Танилц: Ирэх сарын эхний өдрөөс хэрэгжих хууль, журам

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Танилц: Ирэх сарын эхний өдрөөс хэрэгжих хууль, журам

2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих зарим шийдвэрүүдийг эмхэтгэн хүргэж байна.


ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ  МӨРДӨЖ ЭХЭЛНЭ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Гэр хорооллын айл өрхийн оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээ хөнгөлтөд тооцогдох бөгөөд 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна.

Харин цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчид хамрагдахгүй. Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдэд баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх, хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх болон цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байх шаардлагыг тавьж байгаа юм.

Улсын төсвөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд зориулж,

  • 2017 онд 6 тэрбум
  • 2018 онд 9 тэрбум
  • 2019 онд 20 тэрбум төгрөг зарцуулжээ.

Цахилгааны шөнийн тарифаа хөнгөлүүлэхийн тулд айл өрхүүд хоёр тарифт тоолууртай байх ёстой юм.

ИРГЭД ӨӨРТ ОЙР БАЙГАА ЭМИЙН САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭЭ АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр иргэд хөнгөлөлттэй эмийн жороо бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж, дурын эмийн сангаас авч эхлэх боломж бүрдэж байгаа юм.

Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд харьяаллынхаа бүх шатны эрүүл мэндийн төвд хандаж, өрхийн эмчээс зургаан оронтой хяналтын дугаар авна. Уг дугаарыг даатгалын гэрээтэй эмийн санд үзүүлэхэд тухайн даатгуулагчийн мэдээлэл бүрэн гарч ирэх аж. Үүнд өөр ямар нэгэн баримт бичиг шаардахгүй. Заавал хөнгөлөлттэй эмийн жорыг цаасаар хэвлүүлж авах шаардлагагүйгээр эмийн хөнгөлөлтийн үйлчилгээг бүрэн авна. Хөдөө орон нутгийн даатгуулагч болон түр оршин суугчид тухайн оршин суугаа хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолт авсан тохиолдолд даатгалын сангийн тусламж, үйлчилгээ авах мөн боломжтой.  Иргэд өөрт ойр байгаа эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрдэж байна.

ИРЭХ САРД 10 УДАА ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 

Улсын Онцгой комиссын аравдугаар сарын 26-ны хуралдаанаар 11 сард үйлдэх тусгай үүргийн 10 удаагийн нислэгийн урьдчилсан хуваарийг гаргасан.  Үүнээс зургаан удаа БНСУ руу үйлдэнэ. Мөн европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт руу нэг удаа нислэг хийнэ. Япон улсын Токио хот руу 2, Казахстан улсын Алматы хот руу нислэг хийх урьдчилсан хуваарь гаргасан байна.

Тус нислэгүүдийн тусламжтайгаар бид Хойд Америк, Европ, Азийн улс орнуудаас шууд Улаанбаатар хүрэх агаарын ачаа авах боломж бүрдэж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРӨӨС ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ

Энэ удаагийн ерөнхий шалгалтад өнгөрсөн нэгдүгээр сарын бүртгэлтэй нийлээд 16013 иргэн бүртгэлүүлсний 8 мянга орчим нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт шалгалтаа өгнө. Өмнө нь шалгалтын тестийн 40  хувийг нь ил гаргаад үлдсэн  60 хувийг нь ил гаргадаггүй байсан бол энэ жил шинээр гаргасан Төрийн албаны шалгалтын сорил номд тестийг хариутай нь хамт 100  хувь оруулсан.

Мөн шалгалтын сорил цахимаар болон хэвлэмэл гээд аль алийг нь хослуулж хүртээмжийг нь нэмэгдүүлсэн тул шалгалтад олон хүн тэнцэх боломжтой гэж Төрийн албаны зөвлөл үзэж буй. Шалгалт ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван хэсгээсээ бүрддэг. Ерөнхий мэдлэгийг 55 хүртэл оноогоор үнэлж, шалгалтын агуулгад төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүйтэй холбоотой 20 асуулт, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг чиглэлийн 20 асуулт, мэдээллийн технологи чиглэлийн 15 асуулт ордог. Ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй.

Монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл оноогоор үнэлж, 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн гурав дахь шалгалт буюу дүн шинжилгээ хийх чадвараа шалгуулна. Энэ шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг тэнцсэнд тооцдог.

Энэ жилийн хувьд бол зохион байгуулалтад бага зэрэг өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтын гурван бүрэлдэхүүн шалгалтыг нэг дор өгөх зохицуулалтыг хийжээ.

Өмнө нь  эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн шалгуулагч дараа өдрүүдэд хоёр, гурав дахь шалгалтад ордог байсан. Тэгвэл үүнийг өөрчилж, ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Монгол хэл, бичгийн шалгалт болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа нэг өдөр өгөх юм байна.

Цар тахлын үед нэг хүн гурван удаа ирэх нь эрсдэлтэй тул дээрх зохицуулалтыг хийсэн гэж ТАЗ-өөс мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
12
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж