МҮОНРТ-ийн 512 ажилтан Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн 512 ажилтан Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардав

МҮОНРТ-ийн 512 ажилтан Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардав

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлчид аравдугаар сарын 21-ны өдөр Үндэсний зөвлөлийнхөө гишүүдийг огцрохыг шаардан мэдээлэл хийсэн. Энэ хурлаар МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, 250 гаруй уран бүтээлч гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгээд буй. Тус телевизийн уран бүтээлч, сэтгүүлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэж байгаагаа ярьсан юм. Мөн телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хасч, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.10.30/ МҮОНРТ-ийн уран бүтээлчид Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг огцрохыг шаардаж 512 ажилчид, уран бүтээлчид нэгдэн гарын үсэг зуржээ. Дээрх долоон хүнийг мэргэшсэн бус, санхүүгийн сахилга бат алдсан гэх шалтгаанаар огцруулахыг шаардаж байгаа аж.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЗОЛЖАРГАЛ:

-Монголын Үндэсний телевиз бол Монгол улсын уураг тархи оюун ухааныг бүрдүүлэгч боловсрол соёл гэгээрлийн хамгийн чухал зэвсэг. Богинохон хугацаанд ирсэн дарга нар үндэсний телевизийг мөнгөний уурхай мэтээр харж эхэлж байна. Засвар хийгээд юм уу, өөр нэг төсөл хөтөлбөр оруулж ирвэл ахиухан мөнгө олно гэж бодох жишээний. Харин бидний зорилго бол монгол хүнийг шинэчлэх өөрчлөх үзэл бодлыг нь тэлэх зорилготой. Үүнийг хийж чадах хүсэлтэй мэргэжлийн удирдлага алга. Энэ хүмүүс гологдож байгаа учраас л бид цугласан. Түүнээс биш надад мөнгө албан тушаал хэрэггүй” гэлээ.

МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн төлөөлөл болсон ажлын хэсгийнхэн: 

-Үндэсний олон нийтийн радио телевиз 2005 оноос олон нийтийн статустай болж өөрчлөгдөн өөрийн хуультай болсон ч түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдлагын түвшний хүмүүсийн алдаа завхралаас болж ард олныхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүйд хүрлээ. Улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээ, мэдээллийг үзэгч олонд шуурхай үнэн бодитой хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх эрхэм зорилготой атал байгууллагын төсвийг хууль бусаар ашиглаж байна. Хэдийгээр төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч үндсэн үйлдвэрлэлийн салбар унаж, бодлого чиглэлгүй болж, редакцийн хараат бус байдал улам алдагдсаар байна” гэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж