Covid-19: 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан бусдын төлөө амиа алджээ | News.MN

Covid-19: 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан бусдын төлөө амиа алджээ

Covid-19: 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан бусдын төлөө амиа алджээ

Covid-19: 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан бусдын төлөө амиа алджээ

“Эмнести Интернэшнл”-ээс дэлхийн 63 улс орны цар тахлын эсрэг хийж буй үйл ажиллагаанд судалгаа хийжээ. Улмаар “Заналхийлэл хүчирхийллийн дор, дуугарах эрхгүй, нүцгэн гараар “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэгсэд: “Ковид-19” цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг хамгаалж чадахгүй байна” нэртэй тайлан гаргасан байна.

Цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтныг зохих ёсоор хамгаалах нөхцөлийг хангуулахын тулд “Эмнести Интернэшнл” цогц зөвлөмжийг дэлхийн Засгийн газруудад өгчээ.

2020 оны есдүгээр сарын 3-ны байдлаар 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан “Ковид-19”-ийн улмаас нас барсныг тогтоожээ.

Зөвхөн Мексик улсад 1320 эрүүл мэндийн ажилтан нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Цар тахлын халдвар, нас баралтын төвшин өндөр байсан улсуудад, тухайлбал АНУ-д 1077, Бразилд 634 эрүүл мэндийн ажилтан нас барж, сүүлийн хэдэн сард халдварын хэмжээ эрс нэмэгдсэн Өмнөд Африкт 240, Энэтхэгт 573 эрүүл мэндийн ажилтан амь насаа алдаад буй нь түгшүүрийн хэмжээнд хүрснийг “Эмнести Интернэшнл”-ээс баримтжуулсан байна.

“7000 гаруй хүн бусдыг аврах гээд амь насаа алдах нь байж боломгүй зүйл болоод байна. Эрүүл мэндийн ажилтан бүр ажил дээрээ аюулгүй байх эрхтэй” гэж “Эмнести Интернэшнл”-ийн Эдийн засаг, нийгмийн шударга ёсны төлөө хэлтсийн дарга Стив Кокберн мэдэгдэв.

Цар тахалтай тэмцсэн энэ бүх хугацаанд Мексик, Бразил, АНУ зэрэг улсуудад эрүүл мэндийн ажилтнууд амиа алдсаар байгаа бол Өмнөд Африк, Энэтхэгт халдвар хурдацтай тархаж буй нь бүх улс орон арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна. Дэлхийн хамтын ажиллагаагаар бүх эрүүл мэндийн ажилтныг шаардлагад нийцсэн хамгаалалтын хэрэгслээр хангах баталгааг бий болгосноор тэд амь насаа эрсдэлд оруулахгүйгээр амин чухал ажлаа хийж чадах билээ.

“Эмнести Интернэшнл”-ийн Эдийн засаг, нийгмийн шударга ёсны төлөө хэлтсийн дарга Стив Кокберн “Дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, бүх эрүүл мэндийн ажилтныг шаардлагад нийцсэн хамгаалалтын хэрэгслээр хангах баталгааг бий болгох ёстой. Цар тахлын үеэр засгийн газрууд эрүүл мэндийн ажилтнуудыг баатрууд хэмээн өргөмжилж ирсэн боловч наад захын хамгаалах хэрэгслээр хангаагүйгээс болж олон ажилтан амиа алдсан нь цаасан малгай өмсгөж байсныг гэрчилнэ” гэж хэлжээ.

Мексикийн засгийн газар эрүүл мэндийн ажилтны нас, хүйс, ажил мэргэжил зэрэг бүх мэдээллийг агуулсан нас барагсдын нарийвчилсан бүртгэл хөтөлж байгааг “Эмнести Интернэшнл” онцлон тэмдэглэв.

Дэлхий дахинд “Ковид-19” тахал тархаж, хүн төрөлхтөн айдас, зовлонтой нүүр тулж буй энэ цаг үед иргэдээ эрүүл, аюулгүй байлгахын төлөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнс, ариун цэврийн болон бусад нэн шаардлагатай үйлчилгээг Засгийн газрууд үзүүлсээр байна. “Ковид-19” халдварт өвчний тархалтыг нэн яаралтай зогсоох арга хэмжээ авах шаардлага нь хүний эрүүл байх, амьд явах эрхийг хангах үүрэгтэй шууд холбоотой юм.

Монголын “Эмнести Интернэшнл”-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг, дэд дарга Р.Очирбал, Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар уг тайланг ЭМЯ-ны удирдлагад гардуулан, “Ковид-19” цар тахлын үеийн хүний эрх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, ажилтны нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Уг судалгаанаас хойш “Эмнести Интернэшнл” мэдээлэл судлаачидтай хамтран ажиллаж, эрүүл мэндийн ажилтнуудын амь нас, аюулгүй байдалтай холбоотой олон тооны эх сурвалжаас авсан мэдээллийг тогтмол хянаж, нэгтгэж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж