БНСУ: 83 хүн нас барсан ч вакцинжуулалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

БНСУ: 83 хүн нас барсан ч вакцинжуулалт үргэлжилж байна

БНСУ: 83 хүн нас барсан ч вакцинжуулалт үргэлжилж байна

Өмнөд Солонгосын халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр улирлын томуугийн эсрэг вакцин тариулсныхаа дараа нас барсан хүмүүсийн тоо 83 болжээ. Томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүмүүс нас барсаар байгаа ч эмч нар учир шалтгааныг нь тодруулж чадахгүй, Засгийн газраас дархлаажуулалтын аянаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа нь нийгэмд бухимдал, айдас, түгшүүрийг төрүүлжээ.

Өмнөд Солонгосын ХӨСҮТ-өөс мэдээлснээр нас барсан хүмүүсийн 37 нь 70-аас дээш, 34 нь 80-аас дээш, дөрөв нь 60-аас дээш настай бол дөрөв нь 60-аас доош насны хүмүүс аж. Нас барсан хүмүүсийн олонх нь суурь хүнд өвчтэй байсан ба 72-д нь вакцин хийлгэсний дараа ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй аж. Харин вакцин тариулсны дараа биед нь хариу урвал үзүүлсэн 11 хүний хэргийг мөрдөн шалгаж байна. Үүний зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 46 хүнд задлан шинжилгээ хийхэд бүгд үхэлд хүрэх эрсдэлтэй суурь, хүнд өвчтэй байжээ. Тиймээс вакцинжуулалтыг зогсоолгүй, эмч нарын хяналт дор үргэлжлүүлж байна. Вакцин хийлгэснээс хоёр хоногийн дараа нас барсан 17 настай сурагчийн тухайд задлан шинжилгээгээр биеэс нь үхэлд хүргэх хэмжээний нитрат илэрчээ. Нитрат нь ихэвчлэн түүхий махны улаан өнгийг хадгалах зорилгоор хэрэглэгддэг байна. Өндөр тунгаар хүний биед орвол амьсгалын дутагдалд оруулж, үхэлд хүргэх аюултай. Нөгөө талд Хөх ордны цахим хуудсанд 30 мянга орчим хүн вакцинжуулалтыг зогсоохоор гарын үсэг зурсан байна. Тус хуудсанд 200 мянган хүн гарын үсэг зурвал Ерөнхийлөгч уг асуудлыг шууд авч хэлэлцдэг.

Өмнөд Солонгосын Засгийн газраас энэ онд вакцинжуулалтад хамруулах хүний тоог 20 хувиар нэмэгдүүлсэн нь коронавирусийн цар тахалтай холбоотой. Дэлхий дахинд коронавирусийн цар тахлаар 46 сая хүн өвчилж, 1.2 сая хүн нас бараад байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын 11.5 сая гаруй иргэн томуугийн эсрэг вакцинд хамрагдсан нь хүн амын 60.9 хувьтай тэнцэж байна. Өмнөд Солонгост томуугийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн юм. Тус улсад ханиад, томуугийн халдвар арваннэг, арванхоёрдугаар сард өндөр байдаг аж. Гэхдээ вакцин тариулсны дараа хүний биед эсрэг биет үүсэж, дархлаа тогтоход багадаа 14 хоногийн хугацаа шаарддаг тул арваннэгдүгээр сарын дунд үеэс өмнө хүмүүсийг вакцинжуулах гэнэ.

ХӨСҮТ-ийн захирал Жон Ын Гёны мэдээлснээр Өмнөд Солонгост жилд улирлын томуугаар 810 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 61 мянган хүн орчим нас бардаг аж. Харин томуугийн эсрэг вакцинжуулалтгүй бол эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, нас баралт дээрх тооноос хэд дахин их байхыг тэрбээр анхааруулжээ. Ханиад, томуу зэрэг өвчний тархалт бага байх нь эмч нарт коронавирусийн халдварт гол анхаарлаа хандуулж ажиллах, эмнэлгүүд илүү олон ажилчдыг энэ чиглэлд дайчлахад боломжийг олгох гэнэ.  Өмнөд Солонгост коронавирусийн халдварын шинэ тохиолдол сүүлийн долоо хоногт өдөрт 100-аас доош буухгүй байна. Тус улсад өнгөрсөн 2019 онд вакцин тариулсан эхний долоо хоногтоо 1500 гаруй ахмад настан таалал төгсчээ. Тэдний үхэл нь вакцинтай холбоогүй байсан гэдгийг Жон Ын Гён мэдэгджээ. Олон жилийн дунджаар вакцин тариулсан эхний долоо хоногтоо Өмнөд Солонгост 3000 гаруй ахмад настан нас бардаг байна.

Шинэ коронавирусийн цар тахлаас болж дэлхийн улс орнууд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтад онцгой анхаарч байна. Гэвч Өмнөд Солонгост вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан тухай мэдээлэл гарснаар Сингапур вакцины импортоо зогсоожээ. Сингапур нь Өмнөд Солонгосын “SK Bioscience” компани, Францын “Sanofi” компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг авдаг байсан аж.  АНУ-ын ХӨСҮТ-ийн судалгаагаар нэг сая хүн тутамд вакцины харшлын хариу урвал 1.31 байдаг ба нас баралт үүнээс ч бага байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж