"360 мянга гаруй өвчтөн хөл тайрагдах эрсдлээс аврагдсан"

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

"360 мянга гаруй өвчтөн хөл тайрагдах эрсдлээс аврагдсан"

Тун удахгүй Монгол улс болон БНКУ хооронд дипломат харилцаа тогсоны 60 жилийн ой тохионо. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд олон ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь чихрийн шижин өвчний хөлний шархны хүндрэлийн эмчилгээний үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх ажил юм. Куба улс өөрийн эрдэмтдийн гарган авсан биотехнологийн ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүний тусламжтай чихрийн шижингийн хөлний шархтай олон өвчтөнүүдийг эмчилж хөл тайрагдах эрсдлээс сэргийлж чадсан туршлагатай. Дэлхийн олон оронд хэрэглэгддэг энэхүү бэлдмэлийг 2018 онд Монгол Эм Импэкс Концерн амжилттай нэвтрүүлж Монголын өвчтөнүүдэд хүргээд байгаа. Энэ талаар болон Куба улсын биотехнологийн ололт амжилтын талаар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионmой ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй БНКУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэхүү үйл явдлын хүрээнд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?

-Эртний түүхэн дэх асар их чадвартай 2 үндэстэн харилцан мэдлэг, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр 1960 оны 12-р сарын 7-ны өдөр Куба болон Монгол улсуудын дипломат харилцаа эхэлсэн түүхтэй.

Энэ 60 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн 2 улсын харилцаанд олон үйл явдал болж өрнөсөн. Илүү ихээр даяаршиж буй энэ дэлхий ертөнцөд манай 2 ард түмэн, үндэстнүүдийн хоорондын харилцаа илүү өргөжин бэхжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг би онцолмоор байна.

Хэдийгээр бид нэг нэгнээсээ 12 мянган км-н зайтай оршдог ч манай хоёр орны хувьд хамтран ажиллах маш их боломж бололцоо бий. Одоогийн байдлаар Куба улсын талаас биотехнологийн эмийн бүтээгдэхүүн, Кубын эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, спорт болон урлагийн салбар дахь хүний нөөцийг зэрэг боломжуудыг бүрдүүлэн ажиллаж байна. Харин Монголын талаас ашигт малтмал олборлох, боловсруулах болон мал аж ахуй эрхлэх тал дээр  туршлага хуримтлуулахад бид анхаарч байна.

Энэ 2020 оны эхэнд манай хоёр улс Элчин сайдын яамд болон Гадаад харилцааны яамдаараа дамжуулан дипломат харилцаа тогтсоны түүхт 60 жилийн ойг тэмдэглэх олон чухал ажлуудыг төлөвлөөд байна. Гэвч COVID-19 цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор зарим ажлуудаа хойшлуулах шаардлагатай болсон. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал сайжирмагц ойн тэмдэглэлт өдрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа  дахин үргэлжлүүлэх болно.

-Манай улстай чихрийн шижин өвчин, тэр дундаа чихрийн шижин өвчнөөс шалтгаалах хөлний шархны хүндрэлийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна лээ. Яг энэ чиглэлд Куба улс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Үр дүнгийн талаар сонирхуулаач.

-Кубын Генетикийн инженерчлэл биотехнологийн төвийн бүтээгдэхүүн болон ХЕБЕРПРОТ-П бэлдэм чихрийн шижин өвчний шалтгаант хөлний шархны эмчилгээнд өндөр үр дүн гаргасан. Энэхүү бүтээгдэхүүн хүний рекомбинант дахь эпидермийн өсөлтийн факторт идэвхтэй эмийн найрлага болох 53 амин хүчлийн пептидийг агуулж байдаг. Үүнийг хүнд хэрэглэхэд амин хүчил ба уургийн нийлэгжилтийг дэмжин анаболик бодисын солилцоог идэвхжүүлэн эсийг хуваагдалд хүргэдэг.

Энэхүү бүтээгдэхүүн нь цор ганц, өөрийн ангиллынхаа анхдагч бөгөөд чихрийн шижин өвчний шархлаат эдэд шууд үйлчлэн шарханд маш түргэн хугацаанд мөхлөг үүсгэдэг. Товчхондоо тухайн шархыг маш хурдан хугацаанд эдгээдэг гэсэн үг.

Энэхүү эмчилгээний судалгаа 1960-аад оны үеэс хийгдэж эхэлсэн бөгөөд 1980 оны үед эмчилгээний бэлдмэлийг эхний байдлаар гарган авах боломжтой болсон юм. Үүнээс хойш олон судалгаа, туршилтын ажлуудыг хийсээр 2001-2005 оны хооронд Кубын эрүүл мэндийн тогтолцооны төрөл бүрийн төвүүдэд клиникийн II болон III туршилтуудыг хийсэн. Эдгээр туршилтуудад хүндэрсэн шархлаатай чихрийн шижинтэй хүмүүсийн 90 орчим хувийнх нь хөлний шархыг эдгээж, маш хурдан шархыг нь аниулж эдгээсэн.

Дараагийн жилд нь тухайн эмчилгээг Куба улсад бүртгэсэн бөгөөд эндээс эрдэмтдийн хувьд ХЕБЕРПРОТ-П эмчилгээний менежментэд эмч нарыг сургах шаардлага үүссэн. Үүний тулд судасны мэс засалч, ангиологич, подиастр болон эрчимт эмчилгээний сувилагч нарыг тусгай сургалтад хамруулсан юм.

ХЕБЕРПРОТ-П эмчилгээний хөтөлбөр нь 2007 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болж өргөжөөд 13 жилийг болжээ. Өнөөдрийн байдлаар дээрх хөтөлбөрийг Кубын 16 мужийн 458 эрүүл мэндийн төв дээр хэрэгжүүлж байна. Энэхүү бүтээгдэхүүний ачаар хөл тайрагдах эрсдлээс аврагдсан өвчтөнүүд, тэдний гэр бүл болон эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэл маш хангалуун байгаа нь ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийн үр дүн юм.

-Хеберпрот-П эмчилгээний тусламжтай эдгэхгүй удсан, улмаар хөлөө тайруулах эрсдэлтэй хөлний шархыг харьцангуй хурдан хугацаанд эмчлэх боломжтой болсон гэж та хэллээ. Энэ эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тухайн бүтээгдэхүүний фармакологийн шинж чанар нь эдгэрэхэд хүндрэлтэй өвчтөнүүдэд ашигтай, бүтээмжтэй мөхлөгт эдийг бий болгох, нэгтгэх боломжийг олгодог бөгөөд үүнд шархны талбайн ангиогенез (шинэ судас үүсэх) орно. Энэхүү бүтээгдэхүүн нь мөхлөгт шүүрлийн үе шатыг идэвхжүүлдэг. Ялангуяа мэдрэлийн эмгэг бүхий өвчтөнүүдэд шархны концентрац, түүний шинэчлэлтийг бий болгодог.

Эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдэд ил шарх, мөөгөнцрийн гэмтэл, халдвар эсвэл артерийн дутагдлын асуудал байдаг. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө өвчтөний бодисын солилцооны хяналтыг үнэлж, хэвийн хэмжээнд нь хүргэнэ. Мөн сепсисийг антибиотикоор эмчилдэг. Чихрийн шижингийн хөлний эмгэг судлалын чиглэлээр сургалтад хамрагдсан ангиологич, сувилахуйн болон подиатрын эмч нар дээрх эмчилгээг хийдэг бөгөөд ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийн эмчилгээг хөлөнд үүссэн шархны дотор болон эргэн тойронд хийдэг. Тухайн өвчтөний шархны байдлаас хамаарч эмчилгээг хэд хэдэн удаа хийнэ.

-Хеберпрот-П эмчилгээний бэлдмэлийг дэлхийн хэдэн оронд эмчилгээнд хэрэглэж байна вэ? Үр дүн ямар байсан бэ?

-2020 оны 8-р сарын байдлаар Куба улсад ХЕБЕРПРОТ-П эмчилгээг 100,287 өвчтөнд хийж  эдгээсэн. Мөн Венесуэл улсад 241 928 өвчтөн уг эмчилгээг хийлгэсэн бөгөөд нийтдээ дэлхийн 30 гаруй орны 18 023 өвчтөн энэхүү шинэлэг бүтээгдэхүүний эмчилгээний ачаар хөлөө тайруулахаас аврагдсан байна. Манай хамгийн сүүлийн статистикийн мэдээгээр дэлхийн 360 гаруй мянган өвчтөн Кубын ХЕБЕРПРОТ-П биотехнологийн бүтээгдэхүүний үр шимийг хүртээд байна.

ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүнийг хэрэглэдэг улс орнууд: Венесуэл, Аргентин, Эквадор, Турк, Алжир, Ливи, Доминик, Панам, Уругвай, Гүрж, Хятад, Гватемал, Орос, Вьетнам, Ангол, Мексик, Никарагуа, Саудын Араб, Индонез, Сейшелийн арал, Сент Люсиа, Филиппин, Шри Ланка, Өмнөд Африк, Беларусь, Словак, Парагвай, Оман, Египет, Иордан, Кувейт, Сент Винсент, Гренада

-Монголд энэхүү эмчилгээг 2018 онд Монгол Эм Импэкс Концерн амжилттай нэвтрүүлсэн. Цаашдаа чихрийн шижин өвчний хөлний шархны эмчилгээний үр дүн, хүртээмжийг сайжруулах чиглэлд Монгол улстай хамтран ямар ажлуудыг төлөвлөн ажиллаж байна вэ?

-2017 оноос бид Эрүүл мэндийн яам, Монгол улсын чихрийн шижин судлалын төв ялангуяа Монгол Эм Импекс Концернтэй ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүнийг бүртгэх, хэрэглэх болон Монгол эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр нягт хамтран ажилласаар ирлээ.

2018 онд энэхүү бүтээгдхүүнийг Монгол улсад бүртгэсний дараагаар манай дипломат төлөөлөгчийн газар болон Монгол Эм Импекс Концерн компани хамтран энэхүү бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг болон хүрээлэнгүүдэд хэрэглүүлэх техникийн талаарх олон удаагийн уулзалт, сургалт, хуралыг  зохион байгуулан Куба мэргэжилтнүүдийг Монголд урьж эмч мэргэжилтнүүдэд эмчилгээний арга барилын талаар зааж сургасан.

2019 онд Улаанбаатар хот дахь 1-р эмнэлэг, Монгол Эм Импекс Концерн болон Кубын Генетикийн инженерчлэл, биотехнологийн төв хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар чихрийн шижин өвчний хөлний шархлааны хүндрэлтэй өвчтөнүүдийн дунд тус бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд чухал алхам болсон юм. Дээрх гурван байгууллагын хооронд гарын үсэг зурсан баримт бичиг нь энэхүү өвчинтэй холбоотой шархлааны хүндрэлээс болж зовж шаналж буй чихрийн шижингийн өвчтөнүүдэд Кубын биотехнологийн ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх Монголын эмч мэргэжилтнүүдийн сургалтыг өргөжүүлэх боломжийг олгосон. Мөн Монгол Эм Импэкс Концерны зүгээс ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийн өвчтөнд очих хүртээмжийг сайжруулах, эмчилгээний зардлыг таатай нөхцлөөр төлөх боломжийг бий болгоход чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

Монгол улсад суугаа Кубын Элчин сайдын яам энэхүү хүчин чармайлтын нэгээхэн хэсэг болж хүний эрүүл мэндэд тустай, Кубын биотехнологийн дэвшил болсон ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийг хүнд хэцүү өвчний хүндрэлээс болж зовж шаналж буй Монгол өвчтөнүүдэд шууд хүргэхээр уйгагүй ажиллаж байна.

Энэ зорилгыг биелүүлэх, үргэлжлүүлэн урагшлах боломж бололцоог хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой улам бүр өргөжүүлсээр байна.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж