Туркийн Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлагаас мэдээлснээр, тус улсын баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 24 болж нэмэгджээ. Өмнө нь газар хөдлөлтийн улмаас 20 хүн нас барж, 800 хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлж байв.
Тус агентлагаас мөн зөвхөн Измир төдийгүй Айдин, Манис, Балыкесир хотуудад ч шархадсан хүмүүс бий гэж мэдээлсэн байна.
Туркийн аврагчид 10 гаруй цагийн турш нурсан байшингуудын нуранги дороос иргэдийг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй хүнийг авраад байгаа аж.
Өнгөрсөн Баасан гариг (2020.10.30)-т Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн төв цэг Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгейн тэнгист байжээ.
Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч 6.9 магнитуд байсан гэж тооцжээ.
Самос арал дээр хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн талаар хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган байгалийн гамшигтай холбогдуулан үг хэлэхдээ “Хоёр улс гамшигтай нүүр тулах үед Анкара, Афины эв санааны нэгдэл амьдралын олон зүйлээс илүү үнэ цэнтэй" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS, ANADOLU
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ