НЭМЭЛТ: 16.40
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудын арваннэгдүгээр сарын 2-оос эхлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Сүүлийн үед тээврийн жолооч нараас коронавирус илрэх нь нэмэгдэж, одоогийн байдлаар 30 тээврийн жолоочоос илэрсэн. Өнгөрсөн шөнө Цагаан нуурын боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн байна. Мөн хил залгаа хотуудад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа учраас ийн хоёр боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж байгаа гэлээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хуралдаанаар коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, ОХУ-ын хоорондын Цагаан нуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа. Хил залгаа байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байна. Улс хоорондын тээврийн 30 жолоочоос коронавирус илрээд байна. Эдгээр боомтоор нутгаар нефть, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийн тээвэр явж байгаа. Цар тахлын нөхцөл байдал амаргүй энэ цагт ард иргэд сонор сэрэмжээ өндөр байлгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна" гэлээ.
🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Friday, October 30, 2020
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-Хил залгаа ОХУ-ын хотуудад халдварын тоо улам нэмэгдэж, Баян-Өлгий, Увс аймгийн боомтын дагуух хотуудад халдвар улам нэмэгдэж байгаа учраас ачаа тээврийн жолооч нараас коронавирус илрүүлэх шинжилгээ авч эхэлсэн. Цаашид хилээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох нь зөв юм гэж шийдвэр гаргасан. Цаашид эрсдэл нэмэгдсээр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих шаардлагатай байна.
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Баруун бүсийн боомт хаахаар шатахууны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна?
Шадар сайд Я.Содбаатар:
-Баруун бүсийн боомтоор орж ирж байгаа гол бүтээгдэхүүн нь нефть. Өнөөдөр бид нефтийн бүтээгдэхүүний нэг сарын нөөцтэй учраас хүндрэл гарахгүй. Цаашид 21 хоногийн дараа тодорхой хугацаагаар нефть оруулж ирэх боломжуудыг судалж байна. Бусад боомтууд дээр карантины тодорхой зоон байгуулахаар төлөвлөж байгаа. Боомтоос наас жолооч нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан, ажлын хэсэг ажиллаж байна. Боомтуудыг хааж байгаа нь урьдчилан сэргийлэх байдлаар ийм арга хэмжээ авч байгаа. Халдвар илэрсэн ОХУ-ын хоёр жолоочтой ямар нэг ойрын хавьтал байхгүй ч хилийн цэрэг, гааль зэрэг байгууллагын 28 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч, хяналтдаа авсан байгаа.
-Өчигдөр шөнө орж ирсэн хоёр жолоочоос илэрсэн гэж байна. Яагаад ЭМЯ мэдээлсэнгүй вэ. Мөн дотооддоо алдахгүй байх эрсдэлээ ЭМЯ хэрхэн тооцоолж байгаа вэ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Коронавирусийн дотооддоо алдсан тохиолдол байхгүй. Бид дотооддоо тандалтын шинжилгээ авч байгаа. Цагаан нуурын боомттой хил залгаа бүсэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, нас баралт өссөн, мөн тус боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн учраас ийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж байна. ОХУ-ын хоёр жолоочийн шинжилгээний хариу 11.00 цагийн мэдээллийн дараа гарсан учраас одоо мэдээлж байна. Мөн жолооч нарыг тухайн улстай нь холбогдож, нутаг руу нь буцаасан байгаа.
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ 15.00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан гэнэ. Тиймээс Шадар сайд Засгийн газарт мэдээлэл танилцуулж, яаралтай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн үүнтэй холбоотойгоор зарим боомтуудыг яаралтай хаах шийдвэр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Угтаа Засгийн газар долоо хоногийн Лхагва гариг бүр ээлжит хуралдаанаа хийдэг уламжлалтай. Гэвч өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсон байна.
Холбоотой мэдээ