Иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн өдөр”-ийг дөрөв дэх жилдээ өчигдөр /2020.10.31/ зохион байгууллаа. Дугуйн парад, уулын дугуйн бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчид гэсэн дугуйн гурван төрлийн тэмцээнд нийт 300 гаруй дугуй сонирхогчид оролцсон байна.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү болон дугуй сонирхогчид, тамирчид мөн оролцжээ.
Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү: Монголын дугуйн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь Улаанбаатар хэмжээнд дугуйн замыг нэмж тавьсантай холбоотой. Цаашид ч авто замыг дагасан дугуйн замыг тавих гэж байна. Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс ч дугуйн спортыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. УИХ-д ч мөн дугуйн спортоор хичээллэдэг, дэмждэг лобби бүлэг болох хэмжээний гишүүд байгаа учир цаашид дугуйчдын ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: Гурван төрлийн тэмцээнд 300 гаруй дугуйчин оролцож байна. Иргэдэд дугуйн спортыг сурталчилж, эрүүл мэнддээ анхаарч, дугуйгаар хичээллэхийн ач холбогдлыг таниулж өгч байгаад талархаж байна. “Дугуйн өдөр” цаашид улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ