэд тохиосон бөгөөд төрсөн өдрөөр булшийг нь эргэж, дурсгалыг хүндэтгэх ёслол хийжээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны Токио дахь ЭСЯ-дын төлөөллийг урьж оролцуулжээ. Рихард Зоргегийн эхнэр Ханако Исии 2000 онд жил нас барах хүртлээ булшийг эргэж тойрч байсан бөгөөд Ханако таалал төгссөний дараа булшийг эргэх эрх нь түүний саднын хүнд шилжсэн байжээ. Тэр садангийн хүн нь өнгөрсөн жил нас барсан юм.
"Ханако Исиигийн гэрээслэлийн дагуу хуулийн журмаар нэлээдгүй хөөцөлдсөний эцэст Рихард Зоргегийн булшийг эргэх, санаа тавих эрхийг Токио дахь ОХУ-ын ЭСЯ авлаа. Одоо манай ЭСЯ бүрэн хариуцна” хэмээн Сергей Шашков ёслолын үеэр хэлсэн байна.
Ёслолд Токио дахь Азербайжан, Армян, Беларус, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен, Узбекистаны ЭСЯ-ын төлөөлөл оролцжээ.
Тагнуулч Рихард Зорге нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Японд ажиллаж байсан Зөвлөлтийн тагнуулч бөгөөд "Рамзай", "Инсон" гэсэн нууц нэрээр мэдээгээ илгээж байсан. Тэрээр 1933 оноос Германы сонины сэтгүүлч нэрээр Японд ажиллаж байсан. Түүнийг Японы тал 1941 онд баривчилж, 1944 онд цаазлан шарилыг нь олон цогцсын хамт нэргүй булшинд оршуулсан байсан юм. Түүний япон эхнэр Ханако Исии бараг таван жилийн турш шургуу хөөцөлдсөний эцэст 1949 онд нөхрийнхөө шарилыг оршуулах зөвшөөрөл авч, тухайн ондоо өөрийн мөнгөөр Токиогийн Тама дахь оршуулгын газраас багахан хэмжээний газар түрээслэн авч нөхрөө оршуулсан юм. 1956 онд Ханако нөхдийн хамт булшин дээр чулуу босгосон бөгөөд чулуун дээр орос, япон хэлээр нэрийг нь бичжээ.
ЗХУ 1964 онд Зоргег Баатар цолоор нэхэн шагнасан бөгөөд 1966 онд Токио дахь ЗХУ-ын ЭСЯ булшин дээр дахин нэг чулуу босгожээ. Ханако Исииг Зоргегийн шарилтай зэргэлдээ оршуулжээ.
РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ