УДШ-ийн шүүгчид Ц.Цогт дэмжигдэж, С.Батхүлэг гологдов

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

УДШ-ийн шүүгчид Ц.Цогт дэмжигдэж, С.Батхүлэг гологдов

УДШ-ийн шүүгчид Ц.Цогт дэмжигдэж, С.Батхүлэг гологдов

NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдалд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан, "Оюутолгой" төслийн Монголын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүний томилгоо, мөн Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагааннуур, Боршоо боомтыг хаах шийдвэр гарсныг багтаалаа.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож,  нэрээ татахыг шаардсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас УИХ-д нэр дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг зөрчиж, хуулийн дээд зарчим зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна.

Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад унасан. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина.

Нэр дэвшигч Батхүлэг гэдэг хүний УИХ-д өгсөн анкет нь байна. Намтартаа 2002-2005 онд төслийн менежер, 2006 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2015 оны зургаадугаар сараас эхэлж ажилласан гэж тооцохоор дөрвөн жил зургаан сар өмгөөлөгчөөр ажилласан гэж үзье. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм.

УДШ хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. УДШ бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш.

Би Ц.Цогт шүүгч дээр ямар ч зүйл ярихгүй, дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна.

С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Бид УИХ-ын сонгуульд МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн.

ХХБ -ны хуулийн хэлтсийн захирал байсан хүн Дээд шүүхэд орлоо гэдэг маргаан гарсан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор. Одоо Голомтын хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан хүн ороод ирлээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд тодорхой шаардлага тавьсан байгаа. Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил, Давж заалдах шатны шүүхэд арваас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл энэ хүн чинь уг шаардлагыг хангаж байгаа юм уу.

Ерөнхийлөгчийн зарлиг гарвал дараа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орохгүй юу.

Бид ХХБ- ны төлөөллөөс Голомт банкны төлөөлөлд шилжих юм уу. Энэний төлөө Шүүхийн хуулийг өөрчлөх гэж явж байгаа биш ш дээ. Одоо УИХ-аар Шүүхийн хуулийг хэлэлцэж байна.

С.Батхүлэг та хэдэн хэрэг дээр ямар хэлбэрээр шүүх рүү орж байсан бэ. Нэхэмжлэгч, хариуцагчийн алинаар орсон бэ.

Энэ бол шударга биш, бухимдал төрж байна. Би ер нь УИХ- д яах гэж орж ирснээ ойлгохоо байлаа. Яасан ичдэггүй юм, яасан даналзуур юм та нар. Нэг банкнаас нөгөө банкинд шилжих гэж Шүүхийн шинэчлэлийг хийхээр яваагүй. Та өөрөө нэрээ татах хэрэгтэй.

Таван жил өмгөөллөөр ажилласан л гэнэ. Шүүхээр тоглох гэж байгаа бол зогсоо. Ард нь хэн байдаг юм, дохиурны улсууд. Одоо УДШ-д орж, битгий айлга. Ийм зарчим тогтоох гэж шүүхийн хуулийг өөрчлөх гээгүй.

Танилцуулгыг сонсоод зүгээр өнгөрнө гэж байхгүй, хойшлуулах саналтай байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Чоно борооноор гэгчээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэгдэж гарахаас  өмнө шударга ёсны шаардлагыг хуулиар өндөржүүлэхээс өмнө амжиж, хуулийн шаардлага хангахгүй хүнийг оруулж ирж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд УДШ-ийн шүүгч нь хуульч мэргэжлээр арваас доошгүй ажил ажил ажилласан байх гэдэг шаардлага байгаа шүү. Одоо бидний хэлэлцэж байгаа, сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн  Шүүхийн тухай хуулийн төсөлд УДШ-ийн шүүгчид тавигдах шаардлага улам өндөрссөн. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилласан байх, шүүхэд арван жил ажилласан байх,  хэргийг шударгаар шийдсэн байх, хэрэг уншсан байх, арван жилийн турш авлига хээл хахуульд нэр холбогдоогүй байх шаардлага тавьж, өндөржүүлэх гэж байна. Гэтэл тэрнээс өмнө банкинд ажилласан хүнийг нэр дэвшүүлээд сууж байна. Банкинд ажилласан гэдэг эрх ашгийн зөрчилтэй.

УДШ-ийн  шүүгч бол хэний ч нөлөөнд үл автан хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа.  Энэ хүн арван жил Голомт банкны эрх ашгийг хамгаалж ажилласан. Та өөрийгөө хэрэг маргаанд оролцож байсан гэж яриад байна. Голомт банкны эрх ашгийг хамгаалж, маргаанд оролцож байсан шүү дээ гэсэн юм.

Эцэст нь УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг хойшлуулах шийдвэрийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Н.Багабанди гурав дахь удаагаа Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болов

“Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүнийг сонгон шалгаруулалтаар тодруулсан ч Ерөнхийлөгч асан Н.Багабанди дахин сонгогдсон нь араасаа шүүмжлэл дагуулав.

Сонгон шалгаруулалт зарлахад нийт 40 гаруй хүн материалаа ирүүлснээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир, ЖиПи Морган компанид ажиллаж байсан Э.Баясгалан нар тэнцэж, Засгийн газар өнгөрсөн Лхагв гаригийн хуралдаанаараа тэднийг Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр томилов.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд гурав дахь удаагаа дээрх төслийн Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах юм. Тэрбээр 2008-2012 он хүртэл, мөн 2016 оны наймдугаар сараас өнөөг хүртэл тус төслийн ТУЗ –ийн гишүүнээр томилогдон ажилласан. Харин сая дахин томилсноор 2024 он хүртэл ажиллах болж байна.

Э.Баясгалан, З.Ган-Очир нарын хувьд анх удаа Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллана.

Засгийн газраас сонгон шалгаруулалт зарлах үеэр сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн Монголын талын гурван ТУЗ-ийн гурван гишүүнийг бүгдийг солино” гэх амлалт өгч байсан ч чадсангүй.

Covid-19 цар тахлаас сэргийлж, Цагааннуур, Боршоо боомтыг хаана

Засгийн газар Баасан гаригт ээлжит бусаар хуралдан хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргав. Боомтыг арваннэгдүгээр сарын 2-ноос хаах юм.

Ачаа тээврийн нийт 30 жолоочоос Covid-19 вирус илэрсэн бөгөөд хоёр нь аравдугаар сарын 29-нд шөнө Цагааннуурын боомтоор орж ирсэн байна.  Иймээс ОХУ-д Covid-19 цар тахлын дэгдэлт эрчимжсэн, дэлхийн бусад улс орнууд хөл хориогоо чангатгаж байгаа зэргийг харгалзан үзэж, дээрх шийдвэр гаргажээ.

Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг аж.

Шадар сайд Я.Содбаатар “Баруун бүсийн боомтоор орж ирж байгаа гол бүтээгдэхүүн нь нефть. Өнөөдөр бид нефтийн бүтээгдэхүүний нэг сарын нөөцтэй учраас хүндрэл гарахгүй. Цаашид 21 хоногийн дараа тодорхой хугацаагаар нефть оруулж ирэх боломжуудыг судалж байна. Бусад боомтууд дээр карантины тодорхой зоон байгуулахаар төлөвлөж байгаа. Боомтоос нааш жолооч нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан, ажлын хэсэг ажиллаж байна. Боомтуудыг хааж байгаа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Халдвар илэрсэн ОХУ-ын хоёр жолоочтой ямар нэг ойрын хавьтал байхгүй ч хилийн цэрэг, гааль зэрэг байгууллагын 28 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч, хяналтдаа авсан”гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан тохиолдол байхгүй. Бид дотооддоо тандалтын шинжилгээ авч байгаа. Цагаан нуурын боомттой хил залгаа бүсэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, нас баралт өссөн, мөн тус боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн учраас ийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж байна. ОХУ-ын хоёр жолоочийн шинжилгээний хариу 11.00 цагийн мэдээллийн дараа гарсан учраас одоо мэдээлж байна. Мөн жолооч нарыг тухайн улстай нь холбогдож,  нутаг руу нь буцаасан” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 346 болоод буй. Эдгээр нь бүгд гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж