Энэ оны эхээр цар тахлын голомт болж, иргэд нь гэрээсээ гарч чадалгүй хоригдон цонхоороо “Уханьчуудаа тэсээрэй” хэмээн орилцгоож байсан Хубэй мужийн Ухань хот өдгөө коронавирусээс ангижирч, энгийн амьдралдаа хэдийн оржээ. Үүний нэг жишээ бол Ухань хотын соёл амралтын хүрээлэнд сүнсний баяр тэмдэглэхээр хэдэн мянган хүн цугларсан явдал байлаа.
Цахим орчинд нийтэлсэн зургуудаас харахад Уханийн “Жаргалтай хөндий” соёл амралтын хүрээлэнд өчигдөр/2020.10.29/ хэдэн мянган хүн цугларч баярын жагсаал хийжээ. Жагсаалд оролцсон цөөнгүй хүн амны хаалт зүүхийн оронд аймшигтай харагдах нүүр будалт хийж, баг зүүн, коронавирусээс сэргийлэх дүрмүүдийг баримтлахаа больжээ.
АНУ болон Европын хэд хэдэн орон цар тахлын хоёр, гурав дахь үетэй нүүр тулж, дахин дахин хөл хорио тогтоож буй энэ үед өвчин анх дэгдсэн Ухань хот ийнхүү энгийн амьдралдаа оржээ.
Жишээлбэл, Франц оронд цар тахлаар шинээр нас барагсдын тоо дөрөвдүгээр сараас хойш оргилдоо хүрсэн тул энэ долоо хоногт хоёр дахь удаагаа улс даяар хөл хорио тогтоож байна. Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэлж буйгаар францчууд зөвхөн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлага гэх мэт шаардлагатай тохиолдолд л гэрээсээ гарахыг зөвшөөрч байгаа гэнэ.
Харин БНХАУ-д өчигдөр/2020.10.29/ ердөө 47 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь гадаад орноос ирсэн хүмүүс аж. Тэр дундаа Ухань хотод тавдугаар сараас хойш нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: DAILYMAIL