Францын нийслэл Парис хотод энэ сарын 16-ны өдөр зургийн хичээлдээ исламын шашны зөнч Мухаммедыг шоглож зурсан “Charlie Hebdo” сэтгүүл ашигласан дунд сургуулийн багшийн толгойг тасадсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдэгч нь 18 настай чечень залуу байсан бөгөөд тус улсын эрх баригчид үүнийг харгис террорист халдлага, зөвхөн хувь хүний эсрэг биш, Францын Бүгд найрамдах улсын эсрэг үйлдсэн гэмт хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Цагдаа нар гэмт хэрэгтнийг газар дээр нь буудан хөнөөсөн.
Уг хэргийн дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон харамсалтайгаар амиа алдсан багшид төрийн дээд шагналыг нөхөн олгох шийдвэр гаргаж, исламын радикал үзэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм.
Түүний энэхүү мэдэгдлийг исламын шашинт орнууд хүндээр хүлээн авч, бусдын шашин шүтлэгт хүндэтгэлгүй хандлаа, соёлоор ялгаварлан гадуурхсан үзэл гаргасан хэмээн буруутгаж эхлэв. Тухайлбал, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ард иргэддээ Францын бараа бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалсан бол Саудын Араб, Кувейт зэрэг улс Францад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоож эхэлжээ. Мөн Иран, Катарын эрх баригчид Францын Ерөнхийлөгчийн байр суурьт харамсч буйгаа илэрхийлсэн байна.
Тэгвэл дээр дурдсан харгис хэрэг болсноос ердөө хоёр долоо хоногийн дараа буюу өчигдөр /2020.10.29/ Франц улсад дахин аймшигт хэрэг гарчээ. Тус улсын Ницца хотод байрлах нэгэн сүмд мөн л хутгаар зэвсэглэсэн этгээд мөргөлчид рүү халдаж гурван хүний аминд хүрсэн байна. Гурван хохирогч нь 44-60 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байв. Гэмт этгээд 60 настай эмэгтэйн толгойг тасдаж, 55 настай эрэгтэйн хоолойг нь хэрчиж, 44 настай эмэгтэйг хэдэнтээ хутгалан хөнөөжээ. Цагдаа нар удалгүй ирсэн ч оройтсон байсан бөгөөд хэрэгтнийг газар дээр нь шархдуулж, баривчилсан байна. Гэмт этгээд нь 21 настай, нэг хоногийн өмнө тус хотод ирсэн Брахим Айоуссаой хэмээх тунис эр байсан гэнэ. Тэрбээр энэ сарын эхээр Франц улсад нэвтэрсэн ба Италийн Улаан загалмайн нийгмлэгийн ажилтан гэсэн бичиг баримттай байжээ. Гэмт хэрэгтэн баривчлагдах үедээ “Аллах Акбар” хэмээх исламын шашны магтаалыг тасралтгүй уншиж байсан гэнэ.
Ийнхүү хагас сарын дотор хоёр удаа ийм аймшигт, хэрцгий аллага гарсан учир тус улсын нийгэм цар тахлын хажуугаар бас нэгэн айдаст автаад байна. Францын Ерөнхийлөгч Макрон дахин халдлага гарч болзошгүй учир сургууль болон сүмүүдийг хамгаалуулахаар 7000 орчим цэргийг байрлуулаад байгаа аж.
Үүнээс гадна өчигдөр Авиньон хотод гар буутай этгээд цагдааг буудахыг завдсан учир гэмт этгээдийг газар дээр нь аюулгүй болгосон бол Саудын Арабын Жидда хотод байрлах Францын консулын газрын хамгаалалтын ажилтан руу мөн л зэвсэгт этгээд халдсан байна.
“CHARLIE HEBDO” СЭТГҮҮЛ БА ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА
“Charlie Hebdo” гэдэг нэр нь 2015 онд зэвсэгт этгээдүүд Парис дахь сэтгүүлийн оффис руу хүчээр орж, 12 хүний амийг хөнөөсөн террорист халдлагыг санаж буй хэн бүхэнд танил нэр юм. Халдлага үйлдэгчид Мухаммедийн өшөөг авч байгаа гэж тухайн үед мэдэгдэж байв. Өдөөн хатгасан, ихэвчлэн доромжилсон зураг, нийтлэлээрээ алдаршсан “Charlie Hebdo” сэтгүүлд 2012 онд бошиглогчийн шог зургуудыг нийтэлж байжээ. Тэр үед мусульманчууд бошиглогч Мухаммедийн шог зургийг нийтэлсэнд бухимдаж буйгаа илэрхийлж байсан юм.
Дунд сургуулийн багшийн хэргийн дараа Ерөнхийлөгч Макрон сэтгүүлд гарсан зургийг хориглохгүйгээ мэдэгдсэн бөгөөд үүнийг исламын шашинт улс орнууд ихээхэн эсэргүүцэж, шашин шүтэх эрх чөлөөнд халдаж, бурхан шүтээнийг нь доромжиллоо гэж үзсэн байна.
Ираны “Watane Emruz” сонин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг зөнч Мухаммедын шог зургийг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа өөрийг нь эрлэгийн элч мэтээр шоглон зурж, Францын төрийн тэргүүний шог зургийг “Парисын эрлэг” гарчигтай тэргүүн нүүрэндээ нийтэлжээ.
Үүний өмнөхөн нь “Charlie Hebdo” шог сэтгүүл Туркийн Ерөнхийлөгчийг элэглэсэн зураг хэвлэгдсэн нь Туркийн эрх баригчдыг бухимдуулж, тус улсын эрх баригчид уг сэтгүүлийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан юм.
Дээрх халдлагууд Францын иргэний нийгэм дэх хурцадмал байдлыг харуулж байгаа бөгөөд тус улс нь нь үг хэлэх, шашин шүтэх эрх чөлөөг үнэт зүйлийнхээ нэг гэж өөрсдийгөө өргөмжилдөг. Францад таван сая мусульман шашинтан амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь улсын хамгийн ядуу, буурай хэсэгт амьдардаг. Тэднийг Францын нийгэм шууд биш ч ерөнхийдөө гадуурхсан хандлагатай байдаг. Францын мусульманчууд хэт даврах үзэлтнүүд биш боловч нийгэм нь тэднийг ингэж хардаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тэр ч байтугай гомдох эрх нь Францын нийгмийн тулгын чулуу юм. Гэтэл энэхүү хоёр эрх чөлөө харшилдаж буй нь эдгээр аймшигт үр дүнд хүргэж байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ