Эрчим хүчний эх үүсвэрүүд болох “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай хангагдаж, өвлийн их ачааллын горимд шилжсэн байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд эрчим хүчний 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК энэ өвөлд бэлтгэн 1400 гаруй тонн шингэн түлш нөөцлөөд байна. Мөн Багануур, Шивээ-Овоо уурхайгаас 3.5 сая тонн нүүрс авах аж.
Өнгөрсөн 2019-2020 оны өвөл тус станцаас хамааран шалтгаалсан цахилгаан, дулааны тасалдал гараагүйг мэдээлж байна. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлт жилээс жилд 5-8 хувиар нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тус станц дөрвөн турбиныг шинэчилж, хүчин чадлаа 89 мянган мегаваттаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус станц есөн тоноглолд их засвар болон шинэчлэл хийжээ. Өвлийн бэлтгэл ажлыг 12 дугаар сард бүрэн дуусгахаар шахуу хуваарьтай ажиллаж байгааг мэдээллээ.
Аймаг, орон нутгийн хувьд Өмнөговь аймаг дахь Даланзадгадын дулааны цахилгаан станц гурван зуух, хоёр турбин генератортой хэвийн горимоор ажиллаж 1200 гаруй айл өрх, төсвийн 44 аж ахуй нэгж, 130 гаруй байгууллагын цахилгаан, дулаанаар хангаж байна. Өргөтгөл шинэчлэлийг хийсэн ААН, компаниудын үйл ажиллагаанаас хамааран дулаан түгээх ажил хойшлогдож байсан ч өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн эрчим хүч, дулааныг хэсэгчилсэн байдлаар өгөөд байгаа аж.