Турк Сирийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Турк Сирийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэв

 

Сирид гал зогсоосноос хойш 24 цагийн хугацаанд Турк улс есөн удаа зөрчсөн хэмээн ОХУ-ын талаас мэдээллээ. Сирийн хойд хэсгийн Тал Абяд хотод Турк улсаас 100 байлдагч орж ирсэн бөгөөд их буугаар галласан тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлж байна. Туркийн арми “террорист байгууллага” хэмээн нэрлэсэн курдын зэвсэгт дайчдын эсрэг Сирид галаа зогсоогоогүй гэнэ. Турк нь курдын зэвсэгт дайчдын эсрэг өнгөрсөн долоо хоногоос хойш хөрш Сирийн газар нутагт их буугаар галлах болсон юм. Турк нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд Сирийн гал зогсоох хэлэлцээрийг дагахгүй хэмээн мэдэгдэж аж.

 

Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайнд анх удаа сөргөлдөгч талууд гал зогсоогоод байна. Сирид баасан гаригийн шөнө дундаас эхлэн гал зогсоожээ. Гал зогсоох хэлэлцээрийг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газар болон босогчдын 100 гаруй бүлэг, фракц дагахаа мэдэгдсэн юм. Гэхдээ үүнд аль-Каидатай холбоотой аль-Нусра хүчин болон “Исламын улс” зэрэг зэвсэгт бүлэглэлүүд багтахгүй. Сирийн гал зогсоох үйл явцыг АНУ болон ОХУ-ын тэргүүлсэн тусгай баг хяналт тавьж ажиллаж байгаа юм. Тэд ирэх өдрүүдэд Женевт уулзаж гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх аж.

 

Үүний зэрэгцээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад ирэх дөрөвдүгээр сарын 13-нд парламентын сонгууль явуулахаар зарласан юм. Дэлхийн хүчирхэг гүрнүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард Венад уулзах үеэрээ Сирийн зөрчлийг шийдэх ерөнхий зураглалыг гаргасны дагуу гал зогсоож, парламентын сонгууль явуулах гэж байна. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан, дүрвэсэн юм.

 

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж