"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн"

"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн"

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадууд урт дараалалд зогсохгүй болж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломжтой болж буй. Энэ талаар өнөөдөр /2020.10.30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ирэх Даваа гариг /2020.11.02/-аас  улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болж байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Зөвлөлөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг багтаажээ.

Тухайлбал, зүрх судасны эмгэг, хэм алдалт, чихрийн шижин, уналт таталт зэрэг оношоор өвдөж буй иргэд хөнгөлөлттэй эмээ түвэггүй авах боломж бүрджээ.

Мөн эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол ирэх сараас и-баримт, цахим сүлжээнд холбогдсон эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгоно. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эм авч болох нь. Мөн сар бүрийн эхээр эм дуусах вий гэх айдас үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, иргэн та өөрт тохирсон эмээ анхан шатны эмчээр бичүүлсэн бол сарын хугацаанд хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах юм байна. Эмийн сангуудад хөнгөлөлттэй эмийн 30 хоногийн нөөцтэй байхаар тооцжээ. Ингэснээр иргэд урт дараалалд зогсох, сар бүрийн эхээр эм дуусах вий гэх айдасгүй болж байгаа аж.

ЭМИЙН ҮНИЙГ ХАЙРЦГААР НЬ БУС ТАБЛЕТКААР НЬ ТОГТООСОН

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Л.БЯМБАСҮРЭН:

-Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүллээ. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай. Хөнгөлөлттэй эмийг авахдаа хурууны хээ таниулах боломжгүй хэвтрийн дэглэмтэй иргэд бий. Ийм тохиолдолд регистрийн дугаараар бүртгүүлж эмээ авах боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 136 нэршлийн  522  нэр төрлийн эм нь олон улсын чанарын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан эмүүдийг сонгосон. Үнийн тухайд, и-баримт бүртгэлийн системийн зах зээл дээрх нэгжийн үнээр тодорхойлсон. Хамгийн дээд хязгаар нь бодитойгоор тогтоогдсон. Өмнө нь хайрцгаар нь үнийг тогтоож байсан бол нэг таблеткаар нь үнийг тогтоосноор  иргэд бодитой хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр Танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан зурвас очих юм. Иргэн Та "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлтэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох болно. "Үгүй" гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авна. Түүнчлэн эмийн сангууд 14 хоног тутамд гүйцэтгэлийн тайлангаа ирүүлснээр эмийн хангамжийг нийлүүлнэ  гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж