“Хүмүүс намайг Солонгос хүн гэдэгт итгэдэггүй”

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

“Хүмүүс намайг Солонгос хүн гэдэгт итгэдэггүй”

Гангарч болдоггүй, ганган цагаан

Гантиг сувдан бэлзэг минь

Амсаж болдоггүй, амины ганцхан

Амт нь дэндсэн амраг минь” хэмээн орчин цагийн залуусыг байлдан дагуулж буй “Gangbay” хамтлагийн дууг солонгос охин монгол хэлээр төвөггүйхэн дуулна. Түүнийг Чой Ерин гэдэг. Одоо 28 настай. “Би Монголд хайртай” гэх авьяаслаг бүсгүй яг л монгол хүн шиг ярьж, залуусын дунд өөрийн дуу хоолойгоороо хэдийнэ танил болоод буй.


-Дуу хөгжим сонирхогч залуусын дунд дуу хоолойгоороо хэдийнэ танил болжээ. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Монголд нэг жил гурван сарын өмнө ирсэн. Өмнө нь 2014 онд оюутан солилцоогоор ирж, нэг жил амьдарч байсан. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Солонгос улсын их сургуульд монгол хэлний мэргэжлээр бакалавраа хамгаалсан.

-Ер нь монголжуу төрхтэй бүсгүй юм. Монгол загвартай цамц маш сайхан зохиж байна?

-Тийм байна уу. /инээв/ Баярлалаа. Өнөөдөр хэвлэлд ярилцлага өгнө гээд дээлэн загвартай цамц өмссөн. Монгол хувцас өмсөх их дуртай. Хүмүүс намайг солонгос хүн гэдэгт ерөөсөө итгэдэггүй. Ер нь хүмүүс намайг монгол хүнтэй их андуурдаг юм. Би хамгийн сүүлд youtube /RINDY CHOI/ хуудаснаа солонгос дууны ковер хийж тавьсан.

Тэгсэн чинь намайг монгол хүн гэж бодоод “Солонгос хэлээр маш сайн дуулж байна” гэж сэтгэгдэл бичсэн байсан. Би хариуд нь “Баярлалаа би солонгос хүн байна” гэж бичсэн. Иймэрхүү тохиолдол олон гарна шүү. Би юм ярихгүй зүгээр суувал намайг шууд л монгол хүн гэж ойлгодог.

-Монгол хэлийг ч сайн эзэмшжээ. Ер нь монгол хэлийг хэр хугацаанд сурсан бэ?

-Би багаасаа гадаад хэл сурах сонирхолтой хүүхэд байсан. Их сургуульд суралцаж, мэргэжлээ сонгохдоо аав, ээж маань надад “Монгол хэл сурч үзвэл ямар вэ” гэж санал болгосон. Би ч саналыг нь дуртай хүлээн авсан. Яагаад гэвэл бусад гадаад хэлнээс өвөрмөц хэл сурмаар байсан. Бас хоёр улс сайн харилцаатай, монгол хэл мэддэг солонгосчууд цөөн байдаг учраас ирээдүйд хэрэгтэй гэж бодсон. Намайг ийм мэргэжлээр суралцана гэхэд найз нөхөд маань их гайхаж байсан л даа.

Солонгост анх монгол хэлийг сурч эхлэхэд авиаг нь хэлэхэд хатуу санагдаж байсан. Жишээлбэл, л, х, р гэх мэт солонгос хэлэнд байдаггүй үсгийг хэлэхэд хэцүү санагддаг. Би монгол хэлийг Солонгост гурван жил сурсны дараа 2014 онд Монгол анх удаа ирсэн. Солонгост сурсан гурван жилээс илүү Монголд байсан нэг жилийн хугацаанд монгол хэлийг сайн сурч, илүү сайжирсан.

-Солонгост монгол хэлний мэргэжилтэн хэр олон байдаг бол?

-Солонгосын хоёр их сургууль Монгол хэл, түүх судлалын ангитай. Манай сургууль Монгол хэлний мэргэжилтний ангитай бол нөгөө их сургуульд Монгол судлалын анги бий. Монгол Улсыг ёс заншил, уламжлал, түүх талаас нь судалдаг гэсэн үг.

-Монгол хэлээс гадна өөр хэлээр ярьдаг уу?          

-Би монгол хэлнээс гадна англи, япон хэлээр ярьдаг.

-Одоо хэчнээн монгол дуу сурав?

-Яг сурсан дуу гэвэл 20 орчим дуу бий. Би намуухан, уянгалаг дуу сонсч, дуулах дуртай. Монгол уран бүтээлчдээс дуучин Д.Болд, Б.Чойжилсүрэн буюу Чойжоо, Б.Сарантуяа, Б.Наранбаатар /Наагий/, А.Хишигдалайг сонсдог. Бас “San Juniper” залуусын хамтлагийн дуунд дуртай.

-Хамгийн анх сурсан монгол дуу гэвэл?

-Дуучин Чойжоогийн “Хүрч чадахгүй” дуу.

-Уянгын гоё дуу шүү?

-Маш гоё дуу. Би дуучин Чойжоогийн фен л дээ. /инээв/ Түүний дууг сонсох бүрт өөр өөр мэдрэмжийг мэдэрдэг. Тийм болохоор би дууг нь сонсох их дуртай. Анх “Опен мик” дээр дуучин Чойжоо зочноор ирэхэд нь өөрийгөө танилцуулж, дууг нь сонсох дуртай гэдгээ хэлж, бүр хамт зургаа авахуулсан.

-Дуу хөгжим сонирхогч залуусыг нэгтгэдэг “The open mic Mongolia” явуулын тайзнаа хэзээнээс дуулж эхлэв?

-Дуу дуулах нь миний хобби гэж хэлж болно. Солонгост байхдаа хэд хэдэн дуу ковер хийж, youtube хуудаснаа тавьж байсан. Харин Монголд хоёр дахь удаагаа ирсний дараагаар монгол дуу коверлож дуулж эхэлсэн.

Хоёр сарын өмнө өөрөө эрж, хайж “Опен мик” дээр очин, дуулж байлаа. Би өмнө нь гэртээ ганцаараа өмнөө камераа тавиад, гитартайгаар дуулдаг байсан. Анх удаа олон хүмүүсийн өмнө гарч дуулахад маш их сандарсан. Гэтэл хүмүүс сайхан хүлээн авч, надад урмын үгийг хэлэхэд нь маш их баярласан.

-Монголын орчин үеийн залуусын амьдралын хэв маягийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би өмнө нь 2014 онд Монголд анх удаа ирж байсан. Зургаан жилийн өмнө анх оюутан солилцоогоор ирэх үетэй харьцуулахад Улаанбаатар хот маш их хөгжсөн гэж хэлж болно. Хотын төвд өндөр барилгууд сүндэрлэж, залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх олон газар шинээр нээгдсэн байна.

Монголын залуус Солонгос улсын залуусаас илүү эрх чөлөөтэй амьдардаг гэж боддог. Учир нь, солонгос залуус өөр хүмүүсийн санаа бодолд хэтэрхий их санаа зовж, өөрийнхөө хүссэн зүйл юу болохыг мэдэхгүйгээр цагаа өнгөрүүлдэг. Харин Монголын залуус өөрийн сонирхсон чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, илэрхийлж чаддаг нь их таалагддаг.

.-Цаашид Монголд амьдрах уу. Их сургуулиа төгсөөд хаана ажиллах бол?

-Би одоо олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж байгаа. Цаашид энэ мэргэжлээрээ ажиллаж, хоёр улсын харилцааны гүүр болохыг хүсдэг. Бас монгол хэлээр өөрийн уран бүтээлийг гаргахыг хүсч, мөрөөдөж явдаг. Намайг монгол хэлээр гоё дуулж, сайн ярьдаг гэж урмын үгийг харамгүй хэлдэг хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Би Монгол улсад хайртай. Яагаад гэвэл тэр хайрыг монголчууд надад харамгүй өгдөг болохоор Монгол орон сэтгэлд минь дулаахан сайхан байдаг.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
287
ЗөвЗөв
23
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
13
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж