Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр /2020.10.31/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээжээ. Уг захидалд Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал хүндэрч, галын шугам газар нутгийнх нь хилд ойртож ирсэн тул яаралтай тусламж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр сөргөлдөгч Азербайжаны талд Туркийн эрх баригчид зэвсгийн тусламж үзүүлж байгааг дурдсан байна.
Харин ОХУ-ын талаас уг захидлын хариуд “Мөргөлдөөн Арменийн нутаг дэвсгэрт хүрвэл тусламж үзүүлэхэд бэлэн” гэх хариуг өгчээ.
Одоогоор Армени, Азербайжаны мөргөлдөөн Арменийн хилээс нэлээд зайтай, Азербайжаны нутаг дэвсгэрийн гүнд оршдог Уулын Карабахт өрнөж байгаа юм. ОХУ, Армени нар нь батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээтэй орнууд билээ. Дээрх хоёр улсын хоорондын сөргөлдөөн есдүгээр сарын 27-ноос хурцдаж, үүнээс хойш гурван ч удаа гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч бүгд зөрчигдсөн юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ