Зурагт хуудас хулгайлах гэж байгаад хоригджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Зурагт хуудас хулгайлах гэж байгаад хоригджээ

 

Хойд Солонгост хоригдсон америк оюутан даваа гаригт /II.29/ хэвлэлийн хурал хийж, улс төрийн суртал ухуулгын зурагт хуудас хулгайлах гэснийхээ төлөө уучлал гуйжээ. АНУ-ын Виржиниа их сургуулийн оюутан Отто Уормбиер  өнгөрсөн нэгдүгээр сард Пхеньянд баривчлагдсан юм. Тэрбээр сүмийн гишүүний ятгалгаар байрлаж байсан зочид буудлынхаа ажилчдын өрөөнөөс улс төрийн суртал ухуулгын зурагт хуудсыг авах гэж байгаад баривчлагджээ. Өдгөө 21 настай Отто Уормбиер “Залуу пионерын аялал” /Young Pioneer Tours/  агентлагийн зуучлалаар Хойд Солонгост очсон байна. Тэрбээр “Янгакдо” олон улсын зочид буудалд байрлаж байсан аж. Хятадад төвтэй “Залуу пионерын аялал” агентлаг нь Иран, Куба, Туркменистан, Ирак зэрэг бусад социалист орнуудад аяллын зуучлал хийдэг байна.

 

Отто Уормбиерийн хэлснээр сүмийн найзынх нь ээж тэрхүү улс төрийн суртал ухуулгын хуудсыг авч сүмийнхээ хананд байрлуулахыг хүссэн гэнэ.  Улмаар түүнд суртал ухуулгын хуудсыг авч чадвал  10 мянган ам.долларын үнэтэй автомашинаа өгөхөөр амласан байна. Мөн баригдсан тохиолдолд ээжид нь 200 мянган ам.долларыг хандивын журмаар өгнө хэмээн ятгажээ. Тухайн үед Отто Уормбиерийн гэр бүлд санхүүгийн хүндрэл тохиолдоод байсан аж. Уг сүм нь Охайо хотын Виомин хотод байрладаг гэнэ.

 

Түүнчлэн тэрээр Виржиниа их сургуульд байх нууц “Z Society” гэх нууц нийгэмлэгт элсэхэд дэмжлэг авахаар ярилцсан байна. Уг нийгэмлэг нь филантропи чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оюутнуудын дунд хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулж, академийн шагнал гардуулдаг гэнэ. Уг нийгэмлэг 1892 онд байгуулагджээ.

 

Хойд Солонгост өмнө нь Америкийн хоёр сэтгүүлч баривчлагдсаныг 2009 онд тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтон Пхеньянд айлчлах үеэр суллаж байжээ. Мөн Хойд Солонгост очсоныхоо дараа визээ урсан Мэттью Миллер гэгчийг авчрахын тулд АНУ-ын тагнуулын газрын дарга Жеймс Клаппер 2014 онд Пхеньянд айлчилсан байв. Мэттью Миллертэй хамт Жеффри Фоул гэгч Хойд Солонгост зургаан сарын турш хоригдсоныхоо дараа АНУ-ын засгийн газрын онгоцоор нутаг буцжээ.  Түүнчлэн 2012 онд сүмийн номлогч Кеннет Бей гэгч Хойд Солонгосын нэгэн клубт библээ үлдээснээс баривчлагдаж, 2012 оны арваннэгдүгээр сараас хойш хоригдож байна.

 

 

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж