Улсын онцгой комисс өнгөрөгч Баасан гаригт мэдээлэл өгөхдөө Цагааннуур болон Боршоо боомтыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ " Тус боомтоор covid-19-ийн халдвар орж ирэх эрсдэлтэй байгаа"-тул ийм шийдвэр гаргасан болохоо мэдээлсэн юм. Цар тахлын аюул ард үлдээгүй, хэзээд тархах эрсдэл өндөр байгааг ДЭМБ-аас анхааруулсаар. Харин Монголын хувьд дотооддоо халдвар алдаагүй бүгд хичээл сургууль, ажил төрөлдөө явж амар амгалан амьдарч байна.
Хятадад шинэ төрлийн вирус дэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээлсэн цагаас эхлэн өнөөг хүртэл хүн төрөлхтөн цар тахлыг ялж чадаагүй, хүчин мөхөсдсөн хэвээр байна. Орос, Франц, АНУ зэрэг өндөр хөгжилтэй их гүрнүүд тахал хэдийн "буугаад өгчихсөн". Хамгийн сүүлийн статистикаар 46 сая 189 мянган хүн өвчилж, 1250000 хүн нас баржээ. Монгол covid-19-өөр эндсэн хүн алга. Гэхдээ энэ бол тайвшрах асуудал бишийг төр нь ч, иргэн нь ойлгох ёстой юм. Монголд бүртгэгдсэн 346 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Энэ нь хилээ нээж, чөлөөтэй орж, гарах боломжгүйг харуулсан дохио.
Хэрэвзээ хилээ чөлөөтэй нээвэл covid-19-ийг хянаж, барьж, эмчилж чадахаа болино. Олон хүн амиа алдана. Эдийн засаг, эрүүл мэнд хоёулаа асар их хохирол амсана. Covid-19 дотоодод тарвал үйлчилгээний газрууд хаагдана, зах, дэлгүүрүүд дампуурна. Хичээл сургуульдаа явж чадахгүй болно. Энэ бол хилийн хоригийг яагаад цуцлахгүй байгаагийн товчхон хариулт.
Олон нийтийн сүлжээнд хилийн хориг цуцлах ёстой, тусгаарлах 21 хоногийн хугацааг багасгах хэрэгтэй гэсэн шүүмжлэлүүд одоо ч хөвөрсөөр. Сүргийн дархлаа ярьж, эдийн засгийн хохирол дурдсан хүмүүс олон. Гэвч, covid-19-өөр өвчилсөн хүмүүс сүргийн дархлаа гэж байхгүй болохыг ДЭМБ зарласан. Нэг өвдсөн хүн дахиад энэ өвчин тусах магадлалтай болохыг олон жишээ дээр тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, covid-19-өөр өвчилсөн хүмүүс ахиад тусах эрсдэлтэй гэсэн үг. Нөгөөтэйгүүр, 21 хоногийн тусгаарлалт бол хамгийн боломжит хугацаа. Нэг биш, хоёр биш, бүр дөрөв дэх удаагийн шинжилгээгээр covid-19-ийн халдвар авсан болох нь илэрч байхад бид шинжлэх ухаанд биш монголчууд мах иддэг болохоороо тусахгүй гэсэн мухар сохор юм яриад сууж байх нь зөв үү. Монголчууд мах иддэг, сүүтэй цай уудаг, дархлаа сайтай учраас тусахгүй гээд яриад бичээд байгаа хүмүүсээс асуухад яагаад 346 монгол энэ өвчний халдварыг авав. Хариулт нь, цар тахал хэнийг ч ялгахгүй. Гол нь хилийн хориг, 21 хоногийн тусгаарлалт л монголчуудын аврал болж байна, одоохондоо. Хэрэвзээ, хилийн хоригоо цуцлаад, 21 хоногийн тусгаарлалтаа больчихвол Монгол сүйрнэ. Мах иддэг, цай уудаг гээд цар тахал биднээс айхгүй.
Монголд халдвар тархвал дор хаяж 300 мянган хүн өвчилж, 30 мянган хүн амиа алдана гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Энэ бол “хамгийн багадаа” гэсэн тооцоолол. Дотоодод халдвар тархвал хэчнээн хүн амиа алдахыг төсөөлөхөд ч бэрх. Тэр тусмаа өөрсдийгөө тусгаарлаарай гээд хэлэх албаны хүний үгэнд орох монгол хэд байх вэ.
Хилийн хоригийг үргэлжүүлж байгаа ч тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авсаар, эмчилсээр байгаа. Хаалганы цаана хаячихсан юм алга. Харин дуртай үедээ гадаад, дотоод руу нисдэг, ажил төрлөөр явдаг, зугаалдаг, аялдаг үе одоо бие. Өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд цар тахлын үеийн дэглэмийг дарга нь ч, цэрэг нь ч баримтлах учиртай юм. Цар тахлын дэглэмийг чанд мөрдөх нь Монголын амьд үлдэх боломж юм.
Өнөөдөр хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа, томчууд ажилдаа явж, үйлчилгээнийхэн, зах дэлгүүрийн наймаа худалдаа хэвийн үргэлжилж, найр хуримын зар түгэж, зааландаа бөхчүүд бэлтгэл хийж, Жавхлангийн тоглолтыг үзэж, Анна Каренинагаар амьсгалж Монголын амьдрал хэвийн үргэлжилж байна. Хилийн хориггүй,21 хоногийн тусгаарлалтгүй болчихвол уух эм дуусч, мах, гурилын хомсдол үүсч, хэвтэх эмнэлэг, эмчлэх эмч олдохоо болино. Иймээс нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг дээгүүрт тавигддаг юм.
Цар тахал бол өвчин биш дайн. Тиймдээ ч дайнд ялах бус аль болох хохирол багатай халдварыг даван туулахын тулд хүн бүр хичээж халдварын дэглэмийг баримтлах нь иргэний үүрэг юм.
Б.ЦЭЦЭГ