Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.10.30/ мэдээлэл хийж байна. Сүүлийн хоёр хоногт /2020.10.28-10.29/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1242 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулбал,
- Энэ сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 28 хүн
- Энэ сарын 16-нд Сөүл-Улаанбаатар транзит нисэх онгоцоор ирсэн 250 хүний давтан шинжилээ
- Энэ сарын 10-нд Токио-Улаанбаат чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 174 хүний давтан шинжилгээ
- Энэ сарын 9-нд Өмнөд Судан улсаас 214 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ
- Энхийг сахиулахаар үүрэг гүйцэтгэж буй 274 хүнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д эмчлүүлсэн 53 настай эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжжээ. Монгол Улсад нийт батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгээд байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчлүүлж байна. Тэдний найм нь биеийн байдал хүндэвтэр байгаа бол 19 хүний биеийн байдал хөнгөн байна.
ХӨЛ ХОРИОНЫ ХАТУУ ДЭГЛЭМИЙГ СЭРГЭЭХ ШААРДЛАГАТАЙ
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Дэлхийн улс орнуудад халдварын дэгдэлт дахин сэргэж байгаа нь хөл хорионы дэглэмийг эрт сулруулсантай холбоотой. Хөл хорионы дэглэмээ сулруулсан улс орнууд эргээд хатуу дэглэм баримталж эхэллээ. Иймд бид өнөөдрийг хүртэл халдварыг дотоодод алдаагүй амжилтаа хадгалж үлдэхийн тулд хүн бүр амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, орчноо цэвэрлэж дадах хэрэгтэй. Мөн олон хүн цуглаж болзошгүй үйлчилгээний газруудыг хаах арга хэмжээг сэргээх шаардлагатай. Хүйтний улиралд томуугийн өвчлөл коронавирусийн халдвар давхцаж буй энэ үед хүн бүр сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Гэтэл Монголын хууль гурав хоног гэгчээр нийтээрээ задгайрч байна гэх мэдээлэл маш их байна. Иймд хөл хорионы хатуу дэглэмээ эргэн сэргээж, хүн бүр амны хаалт зүүж, гараа тогтмол угааж сонор сэрэмжтэй байх нь чухал гэдгийг давтан хэлье гэлээ.
ОРОН НУТАГТ ХАЛДВАР АЛДАХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛД АНХААРЧ, БЭЛДЭЖ БАЙНА
Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн нислэгээр үе шаттайгаар татан авч буй. Энэ хүрээнд өнгөрсөн есөн сарын хугацаанд 100 удаагийн захиалгат нислэгээр 80 орчим улс орноос 19.754 иргэнээ эх орондоо авчирчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 59 байранд 2857 иргэн ажиглалтад байна. Улаанбаатар хотын 33 ажиглах байрт 2857 иргэн хяналтад байгаа бол орон нутгийн найман байранд 163 иргэн эмнэлэг, сувиллын ажиглалтад байна гэж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв.
Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт халдварыг алдахгүй байхад анхаарч, алба хаагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Одоогоор есөн аймагт халдварын голомтод ажиллах алба хаагчдыг бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах сургалт явуулжээ. Энэхүү сургалтыг 21 аймагт зохион байгуулах юм байна.
Холбоотой мэдээ