Амьдралынхаа гарааг эхлүүлж, шинээр их, дээд сургуульд элсэн сурч буй оюутнуудад олон асуудал тулгардаг. Тэднийг амжилттай суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, найз нөхдийн харилцаагаа өргөжүүлж, хуримтлалтай болох, цаашлаад Монгол Улсын үнэ цэнэтэй иргэн болон төлөвшихөд чиглэгдсэн “Rise” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2020.10.31/ Хүүхдийн паркт байрлах “White Rock” төвд боллоо.
“Хаан” банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Хаан банк” сангаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус хөтөлбөрт энэ жил 2700 гаруй оюутан бүртгүүлснээс 400 оюутан сонгогдон, нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байлаа. Өмнөх жилүүдэд энэ хөтөлбөрт 1000 оюутан хамруулдаг байсан бол энэ жилийнх сонгон шалгаруулалт хийж, шилдэг 400 оюутан оролцож буйгаараа онцлог ажээ.
Оюутан залуус ханан дээр ирээдүйн зорилгоо бичиж, өөрт хэрэгтэй эрүүл мэнд, цахим банкны үйлчилгээ зэрэг олон талын мэдээлэл авч байв. Шинэ оюутнуудад хэрэгтэй бүх мэдээллийг эндээс авах боломжтой юм байна.
“RISE” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ НЭЭГДДЭГ”
Нээлтийн хөтөлбөрт сонгогдон оролцож буй Ж.Хулан “Би АШУҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан. Энэ хөтөлбөрийн мэдээллийг анх фэйсбүүкээс авч судалсан. Тэгээд хүсэлтээ явуулахад тун удалгүй “Хөтөлбөрт тэнцсэн” гэсэн хариу ирсэн байсан.
Шинэ оюутны хөгжлийн “Rise” хөтөлбөрт хамрагдсанаар олон талаар өөрийгөө хөгжүүлэх боломж нээгддэг. Сурагчид арван жилийн сургуулиа төгсөөд, бие дааж эхэлдэг. Шинээр их сургуульд элсэн сурч байгаа оюутнуудад тусалж, хүсэл мөрөөдлөө олоход нь чиглүүлж өгдөг хөтөлбөр.
Оюутны өөр хөтөлбөрт хамрагдах гэхээр хоёр, гуравдугаар курсийн оюутан байх, мэргэжил заах гэх мэт шалгуур тавьсан байдаг. Харин “Rise” хөтөлбөрт нэгдүгээр курсийн оюутнуудаас гадна дээд курст суралцаж буй оюутнууд ч хамтран ажиллаж, хөгжих боломжтой” гэв.
З.Анударь “Би АШУҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан. Энэ жил Дундговь аймгаас хотод ирж суралцаж байна. Миний хувьд “Хаан банк” сангаас хэрэгжүүлж буй “Rise” шинэ оюутны хөтөлбөрт хамрагдаж, шилдэг 400 оюутны нэгээр шалгарсандаа баяртай байна.
Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ маш зохион сайн байгуулалттай, хэлэлцүүлж байгаа илтгэлүүд нь сонирхолтой санагдлаа. Орон нутгаас шинээр оюутан болж ирэхэд цоо шинэ орчин, хүмүүс хүлээж авдаг. Одоо хичээл эхлээд найман долоо хоног болсон байна. Энэ хугацаанд шинэ орчинтойгоо дасан зохицож, танилцлаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
“Мандах” их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Б.Лувсанхорол “Миний хувьд энэ жилийн “Rise” хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар олон найзтай болж, сайн дурын ажлуудад гар бие оролцож, өөрийгөө олон талаар хөгжүүлж байна. Шинэ гэлтгүй оюутан залуусыг хөгжүүлж, урам зориг өгч, чиглүүлдэг олон хөтөлбөр хэрэгжээсэй гэж хүсдэг” хэмээн хэлэв.
“ХӨТӨЛБӨРТ ОРОН НУТГААС ИРСЭН ОЮУТНУУДЫГ ХАМРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ”
“Хаан” банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Р.Мөнхтуяа хөтөлбөрийн нээлтийн үеэр ярихдаа “Хаан” банкнаас "Хаан банк" сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “Rise” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутгаас Улаанбаатар хотод суралцахаар ирсэн оюутнуудад хотын соёлыг түгээж, өөрийгөө хэрхэн хөгжүүлж, зорилгоо хэрхэн тодорхойлох вэ, ирээдүйн зорилгодоо амжилттай хүрэхэд нь туслах зорилготой. Өнөөдөр холын зорилгоо зөв тодорхойлсон хүн амжилтад хүрч чадна.
Мөн “Хаан” банкнаас өнгөрсөн 13 жилийн турш оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 2400 орчим оюутан хамруулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1800 оюутан манай хөтөлбөрт хамрагдаад байна. Манай сангаас зохион байгуулж буй энэ хөтөлбөрт энэ жилийн хичээлийн жилийг дуустал хамрагдах бүрэн боломжтой” гэж яриандаа онцоллоо.
“ХҮНИЙ ДАДАЛ ЗУРШИЛ ГЭГЧ ХУРИМТЛАЛТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ”
Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний эхний хэсэгт “Хаан” банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир хэрхэн хуримтлал үүсгэж, санхүүгийн сахилга бат төлөвшүүлэх арга, зөвлөмж өгсөн юм. Тэрбээр “Системтэй өсөлт том үр дүнд хүргэдэг. Хуримтлал ч гэсэн үүнтэй адил. Тэгэхээр хүний дадал зуршил гэгч хуримтлалтай салшгүй холбоотой.
Сарын орлогынхоо 50 хувийг хэрэглээндээ, 30 хувийг хүсэлдээ, 20 хувийг хуримтлалд хадгалж байгаарай. Гэхдээ энэ зарчим яг энэ хувиараа хэрэгжихгүй, харилцан өөр байж болно. Өөрийнхөө орлогыг заавал ангилж, зарцуулаарай” гэж зөвлөсөн юм.
БИД ЯМАР ХОТОД АМЬДАРЧ БАЙНА ВЭ?
Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Бид ямар хотод амьдарч байгаа” талаар сонирхолтой түүхэн мэдээ мэдээллийг танилцууллаа. Тэрбээр “Энэ жил Улаанбаатар хотын 391 жилийн ой тохиож буй. Энэ хотод албан бусаар 1 сая 800 мянган иргэн амьдарч байна. Хотод амьдарч буй иргэд “Богдын хүрээ”, “Социалист Улаанбаатар”, “Социализмын дараах Улаанбаатар” гэх түүхэн цаг үеийн гурван хотод амьдарч байна.
Богдын хүрээнд хэд хэдэн том баяр болдог байсан. Үүний нэг нь Майдар эргэх ёслол. Энэ ёслол хавар болгон болдог. Шашны том баяр. Энэ баяраар нэг хэлц гарсан нь “Майдар аа, намайг хараарай” гэдэг хэлц. Энэ нь одоогийн залуусын хэлдгээр “Би хамгийн гоё дээрээ тавьчихсан байна” гэсэн үг. Тухайн үед хамгийн том баярт оролцохын тулд гоё хувцсаа өмсч ирдэг байжээ.
Дараа нь 1924 онд Улаанбаатар хотын захиргааг байгуулж, 1925 онд хотын захиргаанаас хотын иргэн гэж хэн бэ гэдэг тодорхойлолт гаргасан. Үүнд “Хотод байнга оршин суудаг, хөдөө гэр оронгүй хүмүүсийг хотын иргэн гэнэ” гэж тодорхойлж, 64 мянган хүнээс 14 мянга нь хотын жинхэнэ иргэн байсан. Эдгээр иргэдэд хотын жинхэнэ иргэдийн анхны үнэмлэх өгсөн” хэмээн сонирхолтой түүхээс ярьж өглөө.
ХЭРХЭН АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ ВЭ?
Хөтөлбөрийн гол хэлэлцүүлэг бол “Хэрхэн амжилттай суралцах вэ?”. Энэ асуултад хариулж, өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Ц.Булган, “Unread” мэдээллийн вэбсайтын үүсгэн байгуулагч А.Ундрал, “Хаан” банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал Ж.Номин-Эрдэнэ болон “Rise” хөтөлбөрийн 2019 оны оролцогч Дотоод хэргийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан О.Өгөөмөр-Үжин нар хүрэлцэн ирсэн байв.
Хэлэлцүүлгийн үеэр “Unread” мэдээллийн вэбсайтын үүсгэн байгуулагч А.Ундрал “Хүссэн, хүсээгүй бидний амьдралын нэг хэсэг сошиал орчин болчихсон байна. Энэ орчноос өөрт хэрэгтэй, үнэн зөв мэдээлэл олж авах шаардлага үүсдэг. Тухайн хүний мэдрэмж, хандлага маш чухал. Хэрэгцээгүй олон мэдээлэлд төөрч, хайран цаг хугацаагаа алдаж байгаа нь харамсалтай. Тиймээс зөв цагтаа, зөв газраас үнэн зөв мэдээллээр тархиа цэнэглэж байх нь чухал” хэмээн хэлэв.
“Хаан” банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал Ж.Номин-Эрдэнэ “Монголын их сургуулиудад хичээл заахдаа ерөнхий мэдлэгийн хичээл нь танхимаар, багаар ажиллах хичээл нь танхимын бусаар байдаг. Гэтэл АНУ-ын их сургуульд эсрэгээрээ байсан нь амжилттай суралцахад нөлөөлсөн гэж боддог. Миний суралцах арга барил гэвэл бусдыг сонсч суралцдаг. Хоёрдугаарт, гараараа хийж байж суралцдаг арга барилтай гэдгээ олж мэдсэн” тухайгаа хэлсэн.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ