Цас их хэмжээгээр орсноор Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймгийн чиглэлийн даваа гүвээтэй замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа талаар Авто тээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн Улаанбаатар хотод өнгөрсөн Баасан гаригт цас орсноор тээврийн хэрэгслүүд осол гаргасан дуудлага эрс нэмэгджээ. Жолооч нар автомашиныхаа дугуйг өвлийнхөөр солиогүйгээс осол гаргах, түгжрэл зохиомлоор үүсэх нэгэн шалтгаан болж буйг онцоллоо.
Иймээс тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай бол өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, өвлийн дугуйгаар солихыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Эрс тэс уур амьсгалтай, цас их ордог Монгол орны хувьд өвлийн улирал ирэхэд тээврийн дугуйг өвлийнхөөр солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай, хөлддөг аж. Ингэснээр дугуйн хий сулрах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх зэргээр эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг байна.
Мөн зуны дугуйгаа солилгүй хөдөлгөөнд оролцох юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох юм байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ