ҮЗХ хэзээ хуралдах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

ҮЗХ хэзээ хуралдах вэ?

Сар шинийн өмнө зарлагдаад тодорхойгүй хугацаагаар хойшилсон Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдаан гуравдугаар сарын эхээр болж мэдэх сураг гарсан ч батлагдсангүй. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд маргаашнаас эхлэн сар шахам хугацаанд орон нутагт ажиллах нь. Тус намын дүрэмд зааснаар ҮЗХ-г намын дарга эс бол ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрын хүсэлтээр зарлан хуралдуулдаг. Гэвч аль, аль талд нь тус хурлыг ойрын хугацаанд зарлах сонирхол алга.

Сонгуулиас өмнө зарлагдах ҮЗХ-ны хуралдаанаар эрх баригч хүчин хэд, хэдэн чухал асуудлыг шийдэх шаардлагатай болж буй учраас намын дарга нь хэр зангарагтай хөдлөхөө харуулах болж байгаа юм. Учир юу вэ гэвэл, өмнөх даргын үед хоолой дээр нь тээглэж ирсэн ҮЗХ-оог шинэ хүмүүсээр цус сэлбэх асуудлыг эцэслэх учиртай.

Өнгөрсөн нэгдүгээр сард товлогдоод хойшилсон ҮЗХ-ны 46 дугаар хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх. Орон гарсан ҮЗХ-ны гишүүдийн оронд нөхөн сонгуулиар гарч ирсэн нэр дэвшигчийг батламжлах. Гуравт нь, Иргэний зориг ногоон намтай хамтрах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Асуудлаа хойш тавин хурлаа цуцалсан шалтгааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Засгийн газрын хувь заяатай холбон тайлбарласан ч зарим гишүүд нь “ҮЗХ-г хойшлуулах шийдвэр гаргаагүй бол гал авалцаж газар хөдлөхөөр байсан” гэж дүгнэсэн нь бий. Алдаа гарахыг нь андаж суусан улс төрийн хүчнүүдийн хувьд З.Энхболд намдаа жижигдэж байна гэхчлэн баалсан ч эрх баригч хүчин нэг цул байж, Засгийн газрыг авч үлдэж чадсан билээ.

Одоо тэгвэл эрх баригч хүчин өмнөх шигээ нэгдмэл нэг санаатай байж, сонгуульд өрсөлдөж чадах уу гэдгийг нотлох бас нэгэн сорилттой тулгарна. Зөвхөн Ардчилсан нам ч биш бусад улстөрийн хүчний өмнө ч ийм сунгаа хүлээж байгаа. УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авсан нь баярлаж, чадаагүй нь нам дотроо бужигнаан үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнө зарлагдах ҮЗХ-ны хуралдаанаар эрх баригч хүчин хэд, хэдэн чухал асуудлыг шийдэх шаардлагатай болж буй учраас намын дарга нь хэр зангарагтай хөдлөхөө харуулах болж байгаа юм. Учир юу вэ гэвэл, өмнөх даргын үед хоолой дээр нь тээглэж ирсэн ҮЗХ-оог шинэ хүмүүсээр цус сэлбэх асуудлыг эцэслэх учиртай. Фракци бүрийнх нь амбицаас болж, энэ асуудал эцэслэгдэж чадалгүй явсаар дөрөв дэх жилийнхээ босгон дээр ирсэн хэрэг.

Ардчилсан намын ҮЗХ-оо нь 228 гишүүнтэй. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа гишүүдийнх нь нэлээд хувь төрийн албанд томилогдож, нөхөн томилгоог хийх шаардлага үүссэн ч энэ асуудлыг шийдэж чадаагүй юм. Төв байранд нь үе, үе суулт зарласан, намын даргынхаа үйл ажиллагааг шүүмжилсэн мэдээ хэвлэлийн хуудсыг чимж байсан нь үүнтэй холбоотой.

Эл маргааныг цэгцлэхийн тулд УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргаар томилогдсоныхоо дараа ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг зарласан ч батламжлахаар болж, 46 дугаар хуралдааныг зарлахад гишүүдийн ирц бүрдээгүй нь фракциудынх нь эрх ашиг хангагдаагүйтэй холбож тайлбарлаж болно. Хэдийгээр тэр өнгөрсөн жилийн хавар гишүүдээ Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн дор нэгтгэн бодлогоороо өрсөлддөг улстөрийн хүчин болон өөрчлөгдөнө гэдгийг зарласан ч энэ үйл явц удаан байгаа билээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж