Б.Мэргэн: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг суллах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Б.Мэргэн: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг суллах ёстой

Б.Мэргэн: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг суллах ёстой

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өчигдөр /2020.10.29/ Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Тодруулбал, долдугаар сарын 22-ны өдөр гаргасан Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрээс харахад, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Эрдэнэбат, Б.Хурц нарт холбогдох хэргийг буруу шүүжээ. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан  нь үндэслэлтэй эсэх талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэнээс тайлбар авлаа.

"ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАЛТАА Л ШҮҮГЧИД ДАГАМААР  БАЙНА"

Тэрбээр “ Ер нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа гэхэд цагдан хорих асуудлыг шийдэх зохицуулалт хуульд  байхгүй. Үүнийг хуульд нарийн тусгах шаардлагатай байгаа юм. Хэдийгээр хуульд  нарийн зохицуулалт байхгүй ч гэсэн  шүүгч хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн  шийдвэр гаргахаас өөр аргагүй. Зохицуулалт байхгүй учраас л  шүүгчид асуудалд  өөрсдийн үзэмжээр хандаад байна. Анхан шатны шүүх рүү хэрэг буцлаа гэхэд ихэнх тохиолдолд  хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилдөг. Тухайлбал цагдан хорих арга хэмжээг 

  • Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
  • Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
  • Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, барьцаа авсны дараа мөрдөгч дуудахад очихгүй байх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг.

Гэтэл Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын  дарга асан Б.Хурц нарыг цагдан хорих  ямар ч үндэслэл байхгүй учраас суллах ёстой байсан юм. Цагдан хорих дээрх үндэслэлүүдийн аль  нэг нь байгаа  бол үргэлжлүүлэн хорьдог, хэрэв байхгүй бол сулладаг ерөнхий зохицуулалтаа л шүүгчид дагамаар  байна.  Энгийн логикоор бодоход ч тэр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг  буруу шүүсэн байна гэж үзсэн л юм бол хэргийн оролцогч нарыг суллах нь зөв биз дээ.  Үргэлжлүүлэн хорино гэхээр нь “Үндэслэлээ тайлбарла. Үндэслэлийг чинь няцаана” гэсэн чинь үндэслэл байхгүй гэсэн инээдтэй хариулт өгсөн" гэлээ. 

Дашрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж