Н.Алгаа: Объектив биш байдлаар лиценз цуцлагдах магадлал өндөр байна

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Н.Алгаа: Объектив биш байдлаар лиценз цуцлагдах магадлал өндөр байна

Н.Алгаа: Объектив биш байдлаар лиценз цуцлагдах магадлал өндөр байна

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнгийг тодорхойлогч “Discover Mongolia-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт уламжлал ёсоор 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн тус чуулга уулзалтын хүрээнд “Хариуцлагатай уул уурхай нь эдийн засгийн сэргэлтийн гол хөдөлгүүр болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна.


Г.ЁНДОН: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ салбарын хөгжлийг хангахад төрөөс баримтлах бодлого чиглэлийг танилцуулан, хөрөнгө оруулалт татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж буйг онцлов. Тэрбээр “Энэхүү чуулга уулзалтыг 2003 оноос жил бүр зохион байгуулан, Монгол Улсад хайгуул, олборлолтын шинэ төслүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, тагниулах, салбарын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор уламжлал болгон, эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт илт толд, хариуцдагатай, уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байна.

Яамны зүгээс геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дөрвөн том салбарт хөрөнгө оруулалт татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэхээр зорьж байна.

Мөн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, төмөр, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж, зарим дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн ба цаашид хүнд үйлдвэрүүдийг бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн борлуулах зах зээл, өрсөлдөх чадвар, үндэсний эрх ашиг зэргийг харгалзан хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс баялгийн салбарыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг тус тус шинээр боловсруулж батлуулахаар ажиллаж байна” гэв.


Н.АЛГАА: ТӨМӨР ЗАМТАЙ БАЙСАН БОЛ ЭНЭ ХҮНД ҮЕИЙГ ИЛҮҮ АМЖИЛТТАЙ ДАВАХ БАЙЛАА

Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн зөвлөх Н.Алгаатай цөөн хором ярилцлаа.

-Цар тахлын үед хөрөнгө оруулагчдын чуулган тасралгүй, уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганы онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-“Covid-19”-тэй холбоотойгоор, “Discover Mongolia 2020” чуулга уулзалтыг зохион байгуулахаа нэлээн хожуу шийдсэн юм билээ. Байдал хүндэрсээр байвал чуулга уулзалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах уу, дээр нь гадны хөрөнгө оруулагчид гадаадад байгаа зэрэг асуудлаас үүдэн хэр зэрэг хүн цуглан оролцож асуудлыг шийдэх бол гээд тодорхой бус байдал их байсан байна. Өнөөдөр харахад чуулга уулзалт маш сайхан болж байна. Хэдийгээр гадны хөрөнгө оруулагчид оролцоогүй ч Монголд хэдийнэ ороод ирсэн хөрөнгө оруулагчид, үндэсний бөгөөд гадны хамтарсан компани, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл идэвхтэй оролцож байна. Дээр нь панелын хэлэлцүүлэг яваад, хувийн хэвшилд тулгарч байгаа бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар маш бүтээлч хэлэлцүүлгүүд өрнүүлж байна. 18 дахь жилдээ тасраагүй, үргэлжлээд явж байгаад би их баярлаж байна.

-2003 онд чуулга уулзалт анх зохион байгуулагдахад оролцогч багатай байсан гэдэг?

-Тийм ээ, иймэрхүү багцааны оролцогчидтой эхэлж байсан юм. 2011 онд оролцогчид нь багтахаа байгаад, оргилдоо хүрсэн шүү дээ. Ялангуяа хайгуулын ажил зогссонтой холбоотойгоор “Discover Mongolia”-гийн оролцогчдын тоо буурсан. Яагаад вэ гэвэл хайгуул хийж байгаа компаниуд хөрөнгө оруулалт татах тал дээр идэвхтэй ажилладаг, төслөө танилцуулж, ажлаа рекламддаг, үзэсгэлэнд оролцдог, утга агуулгыг нь их баяжуулдаг, их мэдээлэл өгдөг талбар байлаа шүү дээ. Сүүлийн үед хайгуулын тусгай зөвшөөрөл багассан. Үндсэндээ бараг хоёр, гуравхан л төсөл байна. Тавантолгойгоос өөр яг гадны хөрөнгө оруулагчид сонирхохоор уул уурхайн төсөл бас алга. Асгат бараг хүн тоож хөрөнгө оруулахааргүй хэцүү нөхцөлд байна. Нийлмэл агуулгатай, технологи нь тодорхойгүй.

-Монгол орны уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчийн нүдээр харвал ямар байгаа бол?

-Монгол өнөөдөр хөрөнгө оруулагч нар цуглараад байх орон зай багатай. Лиценз олголт зогссон, төр засгийн шийдвэр нь шууд өөрчлөгдөхгүй ч савлагаатай, урамшуулал дэмжлэг багатай. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн лиценз зөвшөөрлийг хураадаг. Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Лиценз цуцалдаг үндэслэл 2006 оны хуулинд тав байсан, одоо 11 болсон байна. Маш их субъектив хамааралтайгаар, субъектив дүгнэлтээр, объектив биш байдлаар лиценз цуцлагдах магадлал их өндөртэй болж байна. Хөрөнгө оруулагчдын ганц эмээж явдаг зүйл. Цуцлалтын үндэслэл маш тодорхой, субъектив талдаа биш объектив байх ёстой. Гэтэл тэр лүү нь яваад байхаар хөрөнгө оруулалтын орчин талаасаа харвал таатай биш байгаа юм.

-Урд хөрш нүүрсний экспортоо багасгаж байна гэсэн мэдээлэл бий. Манай нүүрсний экспортын ирээдүй ямар өнгөтэй байна вэ?

Би ассоциацийн ажлаа өгөөд дөрвөн жил болж байна. Сонин уншиж, телевиз харахаа больсон. Ийм мэдээлэл нэг их сонирхохгүй байгаа шүү дээ (инээв.сурв). Гэхдээ твиттер, фэйсбүүк дээр гараад ирэх юм. Австралиас Хятад руу экспортолдог нүүрсний хэмжээ багассан байна. Гэхдээ энэ байдал хэр удаан үргэлжлэхийг бас мэдэхгүй. Австрали, Хятад, Америк гээд гүрэн хоорондын харилцаа цааш яаж хөгжихөөс л хамаарна. Яг өнөөдрийн хувьд Монголд экспортоо нэмэгдүүлэх боломж байна. Ойрхон учраас. Гэхдээ боломж тээвэрлэлтээр хязгаарлагдана. Манайд төмөр замаа бариагүй арваад жил болсон. Хэрвээ бид төмөр замтай байсан бол коронавирусийн хүнд үеийг энэнээс илүү амжилттай давах байлаа. Алдагдсан боломжийг дор нь ашиглах боломж байлаа. Тийм болно гэж хэн ч мэдээж таамаглахгүй. Гэхдээ тийм болдог гэдгийг бүх орон мэддэг, тэрэнд бэлддэг, дэд бүтцээ хөгжүүлдэг, компаниудаа дэмждэг бодлогоо гаргаад, ирээдүйн санг өнөөдрийнх шиг ийм нөхцөлд ашиглахаар хадгалдаг тийм л тогтолцоо байх юм билээ. Уул уурхай хөгжиж буй орон нутагт татвар төлбөр маш боломжтой, хувь хүртээж байх ёстой.

-Энэ салбарын бодлогын хэрэгжилт хэр хангалттай байна вэ?   

-Хүмүүс бодлого дутагдаад байна гэдэг. Төр байгаа цагт бодлого бий. Харин бодлого нь сайн уу, муу юу гэдэг асуудал бий. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” гэж бий. Тэр бодлогоо дагаж гарсан хуультай. Харин хэрэгжилтийн шатанд асуудал зогсчихдог.

-“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэр сайн бодлого вэ?

-Бараг зургаан сар маш өргөн оролцоотой хэлэлцэж баталсан. Тийм муу бодлого гэж боддоггүй. Гэхдээ тэр бодлогоо УИХ-аар батлаад мартсан. Манайд нэг тийм зовлон бий.

-Та одоо ямар алба хашиж байна вэ?  

-Гадны төсөлд буюу Австрали-Монголын эрдэс баялгийн хамгийн ажиллагааны хөтөлбөрт зөвлөх хийж байна.


“СИБИРИЙН ХҮЧ-2”: МОНГОЛ УЛС ЖИЛД 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

“Discover Mongolia-2020” чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

“Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдрийн байдлаар 13 охин, хараат компани, 3 төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 15-20 сая тонн нүүрс олборлож, дотоодын эрчим хүчний хэрэгцээнд 6 сая тонн нүүрс нийлүүлжээ.

“Эрдэнэс Монгол” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний хэмжээний томоохон холдинг компани болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм байна. Энэ зорилтынхоо хүрээнд дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа зузаатгаж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээ илэрхийлэв.

Тус компани өнөөдрийн байдлаар эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх хүрээнд ирэх онд 900 мянган тонн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм байна. Мөн экспортын гарцыг нэмэгдүүлэх хүрээнд Салхитын мөнгөний ордын баяжмалыг БНХАУ, Европын улс руу экспортлох туршилтын ачилт хийж эхэлжээ.

Мөн эрдэс баялгийн түүхий эдийг зохион байгуулалттай зах зээлийн тогтолцоогоор дамжуулах, арилжаалахын тулд Эрдэс баялгийн биржийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй юм байна.

Үүнээс гадна Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Энэхүү хийн хоолой Монгол Улсын нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд нэг тэрбум ам.доллар олох боломж бий болно гэж тооцоолжээ.

Ирэх жилүүдэд “Эрдэнэс Монгол” компани Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, кокс, ган төмөрлөг үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортын нэг төрөл бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байгаа аж. Энэхүү төслийг “Эрдэнэс стийл” компани хэрэгжүүлж буй бөгөөд жилд 500 мянган тонн металлургийн кокс, 300 мянган ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жил бүр 250 сая ам.долларын импортыг орлох юм байна.

Мөн Шивээ-Овоогийн уурхайд түшиглэн 200 мВт дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж, уурхайн эдийн засгийн үр ашгийг өсгөх ач холбогдолтой юм.

“Эрдэнэс Монгол” компани өөрийн охин болон хараат компаниудын үйл ажиллагаанд олон улсын чанарын шаардлага хангасан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд олон улсын хариуцлагатай уул уурхайн 5 бүлэг, 290 шалгуураар компаниудаа үнэлж, бүс, орон нутгийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт болон дотоодын худалдан авалтын бодлогоор дэмжин, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх үүргээ түүчээлэн ажиллаж байгаа ажээ.


“999 СОРЬЦТОЙ ШИЖИР АЛТАН ГУЛДМАЙ” 5.5 САЯ ТӨГРӨГ

“Discover Mongolia-2020” чуулга уулзалтын сурталчилгааны хэсэгт байрлаж буй, “Голомт” банкны алтан гулдмайн үзмэр сонирхол татав. Энэ талаар Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Гадаад арилжааны дилер Г.Хүслэнгээс тодрууллаа.  

-Энэ алтан гулдмайн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-2020 он гарснаас хойш Монголбанк ойролцоогоор 13 орчим тонн алт худалдаж аваад байна. Түүний 50 хувийг Голомт банк тушаасан. Манай банк алтны зах зээлд тэргүүлэгч гэдэг утгаар харилцагч нартаа сувинер маягаар 999-ийн сорьцтой, шижир алтан гулдмай санал болгож байгаа юм.

-Ямар үнэтэй зарагдаж байгаа вэ?

-5.5 сая төгрөгөөр зарагдаж байна.

-Борлуулалт сайтай биз?

-Гарсан даруйдаа борлуулалт нэлээн сайн, тодорхой хэмжээгээр зарагдсан.

-Шижир алтан гулдмайгаа хаана үйлдвэрлэдэг вэ?

-Банкинд тушаагдаж буй алтыг цэвэршүүлээд, Монголдоо хэвлэж гаргадаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж