Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5 ба 17.2 дах заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/493 тушаал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/46 тоот тушаалд заасны дагуу “Монголын оюутны спортын V наадам”-ын шигшээ тэмцээнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд спортын 10 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Монголын оюутны спортын V наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэн хөгжүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017 онд явагдан энэ оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохиогдохоор болсон юм.
Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо/МОСХ/ ажиллаж байна. Хамтран ажиллагч байгууллагаар БШУЯ болон Монголын оюутны холбоо орсон.
Наадмын ЗБХ-г 10 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд байгуулан, бэлтгэл ажлыг хангаж байна.
Наадмыг дэмжигч байгууллагаар Б.Ганхуяг захиралтай Үндэсний бүтээн байгуулагч “Эрдэнэс Тавантолгой" ХК орж, нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны спортын V наадамд туслалцаа үзүүлэн оролцож, өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Коронавирусийн халдварын улмаас хорио цээр тогтоосон тул наадмыг 2020 оны дөрөв ба аравдугаар саруудад явуулахаар төлөвлөсөн хугацаанд хоёр удаа өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой бүсийн болон гадаадад суралцагч оюутны спортын наадам явагдаагүй.
Наадмын зааврын энэ хэсэгт өөрчлөлт орж, бүсийн наадам явагдаагүй тул сагсан бөмбөг, волейболын тэмцээнд оролцогч багт хязгаар тогтоон 2017-2019 онд МОСХ-ноос явуулсан тэмцээний рейтингээр зохих тооны багуудыг оролцуулахад хүрсэн байна. Наадмын бусад найман спортыг төрөлд оролцоход оюутнуудад ямар нэгэн хязгаар тогтоогоогүй болохыг албан ёсоор мэдэгджээ.
Мөн бүсийн наадам явагдаагүй тул орон нутагт явуулах арга хэмжээ тасарсан тул орон нутгийн оюутны дунд энэ оны арванхоёрдугаар сарын 11-нээс 13-нд Архангай аймгийн төвд “Монголын оюутны спортын наадмын бүсийн тэмцээн” явуулахаар болж, заавар нь батлагдан гарч, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ наадамд 10 орчим аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн 400 орчим шилдэг оюутан оролцож, спортын таван төрлөөр өрсөлдөх юм.
Наадмын анхан шатны тэмцээнүүд их, дээд сургууль болгон дээр төрөл бүрийн хэлбэрээр 2019, 2020 онд үргэлжлэн явагдаж, 94 их, дээд сургуулийн 140 мянган оюутан хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчдаа шалгаруулжээ. Наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг, бүртгэл анх удаа БТСУХ-ны www.sportgames.mn сайтаар дамжин, цахимаар явагдаж байна.