“Сэмүүн” студийн найруулагч Б.Баяртай ярилцлаа. Тэрбээр хадны зургийг урлаг талаас нь сонирхон судалдаг цөөн уран бүтээлчдийн нэг. Найруулагч Б.Баяр нь 2010 оноос хойш 10 гаруй жилийн турш хадны зургийг судлан харьцуулж, гэрэл зургийн хальснаа буулган баримтжуулж ирсэн. Энэ хугацаанд Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Архангай, Хэнтий, Төв, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгаар нийт 3000 орчим хадны зургийг өндөр чанартай гэрэл зурганд буулгасан бөгөөд таван ч баримтат кино бүтээгээд буй. Мөн “Монголын сая өдрүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо, Франц улсын нийслэл Парис хотноо байх ЮНЕСКО-ийн Төв байрнаа гаргасан. Энэ бүгдийг багцлан нэгтгэсэн “Монголчуудын чулууны цадиг” төслийн тухай түүнтэй ярилцав. Ингээд түүний яриаг хүргэе.
-Та яагаад хадны зурагт тэгтлээ дурладаг юм бэ?
-Анх 2000 оны үед Ховд аймгийн Манхан сумын нутагт ээжтэйгээ хамт Ишгэн толгой хэмээх газрын хадны зурагтай танилцаж байлаа. Тухайн үед ээж минь надад ардын аман зохиол, домог талаас нь тайлбарлаж өгч байсан юм. Тэр бичлэг нь одоо надад байдаг. Ээж минь 350 сая гаруй жилийн өмнөх амьтныг загас гэж тайлбарлаж, лусын охидын тоглоом учраас чулуу шидэж, дээр нь гарч болохгүй, хонь малаа холуур хариулж явах ёстой гэдэг байсансан.
Хамгийн гол нь би уран зураг сонирхдог. Хадны зургийг хараад байхад уран зургийн нэг урсгал ч юм шиг харагдсан. Тэр Ишгэн толгойн хадны зурагны зохиомж, дүрслэл нь үнэхээр гайхамшигтай санагдсан. Би өмнө нь хадны зургийг анзаарч харж байгаагүй юм билээ. Тэр цагаас би хадны зургийг урлаг талаас нь сонирхон судалдаг болсон.
Тэрнээс биш Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид маань хадны зургийг шинжилж, судлаад, түүхэн он цагийг тодорхойлдог. Академич Д.Цэвээндорийн бичсэн маш сайн номнууд байна. Археологийн хүрээлэнгийн залуу эрдэмтдийн гаргасан олон ном бий. Эрдэмтэн судлаачид маань маш сайн судалж байгаа. Миний хувьд урлаг талаас нь хадны зургийг сонирхдог. Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтайгаа хамтдаа явж, тэднээс асууж, тодруулсаар хадны зураг ойлгох наад захын мэдлэгтэй болж эхэлсэн л дээ. Өөрөөр хэлбэл, хобби болсон гэсэн үг.
-Хэзээнээс хоббигоо төсөл болгож өргөжүүлэв?
-Эхэндээ төслийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж бодоогүй. 2010 оноос эхлэн ямар ч байсан хамгийн сонирхолтой, шинжлэх ухааны эргэлтэд орсон хадны зургуудаа түүж, авч үлдэе гэж бодсон. Тэгээд миний хамгийн сайн мэдэх Ховд аймгийн хадны зургуудаас эхэлсэн. Ээж минь намайг дагуулан анх гарч байсан Ишгэн хадныхаа зургийг авч үлдсэн. Ер нь баримтат кино хийхэд судалгаа маш чухал. Судалгаа хийхдээ бичвэрээ бичиж, мэргэжлийн зөвлөх аваад ирэхээр өөрийн эрхгүй хүний сонирхлыг татдаг.
Би ой хамгаалагч, нутгийн олон хүмүүстэй найзууд. Тэд маань хаана ямар сонин хадны зураг байгаа талаар мэдээлэл өгдөг. Монголд сонин содон хадны зураг маш олон бий. Жишээлбэл, Дундговь аймгийн Дэл уулын хадны зураг байна. Би тийшээ хэдэн удаа явсан юм бүү мэд. Би өөртөө болон бусад хүмүүст мэдэгдэж буй хадны зургийг бүгдийг нь авсан. Дахиад шинэ гурван зураг бий.
Хадны зургийг дарахдаа хэсэг хэсгээр нь авна. Дараа нь нэг зураг болгож, гаргадаг. Ингэсэн зураг яаж ч томруулсан чанараа алдахгүй. Хадны зургийг авахад гэрэл маш чухал. Би Монгол оронд мэдэгдэж буй хадны зургуудыг авч дуусгая гэж бодож байгаа. Гэхдээ энэ насанд минь дуусахгүй ажил байх л даа. /инээв/ Ямар ч байсан яваад л байна.
-Төсөл хэрэгжүүлэхэд амаргүй, хөрөнгө мөнгөний бэрхшээл багагүй тулгарна. Та санхүүжилтээ яаж олдог вэ?
-Ямар ч уран бүтээлийг хийхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай болдог. Гэтэл Монгол Улсын тал хээр нутагт бүхэл бүтэн түүхийн чулуун судар оршиж байна. Бид тэр түүхээ хамгаалж авч үлдэж, сурталчлах ёстой. Хадны зургийн цогц “Монголчуудын чулууны цадиг” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг маш чухал. Үлдсэн дөрвөн аймагт очиж, хадны зураг дараад л болчихгүй шүү дээ. Нэг зураг авахын тулд цаг нараа хүлээнэ. Цаашаа 100, 200 км газар явж зургаа авч, цуглуулна. Дараагаар нь компьютер дээр шүүлт хийнэ. Саяхан Соёлын сайдад төслөө танилцуулсан. Салбарын сайд маш сайхан хүлээн авч, эргэн уулзана гэдгээ илэрхийлсэн.
Өнгөрсөн хугацаанд надад тусалж дэмжсэн олон хүн бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан ах миний нэлээн хэдэн бүтээл болон томоохон хэмжээний үзэсгэлэн зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсэн. Хоёрдугаарт, гадаадын хүмүүст зориулан 32 шилдэг гэрэл зургаараа Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд үзэсгэлэн гаргасан. Тэр үед Соёл урлагийн их сургуулийн оюутан, багш нар маань “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээ үзэгчдэд толилуулсан. Хамгийн анх 2011 онд Ховд аймгийн хадны зургаар “Сар анх мандсан нутаг” хэмээх баримтат киногоо хийсэн. Одоо энэ киноны маань формат нь хоцрогдсон учраас дахин шинэчлэх хэрэгтэй болж байна. Дараа нь “Рашаан хад" (2013 он), "Буурал Алтайн урлан" (2015 он), "Хотон нуурын хосгүй урлан" (2018 он) баримтат кино хийсэн. Мөн Дундговь аймгийн Дэл уулын баримтат киног хийхэд бэлэн болсон байна. Бас “Өмнийн говийн чулуун судар” гээд Өмнөговь аймгийн таван сумын хадны зураг авсан боловч Манлай суманд дахин хоёр зураг шинээр авах хэрэгтэй болсон учраас хүлээгдээд буй. Говь-Алтай аймгийн хадны зургуудыг сайн аваад материалаа цуглуулчихсан, Дорноговь аймгийн нэг уулны хадны зураг байна. Одоо надад дөрвөн аймгийн хадны зургийг авах үлдээд байгаа. Тэрийг авчих юм бол төсөл маань болчих гээд байгаа юм.
-Монгол бол түүхийн өлгий нутаг. Түүхийн нэг хэсгийг хамгаалж, авч, гэрэл зурагт үлдээхийн тулд та "Монголчуудын чулууны цадиг" төслөө эхлүүлсэн. Таны ярианаас төслөө дуусгах гэж байгаа юм байна гэж ойлголоо, төслийнхөө дараа юу хийх вэ?
-Өнөөдөр мөнгөтэй хүн болгон манай түүхийг булаах аюул нүүрлээд байна. Би “Монголчуудын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргахдаа хадны зургаа аж ахуй, газар тариалан, цэрэг дайн, эмэгтэй хүн зэрэг 12 сэдвээр хуваасан. Одоо энэ төслөө хэрэгжүүлэхдээ ч гэсэн ингэж ангилах юм. Төслөө хэрэгжүүлж дуусгасны дараагаар дахин цоо шинэ баримтат кино хийж, гэрэл зургуудаараа дахин том үзэсгэлэн дэлгэх, дижитал номын сан, лавлахтай болох, шинэ аялал жуулчлалын маршрут гарч ирнэ. Сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид хадны зургийг ихээр сонирхон, зорьж очдог болсон байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3000 орчим хадны зургийг өндөр чанартай гэрэл зурагт буулгасан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Цамбагарав ууланд Хар хадны зураг байдаг. Монгол эрдэмтдийн тогтоосноор Жужаны үеийн зураг л даа. Хөө дуулгатай цэргүүдийг дүрсэлсэн байдаг. Жужаны үед хөө дуулгатай бүхэл бүтэн арми цэрэгтэй байсныг гэрчилж буй. Казахстан улсад 2010 онд энэ зургийг турк 1000-тын дэвсгэр дээрээ хэвлэчихсэн байсан. Туркууд монголчуудын түүхээр өөрсдийн түүхээ бичээд эхэлж байна шүү дээ.
-Нэг үеэ бодвол монголчууд орон нутгаар аялах дуртай болсон. Харамсалтай нь, дотоодын аялал жуулчлалыг дагаад байгаль орчин, түүхийн дурсгалт газрууд, ховор дурсгалуудад эрсдэл нүүрлэх болсон байна?
-Аялал жуулчлал хөгжих хэрээр сүйтгэл явагдаж байна. Би ч эхэндээ онгироод л хүмүүс түүхээ мэдэж, судалж хайрлаасай гээд хэлж ярьдаг байсан бол одоо нуудаг болсон. Даанч дээ гэмээр сүйтгэж байна. Хадны зургийг чулуугаар юу ч үгүй цохиод хаячихдаг. Сая Дэл ууланд очиход “Би ирлээ. Тэр явлаа” гээд хадны зураг дээр зурчихсан байсан. Алдарт Хойд цэнхэрийн агуйн зосон зураг хамгийн доод тал нь 20 мянган жилийн өмнөх үеийнх.
Гэтэл иргэд 20-хон секундын дотор гараараа хүрч үзээд л алга болгочихдог. Иргэд хадны зургийг ямар үнэ цэнэтэйг нь мэдэхгүй нэг хэсэг нь саваагүйтэж, зарим нэг нь албаар сүйтгэх тохиолдол ч гардаг. Зарим хүмүүс энэ хаданд дээр нэрээ үлдээчихвэл 2000 жилийн дараа хүмүүс үзэж, судалж магадгүй гэж ухар мөчид бодлоор хандах нь бий. Энэ бүхнээс хамгаалах хамгийн найдвартай хамгаалагчид бол унаган нутгийн ард иргэд шүү дээ.
-Ер нь судлагдаагүй хадны зураг Монголд хэр олон байгаа бол. Аль аймаг хадны сүг зураг элбэгтэй вэ?
-Би юу ч хэлэхгүй. Ер нь бол олон гээд ойлгочих. Ховд, Дундговь аймагт сонин содон эртний ач холбогдолтой хадны зургууд байна. Жишээлбэл, би монгол үндэсний хувцасны тухай кино хийхээр материалаа цуглуулаад дуусч байна. Нэг хадны зураг дээр яг сайхан монгол дээл ийм байсан гээд зурчихсан байна шүү дээ.
Тэнд ийм сүг зураг бий гээд зарлачихвал манайхан очоод сүйтгэчихдэг юм. Би зургийг нь авчихсан байгаа л даа. Хадны зураг бол тэр чигээрээ түүх. Нууц код маягийн, овог омгийн тамгууд цэрэг дайны сэдэвтэй гээд олон төрөлтэй. Монголчууд бидний оюуны маш том санамж юм. Одоо оюуны санамжаа сэргээх цаг болжээ. Эрт үед цаас гэж байсан биш. Өвөг дээдэс маань амьдралаа чулуун дээр сийлж, урлаж үлдээсэн. Энэ талаасаа түүхийн чухал ач холбогдолтой.
-Ингэхэд та их завгүй ажилтай болжээ дээ?
-Завгүй гээд яваад байвал ажлаас их юм алга. Ойрд баримтат киноны монтажны ажил дээр сууж байна. Саяхан “Жонон” хамтлагийн тухай баримтат киногоо монтажилж дууслаа. Аттила хааны тухай “Хаадын хаан Аттила” хэмээх баримтат нэвтрүүлэг маань бас дөхөж байна. Бичвэрийн ажил гэвэл “Бароны эрдэнэс” кино зохиолоо бичиж дуусгалаа. Нэг иймэрхүү л байх шив дээ.
-Үзэгчдэд Барон Унгернийг өөр талаас нь харуулах бүтээл гэж ойлголоо. Монголчууд түүнийг дайснаа гэж үздэг шүү дээ?
-Барон Унгерн бол монголчуудын кино бүтээлээс хардгаас тэс өөр хүн. Хуучин нийгэмд үзэл суртлын дагуу нэг хүнийг дайснаа болгож, адгийн муу амьтан гэж харуулдаг байсан. Одоо болтол Барон Унгерныг тэнэг, архичин, яргачин гэж хэлэх, хэлэхгүй үгээр хэлж, түүхэнд тэмдэглэн үлдээсэн. Гурван улсын гэрээгээр Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласан байхад гэнэт Хятадын харьяаны улс болчихдог. Энийг Хаант засгаа түлхэн унагаасан улаан орос ах нар нь зөвшөөрч, бүр монголчууд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ингэснээр Монголд 1918 онд Хятадын цэргийн арми орж ирсэн. Яг ийм үед хаанаас ч юм бүү мэд гурав дахь хүчин гарч ирж, дайн хийгээд Засгийн газрыг нь байгуулж өгсөн. Энэ бол Барон Унгернийн түүхэн гавьяа. Зарим нь энэ хүний талаар сайн судлаагүй байж, үгүйсгэх нь бий. Миний хувьд энэ хүнийг олон жил судалсан.
Жишээлбэл, Швейцар, Германд очиж, хувийн архивуудтай танилцсан. Гэр бүл, ойр дотны хүмүүсийг нь судална. Тэр байтугай “Бароны эрдэнэс” уран сайхны кино нь инээдмийн жанрынх байх юм. Хүмүүсийн дунд Барон Унгерны алтны тухай яриа байдаг шүү дээ. Тэр Оросын цагаан хааны алтыг олдгоо олоод, аль эрт аваад явчихсан тухай номонд тэмдэглэсэн байдаг.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ