Олон улсад болон дотоодод өрнөж буй нийгэм, эдийн засгийн хямралаас үүдэн өнөө жил ам.доллар ханшийн тогтворгүй болсон. Ам.долларын ханшийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, ам.долларын ханш тогтворжих эсэх талаар сурвалжиллаа.
Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт зах зээлд арилжаа хийгддэг. Монголбанкны зарласан валютын ханшийн мэдээллээр өнөөдөр нэг ам.доллар 2852 төгрөг байгаа юм. Харин “Найман шарга” худалдааны төвд нэг ам.доллар 2854, арилжааны банкуудад 2854-2860 төгрөгтэй тэнцэж байна. Тасралтгүй өсч буй долларын ханш иргэдийн амьдралд шатахуун, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд илүүтэй хүндээр тусдаг. Сарын цалин, тэтгэвэр, тэтгэмж нь хэрэгцээгээ хангах хэмжээнд хангалттай байж чадахгүй байгаад иргэд бухимдаж байна. Учир нь валютын ханш зөвхөн ам.доллар солиулахад бус өдөр тутмын амьдралд орлогоосоо давсан зарлагыг нийгэмд бий болгож байна гэж олон нийт үзэж байгаа аж.
“Найман шарга” төвийн ченжүүдийн хэлж буйгаар арилжааны банкуудад ханш өсвөл дагаад өсгөдөг гэнэ. Энэ жил ам.долларын эргэлт муу, 3-4 дахин буурсан нь цар тахал болооод сонгуультай холбоотой гэж тэд тайлбарлаж байв. Хэрэв долларын ханш суларч, төгрөгийн үнэ цэнэ нэмэгдвэл өгөх, авах хүндээ хэн хэнд нь ашигтайг ч тэд онцолж байв.
“Найман шарга” арилжааны захын үйлчлүүлэгч Д.БАЯРДЭЛГЭР:
-Долларын ханш өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй өссөн. Манайхан гадаад улс орноос бараагаа ихэвчлэн доллараар авдаг учир ханш буурахгүй байна гэж миний хувьд үзэж байгаа. Хэрэв гадаад улс оронтой хийх худалдаа, арилжааны гэрээ хэлэлцээрийг жишээлбэл, ОХУ-тай хийх хоёр орны гадаад худалдааг доллараар биш тухайн улсын мөнгөн тэмдэгт рублиэр хийвэл манай улсад ашигтай. Гэтэл заавал доллараар худалдаа хийж байгаа нь валютын ханшийг өнөөдрийн хэмжээнд өсгөж байна. Цаашид Монгол улс бусад орны хамтын ажиллагаа, тэр дундаа худалдааны сэдэвт анхаарч ажиллаж чадвал долларын өсөлтийг саармагжуулах боломжтой болов уу.
Ингээд ам.долларын ханш иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар байр суурийг нь сонирхлоо.
ИРГЭН Б.ЯНЖМАА:
-Валютын ханш өсөх нь ард иргэдийн амьдралд тэр дундаа тэтгэврийн хөгшчүүлийн хувьд маш хүндээр тусдаг санагддаг. Сард авдаг хэдэн төгрөг маань өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд ч юм уу, бензиний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэхэд бүр хүрэлцээгүй болдог. Бид 3000 долларын цалинтай Америк хүнтэй харьцуулахад дундаж цалин маань сард нэг сая төгрөг хүрэх үгүйтэй. Гэтэл манай улсад зарагдаж байгаа хүнс, өргөн хэрэглээний бараа маань тэр гаднын орныхоос 3-4 дахин өндөр үнэтэй худалдаалагддаг. Үүнээс болоод бид үр хүүхдэдээ хуримтлал ч үүсгэж чадахгүй байгаа юм.
ИРГЭН Ц.УЯНГА:
– Би валют солиулах гээд банкинд хандаж үзчихээд арилжааны захад ирсэн. Банкны хувьд доллар солиулахад маш хүндрэлтэй. Мөнгийг хүн хэрэглээндээ захиран зарцуулж, хэрэглэдэг байтал банк заавал шинэ мөнгө авна гэдэг. Энэ нь нэг талаар буруу шүү дээ. Гадаадын улс оронд төдийгүй Монголдоо ч мөнгийг индүүдсэн юм шиг авч явах нь хэцүү асуудал. Мөн дараагийн нэг зүйл нь ченжүүд хуучин долларыг авахдаа ханшийг нь буулгаж авдаг. Тиймээс гадаа зогсож байгаа ченжүүдэд валют солиулах нь нэг талаар амар. Харин нөгөө талаар эрсдэлийг бодож үзвэл арилжааны банк дээр гэж боддог. Ам.долларын ханш өсөх нь зөвхөн валют солиулах гэж байгаа хүмүүсийн хувьд тулгамдаж байгаа асуудал биш юм. Учир нь валютын өсөлтийг дагаад нийгэмд бараа бүтээгдэхүүн төдийгүй олон зүйлийн ханш харилцан хамааралтайгаар нэмэгддэг. Биднийг “Найман шарга” төвд очиход үйл ажиллагаа явуулж буй арав орчим ББСБ, 20 орчим нэгж, арилжааны хоёр банк байлаа. Тэдгээрээс тодруулахад энэ жил коронавирус, сонгуультай холбоотойгоор эдийн засагт валютын ханшийн өсөлт эрчимтэй байсан. Харин аравдугаар сард валют солиулах иргэдийн тоо харьцангуй нэмэгдэж байгаа. Цаашид энэ он дуустал валютын ханш тогтвортой байх магадлалтай гэж тооцоолж буйгаа мэдээлсэн юм.
ИРГЭН Д.ГАНБАТ:
-Валютын олдоц бол өвөлтэй харьцуулахад сайн байна. Гэхдээ ханш бол үүсээд байгаа олон асуудлаас болж нэмэгдсэн нь үнэн. Харин одоо үүнийг хэрхэн тогтвортой тогтоон барих вэ? гэдэгт анхаарах нь зүйтэй. Хэрэв долларын ханш өссөөр байвал бензин, түлшнээс эхлүүлээд барааны үнэ хүртэл нэмэгдэнэ шүү дээ.
Иргэдийн болон эдийн засагчдын хэлж буйгаар манай улс гадаад худалдаагаа сайжруулах буюу дотоодын бараа, бүтээгдэхүүнийг эрчимтэй, тогтвортой экспортолж, дэлхийн бусад улсаас хөрөнгө оруулагч татаж чадвал валютын нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын зах зээл дээрх валютын ханшийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлэх боломжтой байна. Иймд иргэн бүр валютын ханшийн өсөлтийг импортын барааны үнээр төсөөлөхөөс илүүтэй хэрхэн гадаад худалдааны оролцон тоглогч болох тал дээр анхаарч, валютын өсөлт эдийн засгийн олон талт зүйл болдог гэдгийг чухалчлах нь зүйтэй болов уу.
ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ НЬ ХАНШ ӨСӨХӨД НӨЛӨӨЛДӨГ
Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.
– Он гарснаас хойш ам.долларын ханш хэр тогтвортой байна вэ?
-2020 он гарснаас хойш ам.долларын ханш 4.4 хувиар төгрөгийн эсрэг өсөөд байна. Энэ өсөлт наймдугаар сарын 25-наас харьцангуй тогтворжсон. Өсөлтийн гол шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор болон төлбөрийн тэнцлийн алдагдал өссөн зэрэг юм. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн алдагдал тавдугаар сард 1.1 тэрбум ам.доллар байсан. Харин өнөөдрийн байдлаар 470 сая ам.долларын алдагдалтай байгаа буюу үндсэндээ 700 орчим сая ам.долларын алдагдал буурсан байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал өссөн нь гадаад худалдаа, урсгал дансны тэнцлийн алдагдал өссөнтэй холбоотой. Мөн худалдаа хөгжлийн банкны бондын төлөлт хийгдсэн байгаа. Түүнээс хойш нөхцөл байдал сайжирч, валютын ханшид тогтвортой байдал үүсч байна.
-Нийт хадгаламжийн хэдэн хувийг валютын хадгаламж эзэлж байна?
-Хадгаламжийн хэмжээ наймдугаар сарын байдлаар 16 их наяд төгрөгийн үзүүлэлттэй байна. Үүний 31 орчим хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байгаа юм. Сүүлийн жилүүдтэй харьцуулахад энэ үзүүлэлт нилээд өссөн. Чухамдаа валютын хадгаламжийн өгөөж нь төгрөгийн хадгаламжаас бага байдаг гэдгийг иргэд төдийлөн тооцоолдоггүй. Гэхдээ валютын ханш сүүлийн хоёр сар тогтворжиж эхэлснээр гадаад валютын хадгаламж нээх тохиолдол буурч байна. Мөн валютаар зээл олгох үзүүлэлт арав орчим хувь байгаа юм. Тэгэхлээр энд том зөрүү гарч, эргээд эдийн засагт хүндрэл үзүүлдэг. Хадгаламжийн долларжилт буюу валют руу шилжих үзэгдэл нь иргэдийн өөрсдийн хүлээлтээс үүсдэг. Нэгдүгээрт зах зээлийн нөхцөл байдал цаашлаад валютын ханш өснө гэж үзэж, төгрөгийн хадгаламжаа гадаад валют руу хандуулдаг.
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН ХОЁР САР ХАРЬЦАНГУЙ ТОГТВОРЖСОН
-Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх жилийнхтэй харьцуулбал?
-Өмнөх оны мөн үед ам.долларын ханш 2690 төгрөг байсан. Үндсэндээ бол төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаан хувь суларсан байгаа. Энэхүү сулралтад дотоод хүчин зүйл буюу төлбөрийн тэнцлийн алдагдал, нөгөө талаас гадаад хүчин зүйл болох бусад улс орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин таагүй болсон зэрэг хамаарч байна. Дийлэнх улс орны валютын ханш савлагаанд орж, Турк лира 15 хувь, Бразил реал 30 орчим хувийн сулралт үзүүлсэн. Мөн төгрөгийн болон долларын эсрэг рубль сулраад байгаа. Тэгэхлээр бусад улс орнуудад ч мөн валютын ханш суларсан гэж ойлгож болно. Санхүүгийн хямрал эхэлснээс хойш долларын хувьд Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг чангаруулах бодлого баримталж ажиллаж байсан. Энэ нь дам нөлөөгөөр тодорхой хэмжээнд валютын ханшинд өнгөрсөн оны төгсгөл хүртэл нөлөөлсөн. Харин он гарснаар бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний үнэ цэнийг хямдруулсан. Юанийн хувьд БНХАУ-ын Ардын банк бага ханшинд барих бодлого баримталдаг байсан. Харин энэ онд эсрэгээрээ юанийн ханшийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэх буюу валютын интервенцийг бууруулаад байгаа. Өөрөөр хэлбэл юань долларын эсрэг сул байдаг байсан бол одоо юань долларын эсрэг чангарах нөхцөл байдал ажиглагдаж байна. Үүнтэй харьцуулахад Монголд валютын ханш харьцангуй тогтвортой байгаа.
-Ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулах боломжтой юу?
-Мэдээж долларын ханш зах зээлийн зарчмаар тогтох ёстой. Үүнд валют зохицуулалтын хуулиар зохицуулалт хийдэг. Монгол улсад валютын ханшинд богино хугацаанд хэтэрхий өөрчлөлт орох нь эрсдэлийг үүсгэх магадлалтай гэж үздэг тул Монголбанкнаас тодорхой хэмжээнд интервенци хийдэг. Үүнийг удирдлагатай хөвөгч систем гэж олон улсад нэрлээд байдаг. Урт хугацааны шийдлийн хувьд Монголбанкнаас шууд оролцоход хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл гадаад худалдааг сайжруулах буюу дотоодын олон бараа, бүтээгдэхүүнийг экспортолж, дэлхийн бусад улсаас хөрөнгө оруулагч татаж чадвал валютын нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын зах зээл дээрх валютын ханшийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлэх боломжтой гэсэн үг юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ