Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

ЖАНЧИВЫН ОЮУНГЭРЭЛ

(1955-2020)

     “Петровис” группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Газрын тосны шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Худалдааны гавъяат ажилтан Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд  нөхөж баршгүй  хүнд гарз тохиолоо.

Ж.Оюунгэрэл захирал маань хамт олноо удирдан замчлагч, бат тулгуур нь байж, биднийг ямагт ирээдүйн сайн сайхан руу уриалан дуудаж, шинэлэг сэтгэлгээ, гэгээн тэмүүллээр араасаа дагуулсан гэрэлт эмэгтэй байсан билээ.

Дэлхийд алдартай нефтийн сургуулиудын нэг болох И.М.Губкиний нэрэмжит Их сургуулийг нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөж ирсэн цагаасаа Монголын бизнесийн салбарт, тэр дундаа Монголын газрын тосны салбарт 40 гаруй жилийн тууштай хөдөлмөр, чин сэтгэлээ зориулахдаа Монгол Улсыг газрын тос, эрчим хүчний хамаарлаас гаргаж, бие даасан байдал бий болгохыг нэгэн насныхаа эрхэм зорилгоо болгосон хүн бол Захирал маань байлаа. Түүний хөдөлмөрийн үр шимээр бүтсэн Петровис компани маань өнөөдөр 11 агуулах, 400 гаруй шатахуун түгээх станц, тээвэр логистикийн сүлжээгээрээ Монгол Улсын өнцөг булан бүрд чанарын баталгаатай шатахууныг найдвартай ханган нийлүүлж ажилласаар байна.

Тэрбээр газрын тосны хайгуулын “Петроматад” компанийг 2007 онд байгуулан, өнөөг хүртэл хайгуулын ажлыг зогсолтгүй хийсээр ирсэн юм. Захирал маань хэзээ нэгэн цагт Монгол Улс газрын тосоо өөрсдөө олборлож, боловсруулах өдөр ирнэ гэдэгт итгэж, асар их судалгаа, төсөл хийж байсан нь хамтран зүтгэгчид бидэнд түүний итгэлийн гэрээслэл болон үлдэж байна.

Тэрбээр Монголын бизнесийн салбарынхан, хамт олон, найз нөхдийнхөө дунд өндөр нэр хүндтэй, манлайлан хошуучлагч, шилдэг удирдагч байсны зэрэгцээ аливаа шинэ санааг ямагт дэмждэг, залуусыг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь сэтгэл харамгүй тусалдаг өөдрөг, өгөөмөр нэгэн байлаа. Түүний санаачилсан, хөрөнгө оруулсан шинэ технологи, боловсрол мэдлэгийн салбарын олон арван төсөл, гарааны бизнес нь амжилт ялалтад тэмүүлж яваагийн жишээнд “Анд глобал”, “Лэнд.мн”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Томё Эдтек” зэргийг дурдаж болно.

Ж.Оюунгэрэл захирал маань “Петровис” группийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, Улаанбаатар хот дахь “Бритиш” сургуулийн ТУЗ-ийн дарга, Энержи Ресурс компанийн ТУЗ-ийн гишүүн, “Хүрээ ротари” клубийн үүсгэн байгуулагч, “Шарк танк Монгол” нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн ТУЗ-ийн гишүүн зэрэг олон хариуцлагатай албыг нэр төртэй, зүтгэл чармайлттай, үүрэгтээ үнэнч хашиж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөөх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Монголынхоо төлөө, олныхоо тусын тулд сүүлчийн мөчөө хүртэл зүрх нь цохилж байснаар бид үеийн үед бахархах болно.

Тэрбээр хүнд тусархаг, нөхдөд элбэрэлтэй, эх хүний сүүн сэтгэлээ нийгэм, хүмүүсийн сайн сайхны төлөө харамгүй зориулагч, ямагт дэмжин туслагч байсан бөгөөд Эх нялхсын үндэсний төвийг тохижуулах, “Ядуурлын эсрэг хамтдаа” санг байгуулах, “Органик Монгол” төслийг хэрэгжүүлэх ажлыг санаачлан удирдаж, бидэнд хүний төлөө хүн байхын утга учрыг өөрөөрөө үлгэрлэн сургасаар байлаа.

Захирлын маань хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг болон Олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж, Монгол Улсын худалдааны гавъяат ажилтнаар өргөмжилж, Худалдаа, үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан, Монголын менежментийн холбооны тэргүүний менежер цол, тэмдэг, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Компанийн шилдэг эмэгтэй захирал” цол, “Оны шилдэг хатагтай” өргөмжлөл, “FORBES MONGOLIA AWARDS”-ын “Шилдэг энтрепренер эмэгтэй”, “Forbes Mongolia Women” сэтгүүлийн “Бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй захирал” зэрэг шагналуудаар шагнасан юм.

Монгол Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэ цэнэ бүтээж, ард олныхоо хүндлэлийн хойморт заларсан гарамгай удирдагч, үйлдвэрлэл бизнесийн шилдэг зүтгэлтний гайхамшигт замналыг тодоос тод бичиж үлдээсэн түүний ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, бүтээн байгуулагч, тэмцэгч хөдөлмөрч зан чанар, эгэл даруу, элэгсэг дотно, гэгээн гэрэлт дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


“ПЕТРОВИС” ГРУППИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД, ТУЗ-ИЙН ГИШҮҮД, УДИРДЛАГЫН БАГ, НИЙТ ХАМТ ОЛОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ХарамсалтайХарамсалтай
20
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж