“Ерөнхий сайд түгжрэл бууруулах дорвитой арга хэмжээ аваасай”

Хуучирсан мэдээ: 2020.10.31-нд нийтлэгдсэн

“Ерөнхий сайд түгжрэл бууруулах дорвитой арга хэмжээ аваасай”

“Ерөнхий сайд түгжрэл бууруулах дорвитой арга хэмжээ аваасай”

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Ж.ГАНБААТАР: ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖСЭН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ ЧУХАЛ БАЙНА

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-2021 оны төсөв хэлэлцэгдэж байна. Гишүүд төсвийг янз бүрээр дүгнэж байна. Таны хувьд алдаа, оноотой зүйл нь юу байна вэ?

-УИХ-ын гишүүдтэй би ижил байр суурьтай байна. Төсвийн алдагдал дэлхий даяар өсч байна. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр алдагдалтай төсөв дан ганц Монгол Улсад бус дэлхий нийтээрээ батлагдаж байна. 2021 оны төсвийн алдагдлыг өмнөх жилийнхээ 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын нийт зардал 3.49 их наяд төгрөг. Үүнээс барилга байгууламж 2.6 их наяд, засвар 88 тэрбум төгрөг суулгасан. Төсвийн зарлагын 87 орчим хувь нь урсгал зардал байна. Төсвийн байгууллагын нийт ажилчдын цалин, дулаан, цахилгаан, тавилга тохижилт, гадаад, дотоод томилолт, олон дэд дарга нарын цалин энэ бүхэн  урсгал зардал.

2016 онд гишүүн болсноосоо хойш төсвийг анзаарахад, өмнө жил нь баталсан хөрөнгө оруулалтын зардал дараа жилдээ төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлдэг талтай. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь ирэх жилийнхээ төсвийн  урсгал зардлыг өсгөдөг гэсэн үг. Тиймээс аль болох төсвөөс орох хөрөнгө оруулалтыг зардал өсгөдөг салбарт битгий оруулаач гэдэг асуудлыг би хөнддөг. Хувь хүн, айл өрх зуслангийн байшин худалдаж авлаа гэхэд түүнийгээ тохижуулах, цахилгаан, дулааныг нь  шийдэхээс эхлээд харуул хамгаалалтад санхүү хөрөнгө шаардагддаг шүү дээ. Машинтай боллоо гэхэд шатахуун, гараж авах хэрэгтэй болдог. Яг үүнтэй адил төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтууд дараа дараагийн жилүүддээ ч урсгал зардал нэмэгдүүлдэг. Иймэрхүү урсгалд зардалд төсвийн мөнгө зарцуулагддаг байж болохгүй. Буцааж үр өгөөжөө өгдөг бол өөр хэрэг.

Хоёрдугаарт, төрийн мөнгө гэж байдаггүй, төсвийн орлогыг татвар төлөгчид бүрдүүлдэг. Иймд ялангуяа төсөв хэлэлцэх үеэр ард түмний мөнгийг зарцуулахдаа  аль салбарт зарцуулах уу гэдэгт саналыг нь авдаг байх ёстой. Бизнесийн орчныг дэмжих сайн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, тээврийн гол замууд барихад төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулаасай гэж хувийн хэвшлийнхэн хүсч байна.

-УИХ-ын гишүүдийн зүгээс 2021 оны төсвийн хуваарилалт харилцан адилгүй байгааг шүүмжилж байгаа. Та үүнтэй  санал нийлэх үү?

-Зарим аймагт төсвийн хуваарилалт шударга бус байгаа. Гэхдээ ихэнх хөрөнгө оруулалт нь дэд бүтэц  буюу зам тавихад зарцуулагдах юм билээ. Нийслэлийн хөрөнгө оруулалт аймгуудаас хэд дахин бага байна. Гэтэл Улаанбаатар хотод нийт хүн амын дийлэнх олонх нь амьдарч ажиллан, төрийн үйлчилгээг авч байна. Хоёрдугаарт, зарим аймаг, суманд хэрэгцээгүй сургуулиуд их байна. Анги дүүргэлт нь 20 хүүхдээс хэтэрдэггүй. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна” гэсэнтэй би хувьдаа санал нийлнэ. Үнэний ортой. Гэтэл манай Баянгол дүүрэгт гурван ээлжийн сургууль нэг ч байхгүй гэх боловч хүүхдүүд нэг ширээнд гурвуулаа сууж байна. Ажил хийсэн болж  хүчээр харагдах гэж.

Уг нь төсвийн орлого жил бүр чамлахааргүй нэмэгдэж байгаа. 2016 онд төсвийн нийт орлого 6-7 их наяд орчим төгрөгт эргэлддэг байсан бол дөрвөн жилийн хугацаанд 12 их наяд төгрөг болтлоо өслөө. Төсөв томорч байгаагийн гол шалтгаан нь иргэд, ААН-ийн татвараа сайн төлж байна гэсэн үг. Татвараа төлөөд л байдаг. Гэтэл нийслэлийн иргэд түгжрэлд хамаг ажил, амьдралаа барж байна. Эцсийн дүндээ агаарын бохирдол, түгжрэлийг шийдээд өгөөч гэж иргэд татвараа төлдөг. Уг нь нийслэлийн түгжрэлийг шийдэх бүрэн боломжтой  шүү дээ.

-Хэрхэн?

-Олон арван сая хүн амтай томоохон хотуудад хэрэгжүүлдэг шиг дугаарын хязгаарлалт хийх, эсвэл автомашинуудыг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах, хотын төв рүү нэврүүлэхгүй байх гэх мэт шийдлийг манайхан ярьдаг. Гэтэл 3.3 сая хүн амтай манайд асуудлыг дээрх байдлаар шийдэх бус аль болох олон зам барих нь зөв юм. Замын асуудлыг хувийн хэвшилд боломж гаргаж өгвөл шийдэж болно гэж харж байгаа. Ерөнхий сайд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан шигээ одоо түгжрэлийг бууруулахад дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсч байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


"МАН ТЭТГЭВРИЙН РЕФОРМ ХИЙХ АМЛАЛТАА МАРТАЖ БОЛОХГҮЙ"

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар "Ард Лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Гантулгатай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжигдээгүй?

-Тэтгэврийн реформ буюу шинэчлэлийн асуудал сүүлийн 25 жил яригдаж буй асуудал. Улстөрч, эдийн засагчдын гол ярианы сэдэв болоод байна. Монгол Улсад олон тулгуурт хуримтлалд суурилсан тэтгэврийн тогтолцоог бий болгох нь шинэчлэлтийн гол агуулга нь юм. Үүний хамгийн эхний алхам нь энэ оны тавдугаар сард шинээр өргөн баригдсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл юм. Гэвч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны хурлын үеэр зохион байгуулалтгүй, замбараагүй байдлаас үүдэн хуулийн төслийн хэлэлцүүлэг санал тэнцэж, уналаа. Хуралдаанд гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй. Жишээ нь, 14 хүний ирц бүртгэгдсэн байсан ч дөрвөн гишүүн танхимд байгаагүй. Танхимд санал өгсөн 10 гишүүний 7 нь дэмжиж, гурав нь татгалзсан санал өгсөн. Санал хураалтын дараа татгалзсан гурван гишүүний нэг нь кноп андуурсан гэх тайлбар өгсөн. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт санал хураалтад оролцсон 14 гишүүний 7 нь дэмжиж, 7 нь татгалзаж санал тэнцлээ. Ийм тохиолдолд хуулийн төсөл дэмжигддэггүй юм байна. Тэгэхээр тэтгэврийн сангийн тогтолцоо, системийг шинэчлэх ажил хойшлогдож байна гэсэн үг. Тэтгэврийн системийг шинэчлэх ажлыг парламентаас хүлээхээргүй болж байгаа бололтой.

Угтаа бол шинэ парламент тэтгэврийн системийг шинэчлэх асуудалд цаг гаргаж, ажлын хэсэг байгуулах, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой байсан. Тиймээс тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг дахин хэлэлцэх ёстой. Хууль эрх зүйн үндэслэлийг нь судалбал дахин хэлэлцэх учиртай, хуулийн төсөл буцаагдах үндэслэл байхгүй. Мөн энэ талаар олон нийт өөрсдийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд саналаа хүргэх хэрэгтэй.

Ирэх дөрвөн жилийг хүлээхгүйгээр тэтгэврийн системийг шинэчлэхэд ажлын хэсэг байгуулагдах ёстой. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэх асуудал дахин хойшлогдвол тэтгэврийн системийг хэзээнээс  шинэчлэх нь тодорхойгүй эрсдэл үүснэ.

-Өргөн барьсан хувийн тэтгэврийн тухай хуулийн үр өгөөж нь иргэдэд шууд очих байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад буцаагдлаа?

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн үндсэн зарчим нь хуримтлалын тогтолцоо буюу хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Иргэд тэтгэврийн хуримтлалд тодорхой хэмжээний орлого хийснээр эдийн засгийн эргэлтэд шууд хөрөнгө оруулалт, бодит зээл, хувьцааны хөрөнгө оруулалт болж компаниудад очно гэсэн үг. Тухайн компанийн үр ашиг нь иргэдэд очих боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлж өгч байгаа юм. Харин улсын тогтолцоо даатгалд суурилсан. Үүний сул тал нь даатгалын бүтээгдэхүүний  хувьд тэтгэвэрт гарах нь эрсдэл болж хувираад байна. Даатгал бол эрсдэлийг хамгаалж буй санхүүгийн бүтээгдэхүүн байтал тэтгэврийн даатгал нь эрсдэл болсон. Мөн өнгөрсөн жилээс УИХ-аар тэтгэвэрт гарах насыг нэмсэн. Ингэснээр тэтгэвэрийн сангийн алдагдлыг бууруулах буюу тэтгэвэрт гарах хүний тоог багасгасан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ


Ө.ГАНТӨМӨР: МОНГОЛ ТУЛААНЧИД БУСДААС АЙХ АЙДАСГҮЙ БАЙДАГ

Бие хамгаалах урлагийн ОУХМ, боксын спортын мастер, Ази тив, дэлхийн аварга Өлзийхутагийн Гантөмөртэй ярилцлаа. Тэрбээр карате, кикбокс, таеквондо гээд бие хамгаалах урлагийн олон төрлөөр хичээллэж, холимог тулааны урлагийн MGL-1 холбоог үүсгэн байгуулсан анхны гишүүдийн нэг юм.

-Монголын холимог тулааны спорт одоо өөрийн гэсэн түүхтэй, тамирчинтай, хөгжөөн дэмжигчтэй болсон. Анх MGL-1 холбоог хэрхэн байгуулж байв?

-1996 онд манай тулааны шилдэг тамирчид нэгдэн киокүшин каратегийн шигшээ баг байгуулсан юм. Удалгүй Японоос мэргэжлийн кикбоксын тэмцээнд оролцооч гэсэн урилга ирсэн. Эхлээд Б.Бямбадорж насанд хүрээгүй байхдаа явж байсан бол дараа нь Ц.Амарбаясгалан бид хоёр яваад 2001-2005 он хүртэл Японд байсан. Энэ хооронд Монголд Д.Сумъяабазар аварга, Асашёрюү хоёр мэргэжлийн бөх гэсэн нэртэйгээр холимог тулааны тэмцээн зохион байгуулж байлаа. Эргэж эх орондоо ирээд, монгол тулаанчдынхаа ур чадварыг харахад олон улсын түвшнээс хоцрогдсон байсан. Боксын тамирчид, каратегийн тамирчид гадаад руу тэмцээнд яваад л ялагдаж байлаа. Ийм учраас бид хоорондоо ярилцаад, Монголын номер нэг буюу MGL-1 Fighting Championship тэмцээн зохион байгуулъя, мөн Монголын тулааны тамирчдын шилдэг холбоо байгуулъя гэж санал нийлсэн. Энэхүү холбоог каратегийн Ч.Махбал, Б.Галбат, Ч.Наранбаатар, Ж.Нарантунгалаг бид тав үүсгэн байгуулаад, Монголын холимог тулааны номер нэг тамирчныг дэлхийд гаргая гэж бодсон л доо. Манай Ж.Нарантунгалаг аварга ч Япон руу гэрээ байгуулж яваад, Ази Номхон далайн Legend FC-д тулалдан, удалгүй "One Championship"-ийн дэлхийн аварга болсон. Ер нь манай MGL-1 холбооноос маш сайн тулаанчид төрөн гарсан. Та бүхний мэдэх З.Шинэчагтага, О.Пүрэв гээд шилдэг тулаанчид бий. Монголд бүхий л жингийн аваргууд бий. Манай холбооны аваргууд бүгдээрээ хилийн чинадад томоохон холбоонуудад тулалдаж байна.

-Цар тахлаас болж олон тэмцээн наадам цуцлагдсан. Одоо буцаад уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж эхэллээ. Танай спортынхноор шинэ сонин юу байна?

-Тэмцээн уралдаан зогссон хэдий ч саяхан УОК-оос зөвшөөрөл аваад тулаанаа зохион байгуулсан. MGL-14 өдөрлөг зохион байгуулж -66 кг жингийн аваргаа тодрууллаа. "Шандас дожо Tungaa Team"-ийн Б.Энх-Оргил түрүүлсэн. Олон тамирчин байдаг учир тэднийхээ боломж, чансааг харж байгаад тулаануудаа зохион байгуулна.

Өнгөрсөн жил Монгол туургатны MGL буюу Монголын номер нэг тулаанчийг шалгаруулах тэмцээндээ Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол ахан дүүсээ урин цомын төлөөх сайхан тэмцээн зохион байгуулсан. Цаашдаа цуврал тэмцээн зохион байгуулахыг зорьж байна. Энэ жилдээ -57 кг жингийн аваргын төлөөх болон -70 кг жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанууд зохион байгуулна. Шинээр гарч ирж буй олон тамирчин байна. MGL холбоонд хэн дуртай нь ордоггүй. Бид эхлээд сорил зохион байгуулж, тамирчдыг хэрхэн тулалдаж, октагон, хүмүүсийг яаж мэдэрч байгааг нь харж байж тэмцээнд оруулдаг. Энэ жил олон сорил тулаан зохион байгуулсан. Өглөө 10:00-12:00 гээд бүртгэлээ нээхэд 108 тамирчин сорилд бүртгүүлж байлаа. Залуучууд их идэвхтэй оролцдог шүү. Одоо холимог тулааны спорт хөгжөөд, олон жижиг холбоо гарч ирж байна. Холбоодын тоо өсч, дотоодын өрсөлдөөн нэмэгдэж байгаа хэдий ч тамирчдынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд бодох хэрэгтэй. Их эрсдэлтэй, чанга спорт шүү дээ. Сонирхогчдод зориулагдаагүй спорт. Үүнээс биш бие биенээ дэмжээд, сайхан хамтраад ажиллахад асуудалгүй. Эхний ээлжинд аравдугаар сарын 31-ний өдөр тамирчдын жин үзэлт явагдах гэж байна. Бидэнд 2009 оноос хойших бүх тулааны архив бий.

2020 оны -57 кг жингийн аваргын төлөө өрсөлдөх найман тамирчин тодорсон. Арваннэгдүгээр сарын эхээр тулаан явагдах байх. Гурван ялалт байгуулж байж аварга болох учир тухайн тамирчны бэртэл гэмтлийн асуудал чухал. Тулаанууд явагдах хоорондын зай 14 хоног гэж төлөвлөсөн. Саяхан -66 кг жингийн шинэ аварга маань тодорсон. Хуучин аваргууд бүгд олон улсын түвшинд гарсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж