Автобусан доторх бичлэг бол өнөөгийн ёс суртахууны илрэл

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Автобусан доторх бичлэг бол өнөөгийн ёс суртахууны илрэл

Автобусан доторх бичлэг бол өнөөгийн ёс суртахууны илрэл

Нийгмийн сүлжээгээр цацагдах элдэв бичлэгийг үзээд ёс суртахууны хувьд монголчууд ялзарчээ гэж хэлэх хүмүүс олон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр цацагдсан автобусанд яваа залуу бүсгүй, тэтгэврийн өвгөн хоёрын бичлэг. Мэдээж хүмүүс хоёр хуваагдаж, нэг хэсэг залуу бүсгүйн талд, нөгөө хэсэг нь өвгөний талд орж байна.

Нийтийн тээврээр мөнгөө төлөөд явж байгаа залуу бүсгүй, төрийн зохицуулалтаар үнэгүй зорчих эрхтэй өвгөн хоёр аль аль нь нийгмийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй. Автобусны суудал бүгд эзэнтэй болсон үед настай хүн, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүн орж ирэхэд сул суудалгүй бол суудал тавьж өгөх ёстой гэж хаана ч хуульчлаагүй ч Монголын нийгэмд тогтсон хэм хэмжээгээр суудал тавьж өгдөг. Гэхдээ бас заавал нас залуу хүн суудал тавьж өгөх үүрэг бас байхгүй. Хэн боломжтой нь тавиад өгч болно. Гэвч Монголд тогтсон ойлголтоор залуу хүн суудал тавих ёстой гэж үздэг бөгөөд суудал тавьж өгөөгүй залуу хүнийг автобус даяараа жигшин зэвүүцдэг.

Энэ бичлэгээс Монголын нийгмийн гажуудсан маш олон харилцаа, ойлголт харагдаж байна. Юун түрүүн ахмад настай хүн болгоны зөв, залуу хүний буруу байх албагүй. Монголчууд эртнээс настныг хүндэлж ирсэн. Гэхдээ хүндлэл хүлээж чадахааргүй ахмад бас байж болно. Хүндлэл хүлээж чадахааргүй ахмад байлаа гээд залуу хүн бас адраад байх шаардлагагүй. Залуу хүн ч ядардаг, суух эрхтэй гэсэн ойлголт бараг байдаггүй. Магадгүй өдөржин хоёр хөл дээрээ зогсоо ажил хийдэг, эсвэл хүнд хүчир биеийн хүчний ажил хийсэн байж болно шүү дээ. Нас үл хамааран бүгд нэг л нийгмийн эрх тэгш гишүүн гэсэн ойлголт суулгаагүй, шууд хөгшин, залуугаар нь ялгаж, хөгшин нь илүү гэсэн ойлголтыг суулгадаг.

Хоёрдугаарт, ямар ч асуудал үүслээ гэсэн харилцан тайлбар, харилцан ойлголцлоор шийдэх арга ухаанд суралцаагүй. Асуудал үүсэхэд сэтгэлийн хөөрлөөр, хэрүүлээр шийддэг, өөрийгөө нөгөө хүнээсээ илүү гэсэн далд ухамсартай. Амьдрал нь хэцүү байгаа нь бусадтай муухай харьцахыг зөвтгөхгүй. Ахмад байлаа гээд, албан тушаал илүү байлаа гээд илүү эелдэг байх учиртай болохоос заавал зандрах албагүй. Төрийн өндөр албан тушаалтнууд нь хүртэл загнаж, зандарч ажлаа явуулж байгаагаа сурталчлах нь хүмүүсийн ухамсарт нөлөөлж байгаа гэдгээ бодолцох учиртай.

Ёс суртахууны ийм наад захын ойлголтод хүн хаана суралцах вэ, хэн заах вэ? Ёс сухтахуун бүрэлдэх анхан шатны нэгж бол гэр бүлийн орчин. Дараа сургууль, цэцэрлэг гээд нийгэмд хөл тавихад зайлшгүй дайрч туулж өнгөрдөг орчин. Өссөн гэр бүлийн хүмүүжил ямар чухал болохыг автобусаар үнэгүй зорчиж яваа ахмадууд амьдралдаа хангалттай харсан байх. Эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг хүчирхийлсэн балмад хэргүүд долоо хоног бүр сэтгэл өвтгөх боллоо. Энэ хэргүүдийг энэ нийгмийн нэг эд эс болсон хүн үйлдэж байгаа болохоос хаа нэгтээгээс харь гаригийн хүн ирээд үйлдээгүй. Ёс суртахууныг хууль батлаад мөрдөөд бий болгочихдог зүйл биш. Маш удаан хугацааны туршид бүрэлдэн тогтдог зүйл. Бүрэлдэн бий болохдоо удаан хугацаа зарцуулах боловч нуран унахдаа эсрэгээр маш богино хугацаанд ялзран доройтож болно. Үүнд нөхцөлдөх зүйл нь эдийн засаг, нийгмийн уруудан доройтож буй харилцаа гэж нийгэм судлаачид хэлдэг.

“Ёс суртахуун тогтоход юу хамгийн ихээр хүчтэй нөлөөлдөг вэ гэхээр өмнөх ёс суртахуун буюу тухайн ард түмний тогтсон заншил бас шашин. Микро орчинд гэр бүлийн орчин маш хүчтэй нөлөөлнө. Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрсдөө анзааралгүй ёс суртахууныг суулгаж байдаг. Хэлсэн ярьснаасаа өөрөөр амьдарна гэдэг хүүхдийн дотор маш муухай зүйлсийг суулгачихдаг юм шүү дээ” хэмээн философч Б.Батчулуун нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Автобусанд байгаа залуу бүсгүй, өвөө хоёр бол Монгол гэсэн нэг гэр бүлийн өвөө, охин хоёр юм.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж