АНУ энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Иранаас хураан авсан их хэмжээний газрын тосоо Венесуэлд 40 сая ам.доллараар зарсан гэдгээ хэлжээ. Эргэн санавал, наймдугаар сард Вашингтон Иранд тавьсан хориг арга хэмжээнийхээ хүрээнд 174.9 сая литр, дөрвөн усан онгоц дүүрэн газрын тосыг Венесуэлрүү явж байх замд нь хурааж авсан билээ.
АНУ-ын өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Майкл Р.Шервин сэтгүүлчлэд “Иранаас хураан авсан дөрвөн онгоц газрын тосыг Венесуэлд зарснаар 40 сая ам.долларын ашиг олох болно. Энэ гайхалтай наймаанаас олсон ашгийг Ираны дэмжлэгтэй зохион байгуулагдсан алан хядах ажиллагаануудын хохирогчдод зарцуулах юм” хэмээн ярьжээ.
АНУ-ын шүүхийн зүгээс Ираныг зохион байгуулсан халдлагуудынхаа хохирлыг барагдуулахыг удаа дараа шаардаж байсан билээ. Хамгийн сүүлд гэхэд энэ оны долдугаар сард шүүгч Тегеранаас 1996 оны Саудын Араб дахь бөмбөгдөлтөд өртөж нас барсан 19 америк цэргийн хохирол 879.1 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Харин Иран хариуцлага хүлээн хохирол барагдуулахаас үргэлж татгалзсаар ирсэн бөгөөд эсрэгээр Иран, Иракийн дайнд АНУ Саддам Хусейнийг дэмжиж байсныхаа хариуцлагыг хүлээх ёстой хэмээх байр суурь илэрхийлдэг байна.
Венесуэл улс дэлхий дээр газрын тосны хамгийн их нөөцтэй орон гэгддэг ч эдийн засаг нь уналтад орсон учир Иранаас тусламж хүсч, газрын тосыг нь алтаар худалдан авч байсан юм.
Дональд Трамп Ираны хүчийг бүс нутгийн хэмжээнд сулруулахын хажуугаар Венесуэлийн удирдагч Николас Мадурог суудлаас нь буулгахыг эрмэлзэн ажилладаг билээ.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ