Дээд лигийн 26 дахь улирал түүх болж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Дээд лигийн 26 дахь улирал түүх болж үлдлээ

Дээд лигийн 26 дахь улирал түүх болж үлдлээ

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирал шинэ коронавирусийн улмаас бүтэн жил үргэлжилж аварга багаа, тэргүүн тоглогчоо тодрууллаа. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ өнгөрөгч 26 дахь улирлаа үдсэн "Дээд лиг"-ийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.


АЛДАР ТАНАН ГАРЬД, SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГУУД НОЁЛСООР

SBL Хасын Хүлэгүүд баг Т.Санчиргүй, Ж.Батжавхлангүй, Ч.Очирбатгүй улирлыг эхлүүлсэн бол Алдар Танан Гарьд баг Ц.Азбаяргүй, багийн гарааны холбон тоглогч М.Тэлмэнгээ гэмтэлд алдсан байдалтай улирлыг эхлүүлсэн. Мөн Эрдэнэтийн Уурхайчид болон 23 Storms гэх багууд байгуулагдан лигт шинээр орж ирсэн нь энэ жилийн “Дээд лиг”-ийн аварга багийг таамаглахад улам хэцүү болгож байв. Гэвч хөлбөмбөгийг хоёр баг тоглоод эцэст нь Германчууд хождог гэдэг шиг шинэ коронавирусийн улмаас найман сар завсарлаж, эцэст нь эргэн ирсэн “Дээд лиг”-ийн энэ улирлын шигшээ шатанд Алдар Танан Гарьд, SBL Хасын Хүлэгүүд багууд дахин шалгарсан. Алдар Танан Гарьд баг улирлыг амжилтаараа тэргүүлж плей-оффын нэгдүгээр шатыг өнжсөн бол SBL Хасын Хүлэгүүд баг плей-оффын нэгдүгээр шатанд лигийн шинэ цэргүүд болох Багануур Тулнууд багийг ялж, дараагийн шатанд шалгарсан. Харин плей-оффын хоёрдугаар шатанд Алдар Танан Гарьд баг О.Баярцогт дасгалжуулагчаар удирдуулсан хүчирхэг бүрэлдэхүүнтэй 23 Storms багийг цуврал таван тоглолтонд хожиж, аварга багийн зангараг харуулав. SBL Хасын Хүлэгүүд багийн хувьд Ш.Сэдбазарын Хан-Уул Хангарьд багийг мөн цуврал таван тоглолтонд буулган авч 2012 оноос хойш долоо дахь удаагаа, сүүлийн таван жил дараалан лигийн аваргын төлөө шалгарсан юм.

SBL Хасын Хүлэгүүд болон Харцага багууд тус бүр зургаан удаа лигийн аварга болсон үзүүлэлтээрээ бүх багийг тэргүүлдэг бол Алдар Танан Гарьд баг хоёрдахь удаагаа ийнхүү түрүүллээ.

ТЭРГҮҮН ТОГЛОГЧИЙН ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮН БАЙЛАА

Өнгөрөгч улирлын “Дээд лиг”-ийн тэргүүн тоглогчийн шагналд хэд хэдэн хүчтэй өрсөлдөгчид байлаа. Аваргалсан багаас хамгийн олон санал авсан тоглогчийг "ТЭРГҮҮН ТОГЛОГЧ"-оор тодруулах дүрэмтэйгээр баг тус бүрээс нэр дэвшигч болгон гурван тоглогчийг дэвшүүлсэн. Тухайлбал, аваргын шатанд үлдсэн SBL Хасын Хүлэгүүд багийн ахлагч, лигийн тэргүүн тоглогч Б.Билгүүн, өнгөрсөн жилийн лигийн тэргүүн тоглогч О.Сэргэлэн, плей-оффт гайхалтай байсан С.Өрнүүнбилэг, Алдар Танан Гарьд багийн гол лидер Э.Эрдэнэцогт, улирал, плей-оффт тэгш тоглолтыг үзүүлсэн А.Тэмүүжин, дундын зайн шилдэг шидэгч, лигийн тэргүүн тоглогч О.Ууганбаяр зэрэг тоглогчид 2019-2020 оны тэргүүн тоглогчийн шагналын эзэн болох магадлал өндөр байлаа.

Ийнхүү Алдар Танан Гарьд баг түрүүлснээр аварга багаас лигийн тэргүүн тоглогч тодрохоор болж А.Тэмүүжин зургаан багийн дасгалжуулагч, лигийн гурван шүүгч, комиссар, хэвлэл мэдээллийн төлөөлөл гэсэн хүмүүсээс таван санал авч 2019-2020 оны лигийн тэргүүн тоглогч болсон юм.

Дээд лигийн үе үеийн тэргүүн тоглогчид

  • 1994-1995 оны улиралд Т.Түвшинбаяр (Азийн чоно)
  • 1995-1996 оны улиралд О.Баярсүх (Алтайн бүргэдүүд)
  • 1996-1997 оны улиралд Ж.Майбаяр (Генералууд)
  • 1997-1998 оны улиралд О.Болор (Бизнесийн чөтгөрүүд)
  • 1998-1999 оны улиралд Ц.Шаравжамц (Тас 1+11)
  • 1999-2000 оны улиралд М.Отгонбаяр (А.М-ийн азарганууд)
  • 2000-2001 оны улиралд Т.Түвшинбаяр (Азарганууд)
  • 2001-2002 оны улиралд Д.Ганцогт (Баганат өргөө)
  • 2002-2003 оны улиралд Б.Пүрэвдорж (Хангайн харцага)
  • 2003-2004 оны улиралд Лиг завсарлав
  • 2004-2005 оны улиралд Г.Ихбаяр (Баганат өргөө)
  • 2005-2006 оны улиралд Ш.Сэдбазар (Хасын хүлгүүд)
  • 2006-2007 оны улиралд Б.Одбаяр (Шаркс)
  • 2007-2008 оны улиралд Д.Батэрдэнэ (Хасын хүлгүүд)
  • 2008-2009 оны улиралд О.Сайнбаяр (Хасын хүлгүүд)
  • 2009-2010 оны улиралд О.Ууганбаяр(Хасын хүлгүүд)
  • 2010-2011 оны улиралд Ц.Мэргэн (Энэржи Рэсүрс харцага)
  • 2011-2012 оны улиралд К.Уиллиамс (Хасын Хүлгүүд)
  • 2012-2013 оны улиралд Б.Одбаяр (Энэржи Рэсүрс харцага)
  • 2013-2014 оны улиралд Б.Билгүүн (SBL Хасын хүлгүүд)
  • 2014-2015 оны улиралд Д.Мөнхтүвшин (Их өргөө Аравтууд)
  • 2015-2016 оны улиралд Т.Санчир(Баянгол Сентоза Ирвэсүүд)
  • 2016-2017 оны улиралд Т.Санчир (SBL Хасын Хүлэгүүд)
  • 2018-2019 оны улиралд О.Сэргэлэн (SBL Хасын Хүлэгүүд)
  • 2019-2020 оны улиралд А.Тэмүүжин (Алдар Танан Гарьд)

Лигийн тэргүүн тоглогчийн шагналаас гадна "Оны шилдэг хамгаалан тоглогч"-ийн шагналд хэд хэдэн хүчтэй өрсөлдөгчид байв. Шагналын эзэн О.Очирбатаас гадна SBL Хасын Хүлэгүүд багийн хамгаалалтын цөм болсон Т.Мэндбаяр, багийн ахлагч Б.Билгүүн, Алдар Танан Гарьд багийн тоглогч, лигийн хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч Г.Билгүүн зэрэг тамирчид ч сайн байсан гэдгийг тэдний үзүүлэлтүүд харуулсан.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА

Өнгөрөгч улирлын “Дээд лигт” хэд хэдэн залуу тоглогчид үзэгчдийг анхааралд өртөв. Тодруулбал, МУГТ Ц.Шаравжамцын отгон хүү, энэ жил 18 нас хүрэх Ш.Энхийн-Од Монголын сагсан бөмбөгийн ирээдүй гэдгээ “Дээд лиг”-т хийсэн цөөн тоглолтуудаараа харуулав. Тэрбээр энэ улиралд лигийг хаалт хийсэн үзүүлэлтээрээ тэргүүлж, плей-оффын шатанд SBL Хасын Хүлэгүүд багийн эсрэг 34 оноо авч багаа тоглолтоороо манлайлсан. Түүнээс гадна багаа лигийн хүрэл медаль хүртэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн энэ жил 18 настай А.Ган-Эрдэнэ, шинэхэн спортын мастер, улирлын турш багийнхаа гол тоглогчдын нэг байсан Ц.Сэргэлэнбаатар, “Оны шилдэг залуу тоглогч”-ийн шагналт А.Энхбаясгалан, хэдийнэ лигийн шилдэг тоглогчдын нэг болсон Т.Их-Уул, Багануур Тулнууд багийн гол тоглогчдын нэг Х.Анар-Эрдэнэ, “Шилдэг амжилт нь ахисан тоглогч” Г.Насанжаргал гээд Монгол сагсан бөмбөгийн ирээдүй болсон тамирчид олон байна. Эдгээр тамирчид удахгүй олон улсын тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргах биз.

Ирэх 2021 онд зохион байгуулагдах Азийн цомын урьдчилсан шатны сугалаа саяхан явагдаж зургаан хэсэгт 24 баг хуваагдан орсон боловч Монгол улс багтааж чадаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж